Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компанитай гэрээ байгуулах ажлын хэсэг Орд ашиглах гэрээний хэлэлцээний эхний шатыг энэ оны 3 дугаар сарын 8-9-нд Канад Улсын Торонтод, хоёр дахь шатны хэлэлцээг энэ сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хийсэн юм. Дараагийн шатны хэлэлцээрийг ирэх долоо хоногт Монголд хүрэлцэн ирж хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ. Канадын тал Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орон нутагтай хамтран ажиллах гэрээг нэгэн зэрэг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна. Гэрээний төсөлд Ноён уул орчмын бүс нутгийн соёлын өвийг хамгаалах, сурталчлах "Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр"-ийг боловсруулж, компанийн зардлаар санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, цэвдгийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гол, ундны усанд үзүүлэх нөлөөллийг хянах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зэрэг заалтууд тусгасан байна.
УИХ-ын 2016 оны 14 дүгээр тогтоолд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоож, УИХ-аас Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон билээ.
Х. АЯЛГУУ