З.ЭНХБОЛД ХОЙШОО ХОЁР, УРАГШАА НЭГ АЛХАВ

2016-04-04  

Хүнтэй ч юм шиг, хүнгүй ч юм шиг болж өнгөрсөн Эдийн засгийн чуулганаа УИХ-ын дарга З.Энхболд хааж “ёслол төгөлдөр” үгээ хэллээ. Хаалтын үгийг эгнүүлж тавьсан сандлаа оруулан тооцвол ямартаа ч хэдэн хүн сонссон. Хэдэн хүн сонссондоо ч “Сургамж-Сорилт- Шийдэл” хэмээх сүржин уриатай чуулганы төгсгөлд төрийн эрх баригчдаас эдийн засгаа эрчимжүүлэх ямар нэгэн санаа оноо гарах болов уу гэж хүлээж байсан ч бие биеэ “хийсэн” шинжтэй урт урт илтгэл тавигдав. З.Энхболд Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасанд Монгол Улс буруугүй. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналтад орсноос болоод гадаадын олон хөрөнгө оруулагч манайхаас гарч явсан. Тавантолгойгоо 60 жилийн хугацаагаар гуравдагч этгээдэд зүгээр шахуу өгөөгүй нь “миний гавъяа”. Харин Ерөнхийлөгч Шинхуа, ММС компаниудад өгөхийг хүссэн зарим хүмүүст тархиа угаалгасан байна. Харин УИХ, Ерөнхийлөгчөөс асуудлыг томоор харж хуульд нийцсэн шийдвэр гаргасан гэсэн утга агуулгатай зүйлийг онцлон хэлэв. Тэр “Тавантолгойг авч үлдсэн З.Энхболддоо баярлалаа” хэмээх пи арыг уг чуулганы өмнө сүрхий явуулсныг уншигчид санаж байгаа биз. Энэ үгэндээ түүнийгээ өөрийнхөө нэр дээр үлдээх пи ар-аа хийхээ ч бас мартсангүй.

Мөн тэрээр “Ойрын 3 жилд Оюу толгойн хөрөнгө оруулалт өссөнөөр манай гадаадын хөрөнгө оруулалт 2015 онтой харьцуулахад 3 дахин өснө”, “2030 онд ДНБ-д аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь өнөөтэй харьцуулахад 2 дахин өснө” хэмээн өнөө маргаашаа яая гэж байгаа иргэддээ “өөх үмхүүлэв”. Элгээрээ хэвтсэн өнөөдөртэйгөө харьцуулахад 2 дахин өсөх юм бол яг байрандаа очсоноос ялгаа үгүй. Ийнхүү арагшаа 2, урагшаа нэг алхахыг амлахаас өөрийг чадавхигүй төр засаг оршиж буйгаа тэр хэлсэн үгээрээ батлав. УИХ-ын даргын хэлсэн үгэнд одоо цаг орсонгүй. Би тэгж хэлж байсан, дараа тийм сайхан болно гэх өнгө аяс давамгайлна.

Монгол Улсын Их Хурлыг “Би” хэмээн төсөөлчихсөн түүний үг хэт хувийн шинжтэй, ийшээ тийшээ үсчиж цойлсон, өөрөөсөө зайлуулсан бусдаас буруугаа хайсан шинжтэй байлаа. Тэрээр “өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” хэмээн онцолж гадаад зах зээлийн тухай өнгөт мөрөөдлөө хөврүүлэв. Үнэндээ түүний хэлсэн үг “өнөөдөр уушги ч үгүй байгаагаа мэдэхгүй маргаашийн өөх”-ний тухай сэрүүн зүүд л болов. Хөдөө аж ахуйн салбарын өсөлтийн тухай түүний дурьдсан тоо баримтууд тариалах будаагүй тэмцэл хийхдээ тулу буй тариаланчдад таалагдах болов уу, яах бол? Сүүлийн 2 сарын турш шинээр ажилд орсон хүмүүсийн тоо өмнөх оныхоос 60 хувиар өссөн мэдээг таатай хэмээн онцлов. Гэвч үүд хаалгаа барьснаас бөөн бөөнөөрөө ажлаасаа халагдсан мөн зогсонги байдалд орон ажилгүй суугаа уул уурхай, аялал жуучлалын салбарын мянга мянга ажилгүйчүүдээ хаанаа нуучив гэж асуумаар байна? Эцэст нь мэдээж АН-ын зүгээс хүчээр шахам шийдүүлж сонгуульд барих “мод”-той болсон ипотекийн зээлийг 8-аас 5 хувь руу шилжүүлснээ яаж дурьдалгүй өнгөрөхөв. Эдийн засагт хортой үр дагавартай хэмээн эдийн засагчид тодорхойлсоор байгаа энэ зээлийн горыг хэн, хэзээ үүрэх нь таашгүй. Өнгөлөн далдлалт ямартаа ч сонгууль өнгөртөл сайн хийгдсээр байх бизээ!

 

Х.АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :динэг амьтан 2016-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?