ОЙГОО ХАМТАРЧ ХАМГААЛНА

2018-05-02  

Дархан-Уул

Дархан, Сэлэнгийн ойн нөхөрлөлийн гишүүд уулзав. Тэд REDD+ ба ойн доройтол, хомсдолоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах сэдвээр мэдлэг чадвараа дээшлүүлэхээр бүтэн өдөр сургалтанд сууж, ойгоо нөхөрлөлүүд хамтарч хамгаалахын чухлыг онцлон хэлэлцүүлэг өрнүүллээ.

Манай орны нутаг дэвсгэрийн 8.03 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг нь тун өчүүхэнд тооцогддог. Энэ жаахан ойгоосоо жилд дунджаар 569 мянган шоо метр мод бэлтгэдгийн 93 орчим хувь нь түлээний мод, 7 орчим хувь нь үйлдвэрлэлийн хэрэглээнийх. Бага жаахан баялагаасаа огтолж тайрсанаас болоод ой улам л доройтон нөөц нь багассаар байна. Тэгвэл ойгоо яаж хамгаалах вэ? Хамгийн эхлээд мод бэлтгэх хэмжээг эрс багасгах шаардлагатай гэдгийг захын хүн л хэлдэг. Эхний арга хэмжээг авч гаднаас мод, модон материалыг илүү их оруулж ирэхийн тулд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж өгсөн. Энэ чухал шийдвэр болсон. Ингэснээр сүүлийн 3 жилд дунджаар 20.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 2 180 га ойн нөөцтэй тэнцэх мод, модон материалыг авчирсан. Мөн төмөр замын дэрэнд мод ашиглахыг хориглосноор жил бүр 25 мянган шоо метр буюу 225 га ногоон ойг огтлохгүйгээр хамгаалж үлдэж чадлаа. Цаашдаа ойгоо хамгаалахын тулд нутгийн иргэд, нөхөрлөлүүд юу хийх вэ хэмээн хэлэлцсэн нь энэ. Сургалт хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн БОАЖГ, Хонгор, Шарын гол сум, Цайдам, Хүйтний гол, Салхит баг болон, Сэлэнгэ аймгийн БОАЖГ, Зүүнбүрэн, Бугант, Баянгол, Дулаанхаан, Ерөө, Цагааннуур сумын ойн нөхөрлөлийн гишүүд 40 гаруй иргэд ирж оролцов.

Нийслэл хотоос ой тогтвортой хөгжил зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Бадамханд, мэргэжилтэн багш Г.Лувсанцэрэн, Г.Оюунтуяа, Өвөрхангай аймгаас Р.Болормаа, Орхон аймгаас Б.Аюуш,  Сэлэнгэ аймгаас Г.Цэнгэлзаяа, С.Эрдэнэсувд, Дархан-Уул аймгаас О.Хишигсүрэн, В.Элдэв-Очир нар нөхөрлөлийн гишүүдэд хичээл зааж харилцан ярилцаж хэлэлцүүлгийг удирдлаа. Улаанбаатар хотоос уригдсан мэргэжилтэн багш нар, хоёр аймгийн ойн нөхөрлөлийн гишүүд  сургалт хэлэлцүүлгээрээ санаа бодлоо чөлөөтэй солилцов.

Төрийн байгууллага ойн нөхөрлөлүүдийн хамтын ажиллагаа, нөхөрлөл хоорондын ажлын уялдаа холбоог дээшлүүлэх нь чухал байгааг анхаарууллаа. Сургалт хэлэлцүүлгийг өргөн бүрэлдүүнтэйгээр орон нутагт зохион байгуулсанд нөхөрлөлийн гишүүд ач холбогдол өгч, цаашдаа өөрсдийн ажиллаж амьдардаг халуун цэг дээр нь ирж ийм сургалт хийхийг санал болгов. Хил залгаа газрын ойн нөхөрлөлүүдийг хооронд нь уулзуулах, залгамж халаагаа бэлдэхийн тулд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд ой хамгаалах ач тусыг таниулсан мэдлэг олгох, нөхөн сэргээж хайрлах арга барилд сургах ажил хийнэ гэдгээ амлалаа. UN-REDD гэсэн өвөрмөц нэртэй үндэсний хөтөлбөрөө олон нийтэд улам таниулахад Дарханд болсон энэ удаагийн сургалт хэлэлцүүлэг ач тусаа үзүүлнэ гэдгийг нөхөрлөлийн гишүүд илэрхийлж байна.    

 

 

О.Хишигсүрэн.

Бурхантын хөндийн Найрамдлын хотоос.  2018 он  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?