Х.БАЯНМӨНХ АВАРГА, Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГА ХОЁР МИНЬ ТӨРИЙН НААДМЫН БОСГОН ДЭЭР ЭВЛЭРЭХГҮЙ ГЭЖ ҮҮ

2018-07-03  

Наадам хаяанд ирлээ. Монгол эх нутагт минь хур буусан, нар асгарсан дэлгэр сайхан зун болж байна. Энэ л сайхан цаг дор монгол түмэн баяр наадмаа хийж, алтан тууртны хурдыг үзэж, хүчтэний бярыг бахдаж, мэргэн харваачдын уухайн дуунд цэнгэн жаргадаг аа. Энэ магнаг дэлхийн өөр хаана нь ийм баяр цэнгэл болдог сон билээ. Монгол нутагт монгол хүн болж төрсний бахархал, үнэ цэнийг мэдрүүлдэг наадмын сонин сайхан жилдээ хуучирдаггүй юм аа.

Харин өнөө жилийн наадмын өмнө монгол бөхийн том аваргууд баруун зүүн болоод “ба, бэ”-гээрээ хуваагдан талцаж, үзэгч олныхоо урмыг хугалж сууна. Ер нь наадмаар бөх барилдах юмуу даа, эсвэл ингээд хэдэн талд хэрэлдээд бөөн маргаантай барилдаанууд болох юмуу гэж гайхахад хүрлээ.

Монгол бөх зодог шуудгаа өмсөж, дэвж шаван барилдаж байна гэдэг нь энэ дэлхийд монгол үндэстэн оршиж буйн нэгэн том баталгаа болдог. Бидний хэдэн зууны түүх, ахуй амьдрал, соёлын өвийг тээж хөгжиж яваа монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлж, “Монголын өв соёл мөн” гэж баталсан шүү дээ.

“Бөхийн зүлэг ногоон дэвжээ тэр өдөр харсан хүнээ л авдаг” гэдэг нэг айхтар үг ч бий. Үнэхээр тэр өдрийн од нь гийсэн аавын хүү л дор даваанаас гялалзаж гарч ирээд түрүүлсэн тохиолдол олон бий. Тэр жилийн наадмаар улсын арслан Н.Батсуурийг түрүүлнэ гэж хэн л таамагласан билээ дээ. Тэр жилийн наадмаар улсын арслан Э.Оюунболдыг хорьхон насандаа наадмын түрүү хүртэнэ гэж хэн бодлоо доо. Маргаангүй, улсын наадмын зүлэг ногоон дэвжээ тэр өдрийн одтой эрийг л арван давааны турш хазайлгахгүй түшдэг болов уу. Бөхийн дэвжээ ариун байх ёстой, үнэн шударга байх ёстой, иртэй нь давж, төр түмний ивээлд багтдаг хэмээх утгыг энэ үг агуулжээ. Бөхчүүд ч зодог шуудгаа бурхныхаа дэргэд тавьж ирээд л хэний ч гарыг хүргэдэггүй. Ариун байх ёстой гэж үздэг. Наадмын өмнө гал галдаа гарч, бие сэтгэлээ бэлдэн элдэв муугаас хол, зөвхөн бэлтгэлээ л базааж байгаа харагддаг. Тэгсэн энэ хавар улаан хэрүүл хийцгээн, төрийн наадмын босгон дээр тал талд хэрүүлийн буг болцгоолоо. Бөхчүүд минь, та бүхний ёс суртахуун, өнөөх жудаг гээч чинь хаачив аа.

Нэг талд нь домогт аварга Хорлоогийн Баянмөнх болон А.Сүхбат нарыг дагасан бөхчүүд байгаа бололтой. Тэдний ард “Гацуурт”-ын Л.Чинбат гэдэг хүн суугаа гэх. Нөгөө талд домогт аварга Б.Бат-Эрдэнийг дагасан бөхчүүд буй. Бөхийн холбооны хуучин тэргүүн Р.Нямдорж гуай “Би дахин холбооны энэ асуудалд оролцохгүй” гэсэн боловч Б.Бат-Эрдэнэ аваргын ард чимээгүй сууж байгаа гэж дуулдах. Яг үнэндээ хоёр тал бөхийн холбооны тэргүүнийг хэн нь авах вэ гэж иймдээ тулж тэмцэлдэж байна. Б.Бат-Эрдэнэ аварга “...Тэдний саналаар 2002 оны Цэцдийн зөвлөлөө хуралдуулж тавдугаар сарын 18-нд "Их-эе" хуралдуулахаар тогтчихсон байсан. Гэтэл үүнийг үгүйсгэсэн.

