МОРИНЫ УРАЛДААНЫГ 8 МАШИН ДАГАНА
Жил жилийн наадмаар хурдан морины уралдаан 7 сарын 9-ний өдрөөс эхлэн зохион байгуулагддаг. Энэ өдрөөс уралдах морьдыг бүртгэж, 10-13 нд морио уралдуулдаг. Энэ үеэр 2,500-3,000 төрийн албан хаагч хурдан морь уралдуулах үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Хурдан морины уралдааны хуваарь:
7 сарын 10-нд Хязаалан /17 км/, Шүдлэн /14 км/
7 сарын 11-нд Азарга /23 км/, Их нас /25 км/
7 сарын 12-ны өдөр Соёолон /23 км/, даага /12 км/
Долоодугаар сарын 13-нд эрлийн буюу шинэ монгол адууны мөн гурван насны уралдаан болох юм.
Түүнчлэн энэ жил Хүй 7 худагт дараах нэмэлт уралдаанууд зохиогдоно:
7 сарын 10-нд Холч морьдын уралдааныг зохион байгуулна.
7 сарын 10-12-ны өдөр Морийг гарааны зурхай руу явсан үед "Морьтон Монгол" үзүүлбэр үзүүлнэ.
7 сарын 12-нд 08:30-09:30 цагт Шүхрийн буулт хийнэ.
7 сарын 13-нд Жороо морьдын уралдаан болно.
Хурдан морины салбар хороонд Морин уралдааны уламжлал шинэчлэлийн хөдөлгөөн гэх олон нийтийн байгууллагаас морины уралдааныг зохион байгуулах тухай дөрвөн санал иржээ. Эдгээр саналуудад Хурдан морины салбар хорооны дарга, хурандаа Ж.Болдбаатар ингэж хариуллаа.
Санал : Нэгдүгээрт, хурдан морины үүлдрийг тогтоож, комиссын үйл ажиллагааг олон нийтэд ил тодоор дамжуулах.
-Монгол ТВ, ЕTV, TV9 гэсэн 3 телевиз шууд дамжуулна.
Санал: Хоёрдугаарт, олон машин уралдааныг дагадаг, үүний тоог цөөлж 10 хүртэл машин явуулах.
-Наадмаар үндсэндээ ХМХ-ийн 4, Цагдаа, Мал эмнэлэг, Хүн эмнэлэг гэсэн 8 машин л дагана.
Санал: Гуравдугаарт: унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын нөхөн олговрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарах.
-Уралдаанч хүүхдийн даатгал таван мянган төгрөгөөс 30 мянгын хооронд байна. Үүнийг бид 100 мянган төгрөг болгохоор ажиллаж байна. Ингэвэл тухайн хүүхэд нас барсан тохиолдолд нөхөн олговор 20 сая төгрөг авах боломжтой. Одоогоор дөнгөж 5 сая төгрөг авч байгаа юм.
Санал: Дөрөвдүгээрт, хөдөлгөөний нэр бүхий 7 хүнийг хурдан морины уралдааны үйл ажиллагааны оролцогчоор бүртгэх.
-Энэ боломжгүй зүйл, учир нь төрийн наадмыг төрөөс сонгогдсон хүмүүс нь зохион байгуулах ёстой гэж үзэж байна.
Түүнчлэн наадмаар дараах үндсэн зарчмуудыг мөрдлөгө болгох юм байна.
О.НАНСАЛМАА