ШИДЭТ ДОХИУР БА ХҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХ

2018-05-25  

Францын зохиолч Шарль Перро дэлхийн уран зохиолын ертөнцөд үлгэрийн сэдвээр маш олон тооны хүүхдийн зохиолыг туурвиж хойч үедээ өвлүүлснээрээ алдаршсан билээ. Түүний зохиосон Улаан малгайт, Чоно ба долоон ишиг, Үнсгэлжин гэх мэт бүтээлүүд нь дэлхийн уран зохиолын шидээвэр бүтээлүүдэд одоо ч гэсэн үнэ цэнээ алдаагүй байгаа билээ. Түүний туурвисан хамгийн алдартай зохиолуудын нэг болох Үнсгэлжингийн үлгэрт үнсэнд хутгалдсан зарц охин Эллагийн амьдралыг хормын дотор шидэт дохиурын үзүүрээр үүрд өөрчилдөг хэсэг хүн бүрийн дотоод оршихуйн ертөнцөд өнөөдрийг хүртэл оршсоор байдаг билээ.  

Нэлээд хэдэн жилийн өмнө ийм шидэт дохиур зөвхөн үлгэрт л байдаг гэж ойлгож байсан төсөөлөл маань хүүхдийн нэвтрүүлэг үзэж суусан миний хувьд эрс өөрчлөгдөж билээ. Хөтлөгч нэвтрүүлэгт оролцогч хүүгээс танай аав ямар ажил хийдэг вэ гэж асуухад “Замын цагдаа. Манай аав гэрээс гарахдаа шидэт дохиураа авч гараад эргэж ирэхдээ зөндөө их мөнгөтэй ирдэг гэж”  хариулснаас хойш замын хөдөлгөөн зохицуулагчийн дохиурыг олон нийт “шидэт дохиур” гэж нэрших болсон. Тухайн үед бэлнээр торгодог систем нь олон нийтээс багагүй  шүүмжлэл дагуулж  байсан.

Өнөөгийн байдлаар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөрчил гаргасан жолоочийг камераар баталгаажуулж зохих торгууль ногдуулдаг болсноос хойш бэлэн мөнгөөр торгодог систем халагдсан сайн талтай боловч шидэт дохиур хүний эрхийг зөрчих хэрэглүүр болсоор байна. Учир нь нийслэл хотын замын хөдөлгөөнийг зохицуулж буй зохицуулагч өөрийн үзэмжээрээ замын хөдөлгөөнд оролцогчийг дуртай үедээ, дуртай газраа зогсоож холбогдох баримт бичгийг шалгаж байгаа дүр зураг их хотын маань нэгэн өдрийн амьдралын салшгүй нэг хэв маяг болоод удаж байна. Эл байдалд ч та бид дасаж ёстой зүйл ёсоороо болж байгаа мэт ойлгодог. Гэтэл дэлхийн бусад улсад замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодож оролцож буй хүнийг зөвхөн зөрчил гаргасан тохиолдолд л зогсоож замын хөдөлгөөний зөрчлөөс урьдчилан сэргийлдэг журамтай. Өөрөөр хэлбэл, гэрлэн дохио зөрчих, аюулгүйн бүс зүүгээгүй байх, хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгсэл жолоодох үедээ утсаар ярих гэх мэт тохиолдлуудад л жолоочийн буюу хүний зорчих эрхийг хязгаарладаг байна. Энэ нь төр иргэнийхээ эрхийг хамгаалж буй нэг эрх зүйн зохицуулалт юм. Зүй нь зөрчил гаргаагүй л бол хүний чөлөөтэй зорчих, халдашгүй байх эрхийг хэн ч хязгаарлаж болохгүй гэсэн зарчим бусад улсын эрх зүйн орчинд үйлчилж байна. 

Гэтэл манай улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжид хүний чөлөөтэй зорчих эрхийг зөрчил гаргаагүй тохиолдолд хэн ч хязгаарлаж болохгүй гэсэн зарчим хуульчлагдаагүйгээс хөдөлгөөн зохицуулагч өөрийн үзэмжээр хүний халдашгүй байх, чөлөөтэй зорчих эрхийг зөрчиж байгаа нийтлэг хандлага практик болон хэвшжээ. Иймд сэжигтэй л бол зогсоож болно гэсэн эрх зүйн зохицуулалтаар хөдөлгөөн зохицуулагч хүний чөлөөтэй зорчих эрхэд бүдүүлгээр халдаж байна. Үүнийг батлах маш олон жишээг энд дурьдаж болно. Хөдөлгөөн зохицуулагч буюу замын цагдаа нь өөрийн үзэмжээр жолоочийг зогсоогоод ямар нэгэн байдлаар зөрчил илрүүлж торгууль ногдуулахыг урьтал болгодог. Эл байдал нь зохистой хэмжээнээс хэтэрч торгууль их ногдуулсан хөдөлгөөн зохицуулагчийг  шагнаж урамшуулах нэг шалгуур болж торгууль ногдуулах нь  уралдаан болон хувирч байсан түүх саяхан.

Хөдөлгөөн зохицуулалч амралтын өдрүүдээр хөдөлгөөн ихтэй уулзвар замуудад  жолооч бүрийг нэг нэгээр нь түр зогсоож согтуурлын хэмжээг тогтоох зорилгоор  үлээлгэх   төхөөрөмжөөр жолооч нэг бүрээр үлээлгэн шалгаж байгааг  цөөнгүй удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр  шүүмжлээд зогсохгүй хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд энэ арга барилаа  өөрчлөхийг   зарим хууль тогтоогч их хурлын хуралдаанд  анхааруулж байсан хэдий ч  үндэслэлгүйгээр   хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах   байдал үргэлжилсээр байна.

Дохиур дохих бүрт хүний эрх зөрчигдөж байгаа эл байдлыг халах чиглэлээр нэн даруй холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага практикаас урган гарч байна. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн гэрээнд заасан хүний халдашгүй дархан байх, чөлөөтэй зорчих эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах явдал таслан зогсоогдож улмаар дээрх зөрчил дахин давтагдахгүй байх эрх зүйн орчин бүрдэх юм.

 

 

М.Баттогтох

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:arga barilaa uurchluhgiu bol torguuliar tusuv burduuldeg heregsel bolloo doo tsagdaa 2018-05-26
tugaa:arga baril ni khotsrogdood baigaa ni unen dee zokhitsuulahaas umnu uridchilan sergiileh ajlaa hiih chigleleer ajla hiih ni zuv 2018-05-27
mongol:zurchil gargaad baigaa jolooch nariig torgoj chaddag boluu...tsagdaa zogsooloo ,uhaj tunhoj baigaad zaaval torgono.. 2018-05-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?