Одоогоос яг 18 жилийн өмнө буюу 2000 онд М-Си-Эс группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал Next Stop наадмын “Оны залуу”-ийн тайзан дээрээс “Бизнес-Хөгжлийн түлхүүр” хэмээх лекцээ тавьж байсныг санаж байна. Одоо бодож байхад энэ хүн тэр үед л өнөөдрийн Монгол улсын бизнесийн орчныг харчихсан, тодорхойлчихсон байсан байж. Саяхан 25 жилийн ойн дээр шилдэг 30 залуугийн лекцийн эмхэтгэл “Залуу удирдагч” шилжилтийн 25 жил гэсэн ном гаргасан байна. Түүнийг аваад уншиж байхад шилжилтийн 25 жилийн шилдгүүд ямар зоригтой, зорилготой, мэдлэгтэй, чадварлаг байсныг олж харж, тухайн үедээ эргэж очих шиг боллоо. Ж.Оджаргалын лекцийг дахин уншихад “Бид хэрхэн өсөж өндийв, яагаад хүний нөөц болон мэдээллийн менежмент чухал вэ, мэдлэгт суурилсан эдийн засаг ба мэдээллийн технологи, бизнесийн боломжийн тухайд, бизнесийн орчин” зэрэг дэд гарчигтай эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй, одоогийн бий болох группийнхээ төлөвлөгөөг тухайн үед танилцуулж байж гэж хармаар.
Тэгвэл Ж.Оджаргал 2017 оны Next Stop наадмын шилжилтийн 25 жилийн эдийн засаг, бизнесийн топ залуу болсон. 18 жилийн дараа тэр дахин лекцээ тавихнээ харин одоо юу ярих бол гэдэг нь олны анхаарлыг тэр дундаа залуучуудын анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Түүний лекцийг сонсохоор одоогийн байдлаар 4000 гаруй залуучууд Монголын Залуучуудын Холбооны myf.mn сайтад бүртгүүлсэн байна.