ДЭЭЛТЭЙ НААДМЫН ФОТО СУРВАЛЖИЛГА

2018-07-10  

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин өвөрмөц загвар, соёлыг дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг "Дээлтэй Монгол" наадам Сүхбаатарын талбайд дэлгэр сайхан эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран дээрх арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 12 дахь жилдээ болж буй тус арга хэмжээг эхлэхээс дуусах хүртэл бороо зүсрэн орж,  наадамчин олон шүхрэн дор дээлтэй Монголчуудыг биширлээ.

Наадмын үеэр сурагчдын холбооны 30 гаран бяцхан хүүхэд нэгэн зэрэг шүлэг уншиж, түүнийгээ дохионы хэлээр мөн өгүүлж байсан нь урьд байгаагүй онцгой үзүүлбэр байв. Мөн дуугаараа холбогдож нэгнээ олсон ихрүүд болох Т.Шануу, Р.Хандсүрэн нар уртын дуугаа өргөж олон түмнийг баясгасан юм. 

“Дээлтэй монгол иргэд”-ийн парадаар эхэлсэн арга хэмжээ 3 цагийн турш үргэлжилж  дүүрэг бүрээс 100 иргэн үндэсний хувцсаараа гоёсон гайхам, сүрдэм болж өнгөрлөө. Энэ үеэр шилдэг зохион байгуулалттай дүүргээр Сонгинохайрхан дүүрэг шалгарсан бол Сүхбаатар дүүрэг удаалж, Чингэлтэй дүүрэг гуравдугаар байр эзэлсэн юм.

Олны дундаас хамгийн онцгой, хайр татам харагдаж байсан “Дээлтэй Монгол” бол 170-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд байлаа. Тэд Буриад, Урианхай, Халх, Дөрвөд зэрэг бүх монгол үндэстэн ястнуудын хувцсыг өмсөж 25-уулаа парадад алхахад гадаадын жуулчид гэлтгүй Монголчууд хүртэл өхөөрдөн, бахархан харж байв.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос болон дээд монголын төлөөллүүд, Буриад, Урианхай ястан  иргэд өргөнөөр оролцсон нь олны анхаарлыг татаж байв. Тухайлбал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үүшин хошууны “Уран бүсгүй” хатгамлын өргөөний 10 бүсгүй 10 өөр хошууны Монгол бэрийн хувцсаар гоёж хүрэлцэн иржээ. Тэд Дээлтэй Монгол наадмын шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчоор шалгарсан юм. Энэхүү монгол бэрийн хувцсыг  “Эмэгтэй хүн өөрийн гэрээс гарч, айлын бэр болохдоо энэ хувцсыг өмсөх ёстой. Ингэж гэмээнэ төлөв төвшин, ухаан сууна” гэж үздэг байна. 

Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Б.Мөнхбадрал гэргий, хүүхдийн хамт үндэсний хувцастай шилдэг гадаад хосоор шалгарсан юм. Үндэсний соёл, өв уламжлалыг ярих биш биеээрээ үзүүлж хүүхдэдээ үлгэрлэх хэрэгтэй талаар тэр ярьлаа.

Б.Мөнхбадрал: “Би өнөдөөр Монголын үндэсний язгуур дээлийг халх маягаар чимэглэж өмссөн. Монгол эр хүн заавал малгай, хутга, аяга, хөөрөгтэй явах хэрэгтэй. Энэ нь үеийн үед уламжилж ирсэн үндэсний соёл гэж боддог. Бид гадны иргэдээс зөвхөн эдгээр соёлуудаараа л ялгарна. Тиймээс үүнийг олон хүнд таниулж, өвлүүлж үлдээхэд өөрийн хувь нэмрийг оруулахаар холоос зорьж ирсэн” гэлээ.

Энэ удаагийн наадмын үеэр бороо хуртай байж, тэнгэр цэлмээгүй ч хүрэлцэн ирсэн иргэдийн сэтгэл бахархал, омогшлоор дүүрэн байлаа. Энэ талаар Улаабаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан “Бид эрийн гурван наадмыг цэнгэх баярлахын хажуугаар үр хойчдоо өвлүүлэх гэж зохион байгуулдаг. Энд цугласан олон танин мэдэж, цэнгэн баярлаж л байвал энэ наадмын гол утга оршино. Арын албанд 300 орчим хүн ажиллаж байна. Бидний хөдөлмөрийн үрээр түмэн олны хүүхдүүд монгол гэж ийм хувцастай, ийм соёлтой, ийм урлагтай арь түмэн байдаг юм байна гэж мэдэж авч байвал л бид сэтгэл хангалуун байх болно” гэсэн юм.

Талбай дээр барьсан Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө, Хөгжмийн өргөө зэрэг гэрүүд нь жуулчдын сонирхлыг ихэд татаж, гэрүүдэд хүний хөл тасрахгүй байлаа. Ийнхүү монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэл, соёлыг таниулж гайхуулахаас гадна хамт олны эв нэгдэл,эерэг энерги, зохион байгуулалтаараа үзэгч олныг баясгасан Дээлтэй монгол наадам өндөрлөж,  хувьтай хүн хурнаар гэсээр цугласан иргэд сэтгэл тэнүүн буцсан юм. 

 

 

О.НАНСАЛМАА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?