Энэ бол гадаадад биш. Монголд, нийслэлийн Сонгино хайрхан дүүрэгт хэрэгжиж эхлээд байгаа ажил. СХД-ийн ИТХ-аас гарсан уг тогтоолд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд ухаалаг гар утас, ай пад авчрахгүй, зөвхөн хичээлийн бус цагаар хэрэглэж болохыг тов тодорхой зааж өгчээ. Тус дүүргийн ЕБС-ийн сурагчдын 72 хувь буюу 24783 хүүхэд ухаалаг гар утас хэрэглэдэг гэж судалгаагаар гарсан байна. Зөвхөн СХД-ийн хувьд гар утас хэрэглэж донтсоны улмаас “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-д хандсан хүүхдүүдийн тоо
2013 онд 38 хүүхэд үзүүлсний 18,
2014 онд 49 хүүхэд үзүүлсний 36,
2015 онд 63 хүүхэд үзүүлсний 42 нь хэвтэн эмчлүүлсэн бол энэ оны эхний улиралд гэхэд 23 хүүхэд хандсаны 18 нь хэвтсэн гэсэн өссөн үзүүлэлттэй гарчээ.
Ухаалаг гар утас ашигласнаас болж хараа муудсан, нүдний эвэрлэг бүрхүүл нь үрэвссэн хүүхдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгааг судалгаа харуулсан учраас тус дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид ийм захирамж гаргасан аж.