Долдугаар сарын сүүл үе, наймдугаар сар бол жилийн хамгийн ачаалалтай улирал байдаг. Ердөө сар гаруйхны дараа хичээл сургууль эхлэх тул айл болгонд оюутны сургалтын төлбөр, цэцэрлэг сургуулийн төлбөр, хичээлийн хэрэгсэл бэлдэх, хадлан тариагаа хураах, өвөлдөө бэлдэх гээд эдийн засгийн хувьд манай улсын хамгийн оргил үе энэ хугацаанд таардаг. Яг энэ үед шатахууны үнэ нэмэгдчихээд байна. Шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг нь бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх суурь шалтгаан болчихдог. Бараг бензиний үнэ нэмэгдэхэд талх байтугай саван, шүдэнзний үнэ нэмэгддэг шүү дээ, манайд.
Баяр наадмын өмнө АИ92-ийн үнэ гэхэд л 30 төгрөгөөр нэмэгдэж, 1830-тай болсон. Тэрнээс хойш хоёр долоо хонож байхад салбарын сайд нь ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийсэнгүй. Яагаад нэмэгдсэн бэ гэдгийг ард түмэн гайхаж сууна. Учир нь Засгийн газар өнгөрсөн хавар шатахуун импортлогчидтой хэл амаа ололцон, өргөн хэрэглээний АИ92, А80 зэргийн импортоор оруулж ирэх бүх төрлийн татварыг нь тэглэсэн гэдгээ мэдэгдэж байсан. Гэтэл татвар тэглүүлсэн мөртлөө одоо яагаад баярын үеийг тааруулан үнээ нэмчихэв. Үүнийг Д.Сумъяабазар сайд та, учрыг нь олохгүй юм уу.
Ялангуяа сүүлийн хэдэн өдрийн үргэлжилсэн их усархаг бороо, үерийн гамшиг энэ намрын эдийн засгийн байдалд нөлөөлөх нь тодорхой болчихлоо. Тэгэхээр бензин шатахууныхаа үнийг зохицуулах асуудал дээр төрд үнэхээр бодлого байгаа юу, үгүй юу гэдгийг ард түмэндээ нэг дуулгаач, сайд аа.
Ц.БАЯРЖАРГАЛ