ЗАЛУУ “ҮЕ”-ЭЭ НУХЧИН ДАРСААР Л БАЙХ УУ?

2018-06-18  

Аливаа зүйл шинэчлэгдэж өөрчлөгдөж байж хөгждөг болохоос өнгөрсөнтэйгөө зууралдах тусам сүйрэл рүүгээ ойртож эхэлдэг нь байгалийн жам. Тэгвэл манайд хөгжиж дэвшихийг биш өнгөрсөнтэйгөө зууралдахыг илүүд үздэг нэг хэсэг бол улстөр. Уг нь нийгэм, цаг үе маань залуу үеийнхний хүч чадал, шийдэл, шийдвэрийг хүссэн учраас өнгөрсөн сонгуульд залуусыг сонгож, одоогийн парламентад сүүлийн 10 гаруй жил харагдаагүй шинэ өнгийг бүрдүүлж өгсөн. Харамсалтай нь улстөр залуу үедээ улам халгаатай болж, өөдөөс нь цорволзвол өрөөндөө дуудаж ирээд “заамддаг”, чуулганы танхимдаа толгой түрүүгүй загнадаг, гарцаагүй байдалд оруулчихвал бүр гишүүнээс нь татгалзах хүртэл хавханд оруулдаг ийм л мафийн шинжтэй хэдэр хэрцгий болчихсоныг өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явдал харуулсан. Үнэхээр харамсалтай. Ачааны хүндийг арал бяр нь жигдэрсэн залуустаа үүрүүлээд, алсаас туршлагаараа ажиглаад явж байх цаг үе нь ирсэн олон улстөрчид, өнөөдөр төрийн бодлогыг өөрийнхөө бүлэглэлийн хүссэнээр тодорхойлоод сууж байна.

Гэхдээ улстөр дэх “хэдэр хөгшчүүл”-ийн авираас үл хамааран цаг үе өөрөө залуу үеийн шаардаж, овоо шүү дээ гэмээр давалгаа МАН-ын хэдэн залуусаас гарав. Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан “хэргээр” АТГ-т байцаалт өгсөн УИХ-ын залуу гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ, намын гишүүдийн сургалт дээр илтгэл тавьсан МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар 60 тэрбумын хэргийг шийдэж, МАНАН-тай тэмцэх уриалга гаргалаа. Нээрээ л, Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн 60 тэрбумын хэргийг шийдэж, авилгачид оффшорчидтой тэмцэнэ хэмээн сонгогчдоосоо санал гуйж гарч ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга хаачив. Танхимынхаа тэргүүний нуруунд хутга зоон байж өөрийгөө илэрхийлэхдээ, үхэхэд бэлэн байгаагаа зарлан байж Ерөнхий сайд болсон Ц.Хүрэлсүхийн шударга бусын төлөөх тэмцэл яасан бэ. Олон нийтийг шударга дүрээрээ төөрөгдүүлсээр Монгол парламенттай 25 жил зууралдаж, 5 дахь удаагаа ХЗДХ-ийн сайд болохдоо шударга бусын судсыг хайчлах том өчигтэй Ц.Нямдоржийн хайчны ир хэнд тулаад мохов. Магадгүй МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн өгүүлснээр, МАНАН-ыг үргэлжилсэн хар үүл цагтаа хонь чоно шиг зуулцаж явсан Х.Баттулга, Ц.Нямдорж хоёрыг нэг хөнжилд хөрвөөхөд хүргэв үү. Яахав, улстөртэй насаараа зууралдсан хууччуулд энэ байдаг үзэгдэл байж болох ч "ийм байдал чинь хэрээс хэтэрлээ" гэдгийг бас ч гэж ганц нэг залуус цор цор гэх нь, олзуурхууштай.

Энэ парламентийн тухайд эрх баригч нам сүүлийн хэдэн жил бүрдүүлж чадаагүй олонхийн бүлэг байгуулж, 65-ынхаа хүчээр юуг л бол юуг бүтээн байгуулж чадахаар боллоо. Шинэ УИХ байгуулагдсаны дараа ийм л том хүсэл, эрмэлзлээр "ах" намынханд талархал дэвшүүлсэн ч, суудлынхаа хуваарилалт дээр шогтсоор парламентийн бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрчихөөд байхад хийсэн зүйлгүй хууч хөөрч, улстөрөө хийсээр. Энэ бүх будлианы эзэд нь нөгөө л хууччуул болж, мөрийг нь алгадаж явсан журмын нөхдөө тонгорч өөрсдөө оронд нь сууснаар хэсэгтээ санаа нь амарсан. Яг л ийм дүр зураг сүүлийн 20 гаруй жил Монголын парламентад тогтож, бүр ийм чиглэлээр гаршсан хуучны ах нар одоо ч хор найруулсаар сууна.