Дараа нь Л.Чинбат гэх хүн манай Г.Өсөхбаярыг уулзъя гэсэн хүсэлтийг тавьсан. Ингэж уулзахдаа хаа байсан Дархан руу очиж уулзаж байгаа юм. Уулзалтаар Л.Чинбат  “Хорвоо дээр тохиролцохгүй юм гэж байдаггүй. Тохиролцъё” гэж байнга шахсан юм билээ. Тэр тохиролцоо нь МҮБХ-ны тэргүүнээр Д.Мөнх-Эрдэнийг, дэд тэргүүнээр Б.Гантогтохыг,  харин Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг ажиллуулъя гэдэг саналыг тавьж. Тус саналыг МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаад хүлээж авсан. Тэднийхээр болъё гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл Л.Чинбат дахин дуудаж уулзсан. Тэр орой нь мөн Тэргүүлэгчид маань хуралдаад “Намайг тэргүүнээс түдгэлзүүлье, Их-эе хуралдах цаг хугацааны боломж наадмын өмнө байхгүй тул дүрмийн хүрээнд Цэцдийн зөвлөлийн хурлаа яаралтай хуралдуулж дэд тэргүүн Ц.Магалжав, Цэцдийн зөвлөлийн дарга Г.Өсөхбаяр нарын нэрийг татуулж, Цэцдийн зөвлөлийн гишүүддээ үүсээд байгаа нөхцөл байдлыг ойлгуулж,  тэдний тулгаж байгаа албан тушаалыг өгье гэж Л.Чинбатын саналыг дахин хүлээн зөвшөөрсөн. Гэтэл тэрээр дахиад уулзъя, өмнөх санал биш байна,  өөр санал тавья, тохиролцъё гэсэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Эндээс харвал Б.Бат-Эрдэнэ аваргын тал нэлээд буулт хийсэн бололтой юм. Харин А.Сүхбат нар болохоор "Бөхийн өргөө" рүүгээ дайрч эвдэж хэмхчсэн. Нэгэн цагт уран хурц барилдаанаараа шуугиулж явсан А.Сүхбат аварга маань өсгөж өндийлгөсөн өргөөнийхөө үүдийг цөм өшиглөчихөөд “Бөх бол төр” хэмээн хээвнэг мэдэгдэл хийж байгаа ч харагдсан. Энэ байдлаас нь дүгнэвэл эдний тал болохоор нэлээд “чанга” аргаар сөрж явна гэмээр юм.

“Явж явж энэ улсуудын маргааныг шийддэг газар бэлээхэн бий. Монгол Улс шүүх тогтолцоотой. Хэний буруу, зөвийг шүүдэг газартай. Шүүх хүртэл шийдэж дөнгөхгүйд хүрчихсэн юмуу. Заавал үзэгч түмнээ хүртэл хоёр талцуулдаг нь яаж байгаа юм бэ. Эр улсууд байна, хоорондоо сайхан эвлэрвэл яасан юм бол” гэж олон түмэн ярьж байна. Ер нь Монголын ард түмэн бөхчүүдээ хайр, хүндэтгэлээр хэзээд дутааж явсангүй. Бай шагнал, машин тэрэг, байр сууцыг харамгүй өгдөг. Өгсөн бүхнээ тоолж байсангүй. Биеийнх нь хар хөлсөнд хүрэх гэж шаагилдан шавдаг болтлоо л хүндэтгэл, хайраар дүүрэн байлгасан даа. Гэтэл үзэгч түмнээ хүндэтгэсэнгүй.

Монголын төрт ёс гэж бий. Ерөнхийлөгч маргаантай байгаа хоёр талыг дуудаж, уулзан, “Эвлэр” гэдгийг хэлсэн. Үнэхээр наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд хэрүүл маргаанаа нэг тийш болгоод, ард түмнээ баясган цэнгүүлэх, бахдуулах үүргээ биелүүлбэл зүгээр ­сэн.

 

 

 

Ц.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?