ХУРТАЙ, ХУРДТАЙ, СОЁЛЫН НААДАМТАЙ ХҮЙ МАНДЛЫН ДЭНЖ

2018-07-12  

Энэ жилийн наадмын нар, хур нь тэгширчээ. Бороо шивэрч, салхи сэвэлзээд л, Хүй долоон худагийн дэнжид ёстой л нэг монгол наадам болж байна. Наадамчин олон хуушуураа идэж, айргаа ууж, урлагийн тоглолт үзэн морьд эргэхийг харсан шигээ хөх тэнгэрийн доорх Монгол нутагтаа тэнэгэр наадаж байна.

Хүүхдүүд нүүрэндээ үлгэрийн баатруудын зураг зуруулж, цаасан шувуу хийсгэн, морь тэмээ унаж үзээд, бас ундаа чихэр барьчихсан нэг л жаргалтай байх. Энэ бол монгол наадмын жаргал ханхалсан дүр зураг байдаг аа.

Сүүлийн хэдэн жил наадмын салшгүй хэсэг болсон зүйл бол “Соёлын наадам” юм. Эхэндээ дан гадныхан ирж үздэг байсан бол арав гаруй жил тогтмол зохион байгуулсаар эдүгээ монголчууд өөрсдөө ч үзэх дуртай ийм зүйл болжээ. Соёлын наадам “Сэрсэн тал” хэмээх урлагийн тоглолт, хөгжмийн наадам болохоос гадна, “Морьтон монгол” үзүүлбэр, уламжлалт тоглоом наадгай, зургийн уралдаан зэрэг цогц хөтөлбөртэй байдаг. Ингээд Соёлын наадмыг тасралтгүй 11 жил зохион байгуулж байгаа СУИС-ийн захирал Сонинтогостой уулзаж, дараахь тодруулгыг авлаа.

-“Соёлын наадам”-ын энэ жилийн онцлог юу байна вэ?

-Ер нь манай монголчууд морины соёлтой ард түмэн. Тиймээс морины соёлыг дагасан тоглоом наадгай, дуу хөгжим, зураг гэх мэт Монголын уламжлалт өв соёлыг сурталчлах зорилготой Соёлын наадмыг хийдэг. Бид тогтвортой арван нэгэн жил хийлээ. Энэ олон жилд тогтвортой хийнэ гэдэг нь Соёлын наадмын бас нэгэн үнэ цэнийг бий болгож байгаа юм.

Үндсэн хоёр хэсгээс бүрдэж байна. “Сэрсэн тал” хэмээх урлагийн тоглолт, “Соёолон харъя гэвэл соёлоороо бахархъя” гэсэн гар урлалын бүтээгдэхүүн, дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн зориулалттай туурвисан бүтээлүүдийг үзэчдэдээ толилуулж байна даа.  

-Өнөө жилийн хувьд монголчууд маань өөрсдөө их сонирхож байна. Эхний жилүүдэд дан гадныхан ирж үздэг байсан?

-Тийм. Наадмын хуушуур, монгол хөг аялгуу, “Сэрсэн тал” хөгжим гурав бол эрийн гурван наадмын нэг хэсэг болтлоо ард олонд хоногшжээ. Яг бидний ахуйтай таарсан учраас задгай тэнгэрийн дор монгол аялгуугаа тоглож үзүүлэхээр илүү их ойлгомжтой, сайхан байгаа байх. Төрийн наадмаа үзэхээр зорьж ирсэн монголчууддаа бид аль болох сайхан зүйл үзүүлэхийг хичээж байна. Энэ жил Өвөр Монголоос, Солонгос, Сингапураас уран бүтээлчид олон ирсэн байгаа.  

-Сая сонирхож үзэж байхад хурган чих гээд хөгжим харагдлаа. Анх удаа үзэгчдэд тоглож үзүүлж байгаа гэлээ?

-Энэ жилийн нэг онцлог нь судалгаанд суурилсан уран бүтээлүүдийг дэлгэсэн. Гадна талд хадгалагдаж байгаа асар их соёлын өвүүд байна. Манай эрдэмтэд Шведийн номын санд хадгалагдаж байсан Монгол ардын дуунуудыг энд авчраад ноотлоод, орчин цагийн монголчууд урьд өмнө огт сонсож байгаагүй дуунуудыг сэргээж байна.  Мөн 15, 16 дугаар зуунд тоглож байгаад мартагдсан хөгжмийн зэмсгүүдийг сэргээн дахин сургалтанд оруулж байна. Тухайлбал, саяын хэлсэн хурган чих гээд бишгүүр хөгжмийн төрлийн хөгжмийг олж сэргээсэн. Манай сурагч хүүхдүүд тоглож үзүүлж байгаа.

Түүнчлэн хөөмийн урлагийг баяжуулж, хөөмийн хөгжимт жүжиг тоглосон. Манай багш нарын судалснаар хөөмий бол хөгжмийн анхны эх гэж үзэж байгаа. Үзэгчдийн хувьд нөгөө л нэг байдаг дууг биш Монголын уламжлалт өв, хоёр гурван зуун жилйн өмнө ямар дуу дуулдаг байв гэдгийг нээж харуулж байгаагаараа Соёлын наадам маань онцлогтой болж байна.

 

 

 

Ц.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?