“ИРЭЭДҮЙН АВАРГА” ШАГНАЛ БИЕЛЛЭЭ ОЛЖ, Н.БАТСУУРЬ 23 ДАХЬ АВАРГА БОЛОВ

2018-07-17  

Одоогоос 10 орчим жилийн өмнө юм даа. 2008 оны намраас “Соёл Эрдэм” дээд сургуулийн бөх аймгийн начин Н.Батсуурь гэж шаггүй барилдаанч туранхай бор залуу Бөхийн өргөөний барилдаануудад гарч бөх сонирхогчдын анхааралд өртөх  болов. Аймгийн начин цолтой тул дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, До.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар нарын аманд очно. Тухайн үеийн манлай бөхчүүдийн гар хөлийн үзүүрээр унаж өгөхгүй дээ. Үеийнхээ залуустай харьцуулахад арай л өөр. Хор  шартай, шүдээ зуугаад л болохоос болохгүйг хүртэл яс үзнэ.  Бусгах, зайлах мэхийг их өвөрмөц хийнэ. Хааяа зүүн барууны манлайд гарсан аварга арслангуудыг бөгсөн дээр нь эргэтэл нь  бусгачихаад өргөөнд цугласан олны “цөсийг хөөргөнө”.  Бөх сонирхогчдын танил, зарим нэгнийх нь дэмждэг хүчтэн болсон тэрээр үндэсний бөхөөс хэсэг хугацаанд завсарлаж Япон улсыг зорьжээ. Хоёр жилийн хугацаанд эрдмийн мөр хөөгөөд ирэхэд нь Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Ж.Бат-Эрдэнэ гээд нэгэн цаг үед гарч ирсэн залуус нь бүгд цол ахичисан зарим нь бүр улсын цолтон болчихсон байв. Хилийн чанадад сурч байхдаа цаг хугацааны үнэ цэнийг үүнээс ойлгосон талаараа хэлсэн юм. Аймгийн начин Н.Батсуурь үеийнхээ залуусыг гүйцэхийн тулд тэднээс илүү их хөдөлмөрлөх хэрэгтэйг ухамсарлажээ. Улмаар жүдо бөхийн улсын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж эхэлсэн байна. Их спортын ачаалалтай бэлтгэлд хамрагдсан Н.Батсуурийн барилдааны ур чадвар өдрөөс өдөрт ахиж байсан юм. 

2011 оны сар шинийн  барилдаанд аймгийн начин цолтой зодоглосон Н.Батсуурь  хоёрын даваанд аралтай гарьд Нямдоржийн Ганбаатарын аманд очиж ганцхан бусгачихаад тугны зүг гүйсэн байна. Хүчтэй гардийг өвдөглүүлсэн залуу хүчтэнг гурвын даваанд амлах бөх олдсонгүй. Говь-Алтайн уран барилдаант улсын начин Ж.Бат-Эрдэнэтэй тунаж хүч тэнцүүхэн барилдаанд барьц сонгож оноолтын даваанд босохоор болжээ. Зориг сэтгэл орсон залуу начин дархан аварга Г.Өсөхбаярыг тахимдахад өнөөх бусгаагаа даалгаж шуугиан тарьсан юм. Бага наадмын тавын даваанд тухайн үеийн   цэргийн арслан Ч.Санжаадамбатай тунаж барилдаад өвдөг шороодоод “Бага зэрэг яарчихлаа. Залуу улс цаашдаа олон удаа барилдах байх. Алдаагаа давтахгүй ээ” гэж ярилцлага өгч байсан удаатай. Бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг шинждэг сар шинийн барилдаанд онцгой сайн барилдсан Н.Батсуурийг  дархан аварга А.Сүхбат үнэлж “Ирээдүйн аварга” шагналаа хүртээсэн юм.  Уран, дайчин  барилдаанаараа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн “жижиг” аваргын итгэлийг удамт бөх Намсрайжавын Батсуурь алдсангүй. Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадамд улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүлж  Монгол бөхийн 23 дахь аваргаар тодорсон юм.  Тэрээр “Ирээдүйн аварга” шагналын эздээс төрсөн хоёр дахь аваргаар тодорч байна. 

Аварга цолд хүрсэн зам

Н.Батсуурийн монгол бөхийн  оргилд хүрэх зам цэх, шулуун байсангүй.  2007 онд Ховд аймгийн наадамд хорьж болохгүй 20 насандаа зодоглож дөрвийн даваанд өөрийн аав улсын харцага Г.Намсрайжавтай оноолт таарч даваа авсан байна. Харин цолны төлөөх хариуцлагатай даваанд тунаж барилдаад  аймгийн начин болж байжээ. Улсын их баяр наадамд 10 удаа түрүүлсэн дархан аварга Хорлоогийн Баянмөнх Ховд аймгийн баяр наадамд тав давж  аймгийн цолны босгоор алхжээ.