Үнэндээ орчин цагийн парламент бүрэлдсэнээс хойш Монгол Улсад хөгжил, дэвшил гэхээр зүйл хийгдсэн үү гэдгийг бодоод нэг үзээрэй. Нийслэлийнхээ төвд хөл гишгих газаргүй шахам овоолж барьсан эрээвэр хураавар шилэн барилгуудыг хөгжил гэхгүй юм бол өнгөрсөн 20 гаруй жилд юу бүтээсэн бэ. Уул уурхайгаас олсон хэдийг нь оффшорт нууж, эргийн гадна хэд хэдэн данс нээснээ хөгжил гэх үү. Гэтэл биднээс сүүлд хойд хөршийн гараас мултарсан Казакстан зэрэг орнуудад засаглалын ёсзүй нь хэрхэн төлөвшиж, хэрхэн хөгжилд хүрснийг Монголын хил гараад 100 км явахад л хангалттай мэдэрч болно. Харин манайд 25 жилийн өмнө парламентад сууж байсан тэр хүмүүс өнөөдөр ч тухалж, 25 жилийн өмнөх тэр сэтгэхүйгээр хандаж байгаа учраас хөгжил дэвшлийн хурдаас хоцрох нь аргагүй. Гэтэл бид энэ дутагдлаа парламентийн дархлаа, хуучны туршлага гэж дэвэргэж, шинэ сэтгэлгээ, шинэ сэтгэхгүйгээ булшилсаар өнөөг хүрчээ.

Улс орны шийдвэр гаргах түвшний ядаж 60 хувь нь цус сэлбэж байж орчин үетэй хөл нийлүүлдэг гэх. Гэвч манайд эсрэгээрээ УИХ-ын гишүүний насны босгыг 35 настай байх тухай ярих боллоо. Тэгвэл яагаад насны дээд хязгаар тавьж болохгүй гэж. Ер нь бол УИХ тэтгэвэрт суусан хөгшчүүлийн асрамжийн газар шиг болж, тэдний зохион байгуулсан бүх хор хөнөөлд идэгдсээр гүйцэтгэх засаглал нь ажлаа хийж чадахаа байсан. Өөрөөр хэлбэл асрамжийн газрын хөгшчүүлийн ааш авирт тааруулж, албан тушаалын хамааралтай болгохгүй л бол үйл ажиллагаа хэвийн явах тухай санах ч хэрэггүй.

Ийм л гундуу цаг үед эрх баригчдын талаас ганц нэгэн залуус дуугарч эхэлсэн тул нийгэм үүнийг дэмжиж урам хайрлах ёстой. Мэдээж энэ бүхнийг гуйвуулж, гудруулж сурсан “мэргэжлийнхэн” тэднийг сөргүүлсэн шуум нисгэх учраас залуусын үг хэр хол тусч, үйлдэл нь хэр бодитой тусахыг цаг хугацаа харуулах биз ээ. Дахин өгүүлэхэд ачааны хүндийг арал бяр нь жигдэрсэн залуус үүрдэг болохоос ам, хорхой хоёроос өөр шидгүй болсон хөгшин ах нар хүчрэхгүй гэдэг байгалийн хуулийг нийгэм үргэлж сануулж байх ёстой юм.

 

 

Т.ГАНЗУЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧТН:ШАХАА НЯМДОРЖИЙН ХАЙЧ АЛТАН АЖАА ДЭЭР ОЧООД МӨЛИЙХИЙН ДЭЭДЭЭР МӨЛИЙЖ БОСГОНЫ НЬ БООЛ БОЛНО ШҮҮДЭЭ !!! ШАХАА НЯМДОРЖ БОЛ МАН ДАХЬ АЛТАН ТЭРГҮҮЛСЭН УВСЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН УИХ ДАХЬ БУУНЫ НОХОЙ !!! 2018-06-19
zochin:zaluuchuud ih hurliin zuulun seniti muruuduh hereggui ee 2018-06-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?