Одоогоос жилийн өмнө найзыгаа онгоцны буудал дээрээс Солонгос улс руу үдэж өгсөн юм. Найз минь зуны гурван сарын турш ажил хийж мөнгө хураахаар явсан нь тэр байв. Оюутан болохоор сургалтын төлбөр, хувцас хунар, хичээлийн хэрэгсэл зэрэг ойр зуурын хэрэгцээнийхээ мөнгийг аав ээжээсээ авалгүй өөрөө олно. Бас болоогүй ээ, илүү хэдэн цаастай ирчихнэ гэж их том юм мөрөөдсөөр онгоцонд суусан сан. Ийм зорилгоор Солонгос улс руу гурван сарын турш ажил хийхээр явж буй оюутан залуус сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгааг эргэн тойрноосоо ч анзаарч болохуйц. Миний мэдэхээр яг ийм зорилготой визээ аль хэдийн мэдүүлчихээд хариугаа хүлээж суугаа гурван ч танил минь бий. Тэд бүгд их дээд сургуульд суралцдаг. Сургалтын төлбөрөө олох, хураасан мөнгөө хэрэглээндээ зарцуулах гээд хүний нутгийг тийнхүү зорих болж.
“Сайн сууцгааж байгаарай. Гурван сарын дараа уулзъя” гээд инээмсэглэн явсан найзад минь Солонгос улс тийм ч таалагдаагүй юм. Тэрээр гурван сарын хугацаанд ямархуу хүнд давааг туулаа бол?
Танил ахаараа дамжуулж Сувон хотод нэгэн барилгын ажил олсон тул өглөө буугаад л шууд ажилдаа орохоор явжээ. Түүний ажил тийм ч хялбар биш байв. 30 давхар байшингийн чулуу, угсраагүй хайрцагтай тавилгуудыг нуруун дээрээ үүрээд дээш зөөнө гэдэг хэрийн эрийн ч хийх ажил биш юмсанж. Ингэж ажилласнаар нэг өдөрт дунджаар 100,000 воны цалин авдаг байна. Энэ нь монгол мөнгөөр 220,000 төгрөг. Харин Монголын нөхцөлд зуны турш цагийн ажил хийж сургалтын төлбөрөө олно гэдэг бараг л биелшгүй даалгавар гэлтэй. Оюутнуудад хамгийн түгээмэл олддог зөөгчийн цалин гэхэд л өдөрт 30,000 төгрөг байдаг. Ингэхээр хамгийн боломжит хувилбар яалт ч үгүй Солонгос улс болоод байгаа юм.
Гэвч хүний нутаг бол хүнийх л байдгийг найзынхаа ярианаас ойлгосон юм. Ёстой л дассан газрын даавуу зөөлөн байдаг юм байна гэсээр ирсэн билээ. Их л ядарсан гэдэг нь царайнаас л мэдэгдэж байлаа. Бас их туржээ. Түүний хэлснээр 5 кг орчим хассан гэх.
Үүрийн 6 цагаас үдшийн 6 хүртэл 80кг-ын хүнд ачааг нуруун дээрээ үүрээд явдаг байсан тухайгаа ярьж эхлэхэд л яагаад тэгж их эцсэн нь ойлгомжтой болов. Хамт ажилладаг монгол ах нар нь хүртэл хүнд ажил юм аа гээд л толгой сэгсэрдэг байж. Монгол хүний л зан юм хойно хүний нутагт муугаа үзүүлэхгүй гээд шүд зуугаад хийдэг байсан нь тодорхой. Мөн илүү цагаар ажиллавал цагийн нэмэгдэл 10,000 вон авна гэхээс л ядарсан үгүйг үл тоон зүтгэсээр өдөр өнгөрч, орой нь байрлаж буй байрандаа ирээд л хөл дээрээ тогтож чадахаа больтлоо сульдсанаа анзаардаг байж. Иймэрхүү ажил 3 сарын турш ямар ч амралтгүй хийх нь хүний биеийг хангалттай ядраана. Ядарснаас болж дархлаа муудаж бие ямар ч тамир тэнхээгүй болсноор өвчинд өртөмтгий болдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ.