Аймгийн начин Н.Батсуурь цол ахихаар хэд хэдэн наадамд зодоглосон ч “ганзага хоосон” буцаж байжээ. Аймгийн арслан цол горилж Дорноговийн наадамд очиж зодоглоод нэгийн даваанд уначихаад уйлаад буцаж байсан үе ч түүнд бий. Завханы наадамд ногт ганзагалж очиход нь гурвын даваанд улсын гарьд Ш.Жаргалсайхан амлаж  гомдоож байсан гэдэг. “Завханы  наадмаар би аминдаа аймгийн арслан цол горьдож очсон юм. Тэгсэн  гурвын даваанд Жагаа ах  амлаж аваад  тасалчихдаг юм. Би уйлаад. Тэгээд л наашаа гараад 2000 км замын турш барайгаад л дотроо Жагаа ахад жигтэйхэн гомдсон хүн ирж байсан. Бид хоёр чинь тэгээд хөгжилтэй. Дараа нь Жагаа ах надаас уучлал гуйгаад ”за, ахын дүү зүгээр үү” гэж байсан. Бөхийн амьдрал хатуу гэдгийг тэгэхэд ойлгосон шүү” гэж ярьж байсан юм. Цолоо ахиулж хараахан амжихгүй байсан тэрээр улсын наадмын дэвжээнд анх зодоглохдоо  улсын харцага Д.Батболдод тахим өгч байжээ. Харин дараа жил нь дөрвийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодож байсан аж. “Х.Мөнхбаатар арсланг өмнө нь хоёр ч удаа давсан болохоор өөртөө их л итгэлтэй гарсан. Гэхдээ улсын том цолтой бөх чинь наадмаар хий зай нь арилчихсан байдаг юм билээ. Наадмын дэвжээнд яарч түргэн шийдвэр гаргаж болохгүйг тэр барилдаанаас ойлгосон шүү” гэж дурссан нь бий. 2011 онд дахин зодоглосон ч оноолтын даваанд До.Ганхуяг арсланд унасан байна. “Улсын наадамд гурван удаа доогуур даваанд уначихаар чинь “Би улсын цол авах учиргүй юм болов уу ч гэж бодогдож байсан шүү.  Гэхдээ цаг хугацаа  хүний хүч хөдөлмөр, бэлтгэл сургуулийг үнэлдэг юм билээ” гэж ярьж байсан юм.  Тэрээр 2011 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд зодоглож улсын  харцага Ө.Даваабаатараар найм даван түрүүлж олон жил хүлээсэн аймгийн арслан цол хүртсэн байна. Цол дагаж бяр нэмсэн залуу арслан Н.Батсуурь 2013 оны Ардын хувьсгалын  92 жилийн ойн их баяр наадмаар зургаа давж улсын харцага цолд хүртсэн юм. Бусад залуу бөхчүүд шиг нутгийн ах цолтнуудын дэмжлэг, татаас яриа хөөрөө хийх шаардлага бэлтгэл сургуулилтаа сайтар базаасан Батсуурьт байсангүй. Бөхийн барилдааны гурвын даваанд Сэдэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат улсын харцага Б.Одгэрэл (тухайн үед аймгийн хурц арслан байсан)-тэй тунаж барилдаж давсан байна. Оноолтын даваанд өмнөх наадмын түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй нугарч дархан бусгаагаараа хазайлгаж анх удаагаа улсын цолны даваанд боссон юм. “Тэр жил Бүрнээ маань аварга болох бодолтой байхад нь дөрвийн даваанд би таарч хаясан юм. Хамт бэлтгэл сургуулилт хийдэг болохоор  хэн хэнийхээ арга барилыг сайн мэддэг. Энэ нь надад амар байсан л даа” гэж энэ барилдааныхаа талаар ярьж байсан юм.  Начин цолны төлөө тэрээр нутгийн бөх Ө.Бат-Оршихтой барилдаж гар таллаж дамжиж ард гарснаар мэхээ даалгаж улсын цолтнуудын өнөр бүлд багтжээ.  Начин болсон Батсуурь харцага цолны даваанд Говь-Алтайн өсөх идэр начин Лувсандоржийн Цэрэнтогтохтой тунаж уран сийрэгхэн  барилдаан үзүүлж туг тойрчээ.

Аавынхаа цолд хүрсэн Н.Батсуурь Бөхийн өргөөнд зохиогдсон улс аймгийн цолтнуудын барилдаанд тогтмол амжилттай барилдаж түрүүлж, үзүүрлэж шөвгөрч байсан юм. Бүтэн жилийн хугацаанд бэлтгэлжилтийн формоо амжилттай хадгалсан Н.Батсуурь ардын хувьсгалын 94 ойн их баяр наадамд одтой сайхан барилдаж Завхан аймгийн Идэр смын харьяат улсын гарьд Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж Монгол Улсын арслан цолны болзол биелүүлсэн юм.      

“Түрүүлэх хэмжээний арслангуудтай дөрвийн даваанд оноолтоор таарч олон ч удаа унасан. Түрүүлэх хэмжээнд бэлтгэгдсэн бөхчүүдээс илүү  сайжирч байж анх эхлүүлсэн зорилгодоо хүрэх хувьтай байсан юм билээ”  гэж ярьсан юм.

