Ж.БАЯРМАА : СУМ ОРОН НУТГАА ГУТЛААР ХАНГАХ ЗОРИЛТ ТАВИАД АЖИЛЛАЖ БАЙНА

2018-06-05  

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймагт 22 нөхөрлөлийн 300 гаруй гишүүн бичил уурхай эрхэлж байна. Тэд бичил уурхайн зохион байнуулалтанд орж ажилласны олон давуу тал байгаа ч уурхай хаахад дараагийн ажлын байраа бэлдсэн байх нь ихэд чухал асуудал болдог билээ. Тиймээс бичил уурхайчдын зарим нь хоёрдогч ажлын байранд шилжиж үйлдвэрлэл эрхлэх арга, замаа олж байна. Тэдний нэг болох “Бэрх төгс” нөхөрлөлийн ахлагч Ж.Баярмаа бичил уурхайчнаас үйлдвэрлэгч болж гутлын цех ажиллуулж эхэлжээ.

Та бичил уурхай эрхэлж байгаад өөр ажлын байранд шилжсэн юм байна. Ажил нэг талара хөнгөрсөн гэж ойлгож болох уу?

Тийм. Жоншин дээр даарч, хөрөөд гадаа хүнд нөхцөлд ажилладаг байлаа. 20-30 метрийн гүнд ажиллана. Харин энд би өөрийн гэсэн гутлын цех ажиллуулснаар адаглаад л тав тухтай орчинд ажиллаж байна. Яваандаа цехээ томсгоод орон нутгаа хангадаг үйлдвэр болгоё гэж зорьж байна даа.

Сум орон нутагт өрхийн үйлдвэрлэл явуулахад худалдан авагч цөөтэй гэдгээс эхлээд хүндрэлтэй талууд бий шүү дээ. Таны хувьд энэ бэрхшээл тулгарч байна уу?

Би тоног төхөөрөмж багатай. Үүнээс болоод ажиллах хүч жаахан бага. Түүнээс биш худалдан авалт дажгүй. Надад болоод л байдаг юм. Дээрээс нь гутал завсар маш их орж ирдэг. Гуталнаас гадна цүнх, түрийвч ч хийнэ.

Сум орон нутгийн дэмжлэг хэр байдаг вэ? Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл гэх мэтэд хамрагдаж байв уу?

Анх гурван жилийн өмнө энэ гутлын цехээ ажиллуулж эхлэхдээ би манай хүний/нөхрийн/ захирал н.Мэндсайхан даргаас дэмжлэг хүссэн. “Цалингийн зээл өгөөч” гээд оронгуут надад зээл өгөхөөс гадна бүр зөвлөгөө өгөөд гаргаж байсан. Би их талархдаг. Манай сумын засаг дарга Г.Тайванжаргал ч бас нялх хүүхэдтэй, ажлын байргүй /жоншны олборлолт зогосчихсон/ болчихсон үед надад надад маш сайн тусалсан. Би эхлээд ажлын байргүй учраас гутлаа эхлээд гэрээрээ оёдог байсан. Маш их тоос босдог учраас Бат-Эрдэнэ/зах хариуцсан мэргэжилтэн / эгч дээр ирээд ажлын байрны асуудлаа ярихад надад энэ ажлын байрыг гаргаж өгсөн. Эдгээр хүмүүстэй их баярлаж явдаг.

Одоо захиалга ихтэй үед өглөө 06:00 цагт, ажлын бус өдрүүдээр 08:00 цагт ирээд орой 10 болтол ажилладаг даа.

Өдөрт хэдэн гутал гаргах боломжтой байна?

Одоо бид гурвуулаа ажиллаж байна. Би эсгүүр, оёдлоо хийнэ, манай хүн уллагаа, нөгөө хүн маань эсгүүрээ хийнэ. Захиалга сайн орж ирнэ. Нэг гутал 2-3 өдөрт гараас гарчихдаг.

Хэдэн төрлийн загвартай гутал оёж байна?

Янз бүрийн л загвартай гутал хийнэ. Хүмүүс өөрсдөө энд, тэндээс загвар харж ирээд түүнийг нь дуурайлгаад ч хийдэг. Гэхдээ ихэнхдээ цагаан ултай гутал болон хүүхдийн гутал хийж байна. Хром, израйль, таавчиг ч мөн хийж байна. 

Тухайлбал хүүхдийн гутал хэдэн төгрөгөөр гарах вэ?

Хүүхдийн гутал 25-35 мянган төгрөгийн хооронд л гардаг. Хром бол 100-135 мянган төгрөгийн хооронд л багтдаг.

Өрхийн орлого өөр болсон уу?

Дан ганц жоншноос хамааралтай байсан үеийнхээс шал өөр болсон. Хүүхдүүд маань ч хүртэл бидний хөдөлмөрийг үнэлдэг болж байна. Хичээлээ тараад хоол бариад гүйгээд ирдэг болсон. Ард түмэн ч их сайхан сэтгэлтэй. Төрөл бүрийн санаа өгдөг дөө.

Баярлалаа.

 

 

 С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?