МОНГОЛ БӨХИЙН 22 ДАХЬ АВАРГААР НАМСРАЙЖАВЫН БАТСУУРЬ ТОДОРЛОО

2018-07-13  

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадам болж өндөрлөлөө.

Хүчит бөхийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, О.Балжинням, Г.Эрхэмбаяр нараар ахлуулсан хүчит 512 бөх хүч үзсэн юм.

Баяр наадмын бөхийн барилдаан Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж монгол бөхийн 22 дахь аваргаар тодорлоо. Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаададмба найм давж үзүүр бөхөөр тодорсон юм.

Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Н.Жаргалбаяр долоо давж заан цолоо баталлаа.

Баянонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Н.Золбоо, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Т.Бэгзсүрэн нар зургаа давж шинээр улсын харцага цолны болзол хангасан юм. Мөн өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх улсын арслан     Ц.Содномдорж зургаа давж долоогийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай тунаж барилдаад хавсруулж унасан юм.

Энэ удаагийн баяр наадмаар нийт найман аймгийн цолтон тав давж начин цол хүртсэн бол гурав нь зургаа давж улсын харцага цолтон болсон.  

1.    Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, “Өрмөн уул” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх аймгийн хурц арсан  Баярсайханы Батжаргал

2.    Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Тавантолгой” ХК, Онцгой байдлын Ерөнхий газрын бөх аймгийн хурц арслан Шоовдорын Дарханбат

3.    Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх аймгийн хурц арслан  Цогбадрахын Бямба-Очир

4.    Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Сод монгол” групп, Зэвсэгт хүчний 034-р ангийн бөх Дашзэвэгийн Амаржаргал

5.    Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, ТЭЦ-4 ТӨХК, “Импрайлд Гоулд Майнинг” ХХК, “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын 435-р ангийн бөх аймгийн арслан  Батбаярын Даваа-Очир

6.    Баянхонгор аймгийн Заг сумын харьяат цэргийн арслан Д.Цэрэнтогтох  нар тав давж монгол улсын начин цолны босгоор алхсан юм.

Баяр наадмын түрүү бөхөөр нэрлэгдэж байсан улсын арслан Р.Пүрэвдагва бөхийн барилдааны дөрвийн даваанд аймгийн арслан Б.Даваа-Очирт хашиж мордуулаад өвдөг шороодсон бол улсын харцага О.Хангай энэ даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарыг дийлсэнгүй. Мөн дээгүүр барилдах боломжтой улсын харцага Т.Баасанхүү оноолтын даваанд Сүхбаатарын хурц арслан Б.Батжаргалыг хөлдөө алдаад    өвдөг шороодов. Элдэвтэй барилддаг харцагыг энэ даваанд өвдөглөнө гэж тааварласан бөхийн хорхойтон  бараг үгүй биз.

Бөхийн барилдааны тавын даваанд түрүү бөхөөр нэрлэгдэж байсан улсын арслан П.Бүрэнтөгс цэргийн арслан Д.Цэрэнтогтохыг амлаж барилдсан давхар тохуулаад тэнгэр харав. Дараахан нь улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Д.Амаржаргалд мордуулаад өвдөг шороодож таавар будилуулав. Начин цолны төлөө олон жил барилдаж буй аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү дөрөв давсан ч улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодож дараа жилийн наадмыг хүлээхээр болов.

Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмаар нэг аварга, гурван харцага, зургаан начин цолтон төрлөө.

 

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?