ГУРВАН ҮЕИЙН БӨХИЙН УДАМТАЙ, БӨХИЙН ГОЛОМТОД ӨССӨН АВАРГА

2018-07-13  

Монгол бөхийн шинэ аварга. Баяр наадмыг чимлээ. Аатай бяртай аваргуудын залгамжийг Намсрайжавын Батсуурь үргэлжлүүлэхээр боллоо. 22 дахь аварга гэж цолууллаа. Наадамчин олноо цэнгүүллээ.

“Увс нуур” бөхийн галынхан наадмын өмнөхөн сорилго барилдаанаа хийхэд Н.Батсуурь түрүүлсэн юм. Тэгэхэд нь “Арслангийн бэлтгэл ханачихсан байна, энэ жил шинэ аварга төрөх байлгүй” гэж зарим бөх сонирхогчид дүгнэлтээ хийчихээд л явж байсан. Тэр номоор болж, “Увс нуур” галаас шинэ аварга гарлаа. Жил жилийн наадмын бөхийн таавар эвдэгдэж л байдаг. Энэ наадмын хувьд тавын даваанаас эхлээд том цолтнууд унаж, зарим нь шинэ цолтон төрүүлсэн шигээ наадмаа дуусгаж байгаа харагдсан. Ингэхээр зургаагийн даваанаас таамаг ерөнхийдөө холдож байгаа юм.

Батсуурийн аав Г.Намсрайжав улсын харцага цолтой. Өвөө Ж.Гэлэг нь улсын начин. Аавын талд нь самбо бөхийн олон улсын хэмжээний мастер Г.Даваасамбуу, аймгийн арслан Г.Дансран, чөлөөт бөхийн Ази тивийн аварга Н.Баярмагнай нарын бөхчүүд байдаг. Харин ээжийн тал нь улсын начин Р.Даваадалай, гавьяат тамирчин улсын начин Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нарын бөхчүүдтэй. Яалт ч үгүй энэ айл бөхийн голомттой. Гурван үеийн удамтай гэж ярьдаг.  Н.Батсуурь аварга нэгэн ярилцлагадаа “Аав маань бөх хүн болохоор аавыгаа дагаж балчир багаасаа л энд тэндхийн барилдаан үзэж өссөн. Наадам, цагаан сарын өглөө аавынхаа дээл хувцсаа бэлдэн, гэгэлзэж байгааг хараад би бөх болно гэж бодох болсон” хэмээн ярьсан юм. Ингэхээр тэрбээр монгол бөхийн ертөнцөд өсөж торниж, бөхийг эрт мэдэрсэн хүн. Бөхийн дэвжээ хатуу бол, хатууг нь ах нарын барилдаанаас харсан мэдэрсэн байж таарна. Бөхийн том аваргууд ямар явдаг, яаж барилддаг гэдгийг бусад аваргуудын байдлаас харж л өссөн, одоо өөрөө аварга. Тэгэхээр маргаангүй бөхийн голомтоос төрсөн аварга юм даа.  

2007 онд Ховд аймагт очиж аймгийн начин цол хүртсэн байдаг. Тэрнээс хойш бөхийн спортоос үл ялиг хөндийрч Их Наран улсад тодорхой хугацаагаар суралцахаар явж. Тэгээд 2009 онд нутагтаа ирээд эргэлтгүй энэ спортоор хичээллэсэн. Японд сурч байхдаа нэгэн удаа Асашёорюү Д.Дагвадорж аваргатай уулзахад нь их аварга “Миний дүүд монгол бөхийн нэг түрүү байгаа шүү, хичээгээрэй” хэмээн хэлсэнд нь тун ч бэлгэшээсэн гэдгээ хожим ярьж байсан. Их аваргын үг түүнд нөлөөлсөн үү, 2014 оны наадмаар ёстой хэн ч таамаглаагүй байхад Завханы Ш.Жаргалсайхан гарьдтай үзүүр түрүүнд үлдэж даван, улсын арслан цол хүртсэн. Увс нутгийнхан Төв цэнгэлдэхэд “Увс нуур” дуугаа дуулахад хүргэж явсан даа.

2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн наадмаар Ө.Даваабаатартай хүч үзэн давж, аймгийн арслан цол хүртсэн. Бүх цэргийн наадмын чимэгтэй. Жүдо бөхийн улсын аваргад гурван удаа түрүүлсэн, Дэлхийн цомын хүрэл, Азийн аваргын хүрэл медальтай. Бөхийн жүдо барилдаанаар 2006 оноос хичээллэж, -73кг-ын жинд барилдаж явсан. Тэгэхээр их спортоор барилддаг учраас бөхийн мэдрэмж бусдаас илүү нь мэдээж. Н.Батсуурь аваргын хувьд Бөхийн холбооноос жилийн турш зохион байгуулдаг заал танхимын барилдаануудад тогтмол зодоглож харагддаг. 

 

 

Ц.БАЯРЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Баянмөнх:Удахгүй шээснээс нь сэргээш допинг илэрч мундараа хутгана. Бөхийн гал голомтынхоо үүд хаалга эвдэж, төрийн цагдаа зодож, хов жив тарьсан хүнийг бөхийн тэнгэр ивээнэ гэдэгт үл итгэж байна. Монгол бөхийн аварга цол ийм үнэ хүндгүй болох гэж үү? Шударга ёс, ариун дэвжээ, үнэн хүч үзэх хаана байна Монгол бөхийн тэнгэр ингэж гундах гэж. 2018-07-13
ДОРЖ:УУР ЧИНЬ ХҮРЭЭД ЗААВАЛ НЭГ МУУХАЙ ЮМ ХЭЛЖ БАЙЖ САНАА ЧИНЬ АМРАХ ГЭЭД БАЙНА УУ ХАЛХЧУУД МИНЬ БЯР ЧАДАЛТАЙ НЬ ТҮРҮҮЛДЭГ ҮНДЭСНИЙ БАЯРЫГ БИТГИЙ ГУТААГААД БАЙ МОНГОЛ БӨХИЙН ТЭНГЭР ГУНДАХ БИШ ХАЛХ ХҮН ИЙМ ХУНШГҮЙ ХҮН ЧАНАРГҮЙ АТААРХУУ БОЛСНЫГ ГАЙХАЖ БАЙНА ТА ӨӨРИЙГӨӨ ХҮМҮҮЖҮҮЛ 2018-07-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?