“Солонгосчууд ер нь хүн шулаад сурчихсан улс байна лээ. Зөвхөн монголчуудад 2-3 хайрцаг ачаа үүрүүлнэ. Солонгос ажилчдыг харахаар ганц л хайрцаг үүрчихсэн явж байдаг. Илүү хайрцаг үүрээд явлаа гээд нэмж цалин өгөхгүй шүү дээ. Жаахан л амсхийх гэхээр учир зүггүй уурлаж хараана. Ийм нөхцөлд ажил хийх үнэхээр хэцүү юм билээ” хэмээн найз минь ярив. Тэнд нийт ажил хийдэг хүмүүсээс цөөхөн хэд нь л солонгосчууд, бусад нь монголчууд байжээ. Барилгын ийм хүнд ажлыг тэд өөрсдөө хийхээс татгалздаг гэнэ. Учир нь тэд биеэрээ ч хохирч болох хамгийн аюултай нөхцөл гэдэг гэнэ.
Иймэрхүү ажил хийсээр эрүүл мэндээрээ хохирч болох. Мөн тэндэх орчин эрүүл мэндийн шаардлага хангаагүйн дээр толгойны хамгаалалт (каск) л цаанаас нь гаргаж өгдөг. Барилгын ажил учир битүү тоос шороон дунд байхаас аргагүй.
Ийм л нөхцөлд найз минь зуны аагим халуунд хөлсөндөө хутгалдаж ажилласаар хатиг гарчээ. Хэдий өвдөж байсан ч тэвчээр гарган ажлаа хийсээр бүр хүндрүүлсэн байна. Орой бүр халуурч хононо. Нилээн хэдэн хоног тэвчин ажилдаа гарсаар эцэст нь орноосоо ч босож чадалгүй 2 хоножээ. Сүүлдээ өвдөлтөө дийлэхээ байгаад эмнэлэг бараадсан байна. Хамт ажиллаж байсан ах нар “Яаж тэвчиж байна аа хурдхан эмчлүүлэхгүй бол баларна шүү. Гэхдээ эндхийн эм, тариа нь тэнгэрт тулсан үнэтэй юм билээ” гэж хүртэл хэлсэн гэх.
Солонгос улсад ажил хийхээр очсон монголчууд өвдөх эрхгүй гэх үг үнэн бололтой. Өвдөх гэдэг тэнд жинхэнэ асуудал аж. Байсан газрынхаа эмнэлэгт хандтал манайд эмчлэх боломжгүй юм байна гээд том эмнэлэгт үзүүлэхийг зөвлөжээ. Нийгмийн даатгалгүй учир анхны тусламж үзүүлээд цэвэрлэж бооход 70,000 вон болсон юм. Эмчилгээний тос, эм авахад л 7 хоногийн цалингаа зарцуулжээ. Ингэхээр зовж хураасан хэдэн төгрөг нь эмчилгээнд нь зориулагдаад л өнгөрч.
Тэрээр ”Ийм ажил хүний биеийг алдаг юм билээ. Бид мөнгийг л чухалчилаад байдаг болохоос эрүүл мэнд эрхэм чухал гэдгийг л ойлгох хэрэгтэй” гэв.
Ингээд зөвхөн зуны турш л ажил хийхэд дээрх бэрхшээлүүдийг зайлшгүй давах шаардлага тулгардаг юм байна. Солонгос улс руу ажиллахаар явах гэж буй монголчуудад ааштай захирал, хэцүү ажлын орчин, цалингаа хулхидуулах, хэлний бэрхшээл, эрүүл мэндээрээ хохирох гээд тоочоод байвал мундахгүй зовлон бий.
“Одоо ахиад л визээ мэдүүлчихсэн байгаа. Хариу нь гарахыг хүлээж сууна даа. Уг нь болдог бол Монголдоо л ажилламаар байх юм. Хэн хүний нутагт зовон байж ирчихээд ахиад явахыг хүсэх вэ. Даанч оюутан. Бариад очих диплом нь байхгүй учир өндөр цалинтай ажилд орох хэцүү шүү дээ. Сургалтын төлбөрөө өөрөө олохын тулд ахиад л явахаар шийдсэн дээ. Сургуулиа төгсдөг л юм бол мэргэжлээрээ сайхан ажиллана аа” хэмээн ярих түүний ярианаас нэгэн зүйлийг тунгаах биз ээ.
Эцэг эхийнхээ санхүүгийн бэрхшээлийг хамт үүрэлцэж яваа тэдэнд буруу байхгүй. Сургалын төлбөр гэх толгой гашилгасан асуудлаа шийдэх гэж л тэд ийнхүү Солонгос улсыг зорьж байна.
Т.САРУУЛТУЯА