МХЕГ-аас “Спишл майнз” ХХК-ийн талбай дээр асгарсан цианит хэвийн хэмжээнээс хэтрээгүй гэсэн тайлбар өгөөд байсан бол “Спишл майнз” ХХК-ийнхан өөрсдөө 3 ажилтан хордсон нь үнэн, эмчилгээ хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Энэ талаар “Спишл майнз” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Наранцэцэг:
"2018 оны 03 сарын 05-ны өдөр үйлдвэр дээр бага зэргийн осол гарсан. Тухайн ажлын байран дээр байсан манай ажилтан Амгалан ажлаа гүйцэтгэх явцдаа биеийн байдал нь эвгүйрхэж толгой эргэж дотор муухайрсан. Мөн Лхам, Эрболд гэх хоёр ажилчин байсан. Эдгээр гурван ажилтныг Монгол улсын Үндэсний хордлогын төвд хэвтэн эмчлүүлсэн, үүний дараа монгол улсдаа эрүүл мэндийн үйлчилгээгээрээ тэргүүлдэг ISO эмнэлгийг сонгон хэвтүүлэн эмчлүүлсэн хайр халамжаар дутаагаагүй” хэмээн ярилаа. Өөрөөр хэлбэл, гурван ажилтан хордсон нь үнэн болж, компани ч эмчлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм.
Харин хоёр ажилтан нь эмчилгээгээ дуусгаж ажилдаа орсон бол Амгаланг Хөх хот руу оношлогоо, эмчилгээ хийлгэхээр явуулсан байна. Уг нь Амгалан цоо эрүүл бөгөөд ямар ч ужиг өвчингүй гэдэг нь өмнөх жилүүдийн шинжилгээнүүдээр нь нотлогддог байна.
Гэвч одоо Амгалангийн биеийн байдал тааруу толгой, зүрх нь өвдөж байгаа тухай ар гэрийнхэн нь ярьжээ.
С.ШҮРЭНЧИМЭГ