“Тэр жил наадмын нээлт 11:00  цагаас  эхлэх байсныг би мэдэлгүй өглөө 9:00 цагт төв цэнгэлдэхэд очсон. Хоёр цаг орчим хүлээсэн дээ. Тэр үед наадмын түрүү бөхийг “Тоёота”-гаас машинаар байлах анхны уламжлал эхэлж байж л дээ. Өнөөхийг нь “Төв цэнгэлдэх”-ийн үүдэнд “сойчихсон”  байсан юм. Хараад  хамт очсон хүргэн ахдаа би тоглоомоор “Түрүүлчихээд наадмын талбайгаа “Тоёота” унаж тойрох юм биш биз дээ. Ер нь авч яагаад болохгүй гэж” гэж хэлж байсан юм. Одоо бодоход   өөртөө итгэлтэй байсан ч юм шиг санагддаг юм. Эхний өдөр  хоёр давчихаад  маргааш нь гэрээс гарахдаа эхнэртээ “Би том цол авна шүү. Бэлтгэлтэй байгаарай” гэж захиад арслан болоод харьсан даа” гэж ярьж байлаа. 

Арслан болсон Н.Батсуурийн дараагийн зорилго нь улсын аварга цол байсан аж. Монгол бөх жигдхэн хөгжиж, аймгийн арслангууд хүртэл түрүүлэх зорилготой бэлтгэлээ өндөр түвшинд базаадаг болсон өнөө үед энэ мэдээж амаргүй. Гэхдээ удамт бөх хүчтэн Н.Батсуурь энэ зорилгоо биелүүлсэн. Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмаар улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир, Н.Золбоо, улсын заан Н.Жаргалбаяр, улсын аварга Ч.Санжаадамба нарыг дараалан Монгол Улсын 23 дахь аваргаар тодорсон юм.  Тэрээр энэ наадмын талаар  “Даваа болгон хүн байсан шүү. “Увс нуур” бөхийн галынхны  надад өгсөн эрч хүч дотор минь буцалж байлаа. Бие минь ядарч байсан ч сэтгэлээр ядраагүй” гэж хэлсэн юм. 

Удамт аварга Намсрайжавын Батсуурь

Монгол бөх удам дагадаг гэдэг. Тэгвэл улсын аварга Н.Батсуурь гурван үеийн бөхийн удамтай.  Түүний өвөө Жотойн Гэлэг 1950 оны улсын их баяр наадмаар улсын аварга Шаравын Батсууриар тав давж улсын начин цол хүртсэн юм. 

“Миний хөгшин аав 1950 онд нутгаасаа нэг сар гаруй шуудангийн машинаар явж улсын наадамд зодоглосон юм байна лээ. Долдугаар сарын 11-ний өглөө стадион дээр ирж л дээ. Цэргийн дарга нар бүртгэл хаачихсан, барилдуулах боломжгүй гэж л дээ. Би баруун хязгаараас зорьж ирлээ гээд учирлан гуйсан юм билээ. Нэг дарга нь бодсоноо  хоёр цэргийг дуудаж авчраад “Та хоёрын хэн нь хаядаг юм бэ” гэж асууж л дээ. Тэгээд нөгөөдөө унадаг гэсэн цэрэгт нь хандаж “Энэ хүнийг оронд  оруулъя” гэсэн шийдвэр гаргаж хөгшин аавын магнайг минь баярлуулсан гэсэн. Ингээд анх удаа улсын наадамд зодоглож, улсын аварга Шаравын Батсууриар тав давсан юм” гэж шинэхэн аварга өвөөгийнхөө талаар хуучилсан.  Увс нутгаас төрсөн анхны улсын цолтон Ж.Гэлэг зургаагийн даваанд  “Дэрэн бор” хэмээх улсын арслан Самданжигмэдтэй хүч үзсэн байна.  Арслан нүд рүү нь гараа хийчихэд нүд нь бүлтрээд гараад ирсэн байна. Улмаар  нүдээ гарын алган дээрээ нааж байгаад буцаагаад хийчихсэн аж. Барилдах гэсэн боловч эмчийн магадлагаагаар хасагдаж уналгүйгээр  начин  цолны тэмдэг зүүжээ.

Мөн Батсуурийн аав нь 1988 оны улсын их баяр наадмаар зургаа давж улсын харцага цол хүртэж байжээ. Мөн 1980 оны Москвагийн олимпийн наадмын хүрэл медальт гавьяат тамирчин Равдангийн Даваадалай шинэхэн аваргын ээжийнх нь ах юм. 

 

 

 

Д.НЯМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:за хүн нэрээ тогос өдөө гэж.... эцэг шигээ байвал нохойн замаар орно шүү. улс амьтан тоохоо болих байх шүү... хичээгээрэй 2018-07-17
Zochin:Za awargs bolson geed hvn zodood baiw daa Es judagaa erhemlej yawaarai da Aawtaigaa niileed hun zodood bulai bolow doo 2018-09-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?