Үргэлжлэн орсон усархаг бороо Монголын амьдралын бодит дүр зургийг сөхлөө. Дан ялангуяа нийслэл Улаанбаатар хот ямар хуучин байгааг харуулах шиг боллоо. Жил жилийн хавар хотынхоо хэдэн гарц, орцыг ухахаас хэтэрдэггүй. Хотын дэд бүтэц үнэхээр хөгжилгүй, аль хуучин үеийнхээрээ байгааг усан борооноор л бид харж байна.
Улаанбаатар хот маань усан дунд хөвж буй мэт л энд тэндгүй том том шалбааг, тогтоол ус цэлэлзэнэ. Явган хүн алхахын эцэсгүй байна. Та бүхэн цахим сүлжээгээр хөвөрч байдаг элдэв хөгжилтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг гэрэл зургуудыг бэлээхэн санаж буй биз ээ. Миний санахаар зун болгоны борооноор төмөр замын вокзалын арын уулзвар цэлийсэн их ус болчихдог. Гадаадаас ирсэн жуулчин хөлдөө гялгар уут углачихсан ус туучиж гарцаар гарч байгаа харагдсан. Бас түрдэг тэргээр иргэдийг ус гатлуулж өгч байгаа ч харагддаг. Гэтэл хэн ч янзлалгүй, хайхрахгүй хичнээн жил болж байна. Бороо болгоноор нэгийгээ үүрч дүүрч, тэргээр түрж гарцаар гарах ёстой юм шиг болтлоо орхигдож дээ.
Гэр хороолол энэ хэдэн өдрийн борооноор бараг усанд урслаа. Бохир нь халилаа. Үүнээс болж элдэв халдвар гарч байна. Гэдэсний халдварт өвчний улмаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандах иргэдийн тоо нэмэгдлээ гэсэн мэдээ хэвлэлд гарсан харагдана лээ. Бас нэмээд Хавдар судлалын үндэсний төвийн барилга усанд автаж, нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүд нь ажиллахгүй болсон тухай мэдээлэв. Монголдоо ганцхан байгаа туяаны аппарат үерийн усанд сүйдчихэж. Орон нутагт 75 сум тог цахилгаангүй боллоо. Авто замууд эвдэрлээ. Яг үнэндээ замын чанар ямархуу баригдаж байдгийг борооноор харлаа. Баян-Өлгийд 270 айл яахаа мэдэхгүй Засгийн царайг харж хоцорлоо. Нийслэлд хоёр халуун амь үерийн усанд үйлээ. Ерөөс ингээд үерт нэрвэгдэж, энд тэндгүй сөхөгдөж байгаа асуудлуудаа тоолж баршгүй байна.
Дэлхийн улс орнууд үерийн ус зайлуулагч, үерийн хамгаалалтын далан, болзошгүй гамшгаас хамгаалах асуудлуудаа болж бүтэхээрээ шийдчихсэн байхад манай улсад, нийслэл хотод алга. Үертэй жил болгон энэ асуудлыг хөндөж, үерийн ус зайлуулагч хийчихдэг байгаач, хамгаалалтын далан бариач гэж хэвлэлүүд өчнөөн бичиж сурвалжилж байсан шүү дээ. Энэ олон жилд төр тоож байсангүй. Дээд удирдлагын түвшинд ямар ч асуудал шийддэггүй, хэтэрхий их улс төржиж суудгийн нэгээхэн жишээг үргэлжлэн орсон хэдэн өдрийн бороо илчилж байх шиг.
Ерөнхий сайд сая онцгой комиссыг хуралдуулж, хэдэн сайдаа юм хийдэггүйгээр нь дуудсан болоод үлдлээ. Үнэндээ өнөөдөр Монголд ийм асуудлыг шийдчих улстөрч, төр, засгийн удирдлага гэж байхгүй бололтой юм даг уу.
Ц.БАЯРЖАРГАЛ