С.Зориг агсны эхнэр Б.Булган УИХ-ын гишүүд болон төр засгийн удирдлагуудад хандан шоронгоос захидал бичжээ. Тэрээр захидалдаа "...Ажлын хэсгийн дуудах бүрт цаг хугацаанд нь ирж, чадах ядахаараа тусалж, энэ хэрэг илэрнэ гэдэгт дандаа итгэл төгс явж ирсэн билээ. 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд намайг ТЕГ дээр өглөө 8 цагт ирээрэй гэсэн. Би өглөө нь ирээд, орой нь хоригдсон. Энэ удаад мөрдөн байцаагч нар Эрүүгийн хууль болон хүний эрхийг маш их зөрчсөн" гэжээ. Тухайлбал, өмгөөлөгчгүй байцаасан, мөрдөн байцаагч "Танай гэрт очих шаардлагатай байна" гэхэд нь зөвшөөртөл хориод хүн Амгаланбаатартай хамт араас орж ирсэн, тэд масктай, буутай, камертай байсан. Ингээд надад прокурорын тушаалыг танилцуулалгүй шууд гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Бүтэн өдөржин хоолгүй, хамгийн гол нь уух юмгүй байлгасан. Хорьсныхоо дараа "За одоо хэргээ хүлээ, бидэнд хангалттай нотлох баримт байгаа" гэж сэтгэл санааны шахалт дарамт үзүүлж байсан. Би сар хоригдоход надаас гурван удаа л байцаалт авсан. Шинэ юм огт асуугаагүй, гол нь хэргээ хүлээ" гэсэн агуулгатай байсан гэдгийг бичжээ.
Тэрээр цааш нь "Одоо надад шинэ хэрэг нээж, яллагдагч болгосон байна. Надтай мөрдөн байцаагч Бархасбадь хурандаа дөрвөн удаа мэдүүлэг авах гэж уулзсан. Сүүлийн хоёр удаагийн уулзалтаар тэр "Өөрийн чинь тэмдэглэлийн дэвтэрт танай охины бичсэн зүйлийн талаар асуух хэрэгтэй байна. Хоёулаа Хятад явах уу" гэхэд нь би 82 настай ээжийгээ хардаг учир амжихгүй гэхэд тэр "Охин чинь яг хэзээ ирэх вэ" гэж байнга асууж байгаа. Миний охин Сийлэгмаа нь 1998 онд 13 настай, эмээ өвөө дээрээ амьдарч байсан ба тэр хэзээ ч хүний дэвтэрт юм тэмдэглэх хүн биш юм. Иймээс миний охиныг байцаах хэрэгтэй болбол камерт бичлэгтэй, өмгөөлөгчтэй, ямар нэг шахалт дарамтгүй уулзахад нь анхаарч өгөхийг би танаас хичээнгүйлэн хүсч байна" гэжээ.
Б.Булган энэ захидалдаа хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд анхаарч, мөрдөн байцаах ажиллагаанд хэрэглэж байгаа залхаан цээрлүүлэх, айлган сүрдүүлэх, гэнэдүүлэх аргуудыг зогсоохыг хүсчээ. Мөн энэ хэрэгт холбогдуулан гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлэхээ зогсоохыг хүссэн байна. Хэргийн нууцтай холбоотой ямар ч мэдээлэл бусдад тарааж болохгүй гэдэг нэрийдлээр надаас манай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, найз нөхдөөс минь гарын үсэг авсан тул үг хэлж болохгүй, өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй болгосон. Энэ бүхэн ард түмний маань төр засаг, хууль цаазандаа итгэх итгэлийг бууруулж байгааг анхаарна уу хэмээн бичсэн байна.
ц.жаргал