( Ц.Энхбаяр дүүгийн тухай дурсамж )
Дүүгийн маань сүүлчийн үг энэ байлаа. Тэр энэ үгийг зулай дээр минь гишгэж төрсөн Ц.Энхболд ахад л хэлсэн. Тэр хэлснээ эр цэргийн ёсоор тушаал мэт дагалаа. Дүү маань хөрст хорвоогийн амьдралдаа хоргодсонгүй, туулсан амьдралдаа харамссангүй. Ухаан саруул байж, захиас гэрээсээ ч үлдээлээ.
Аав, ээжийн энэрэл хайр, ах эгчийн өмөг түшиг, сайн хань ижлийн халуун хайр, халамж, үрийн жаргал, баяр баясгалан энэ бүхнээр дүү маань дүүрэн амьдарсан. Гунигтай өдрүүд байсан ч, жаргалтай өдрүүд нь түүний амьдралд бүр олон байсаан.
"Цагдаа болно" гэж хүүхэд ахуй цагаасаа мөрөөдсөн тэр л мөрөөдөлдөө хүрсэн. Монгол улсын криминалистикийн "гол" шинжээч гэж үнэлэгдэх болсон. Монголын улс төрийн амьдралд хамгийн том дуулиан үүсгэсэн С.Зоригийн амь насыг хороосон гэмт хэргийг газар дээр нь очиж шинжлэх үүрэг даалгаврыг Монголын Цагдаагийн байгууллага Энхбаяр дүүд маань итгэж өгсөн байдаг. Энэ итгэл, энэ тушаал Ц.Энхбаяр дүүг маань шинжээч мэргэжилтний хувьд хэн байсныг бүрэн тодорхойлно. С.Зоригийн хэргийг илрүүлэх талаар тэрбээр шүүмжлэлтэй ханддаг ч, улсын нууц хэмээн ганц ч үг гээлгүй, тангарагтаа үнэнч байж чадсан даа, дүү минь. Тэр өргөсөн тангарагтаа хатуу чанга ч, сэтгэлээрээ тун зөөлөн өр нимгэн нэгэн байсан. Дээрээ хоёр ах, хоёр эгчтэй айлын бага хүү тэрбээр нэг л өдөр дунд ах миний "урдуур орж", эхнэртэй, бүр хүүхэдтэй болсон.
Волгоград хотод мөрдөн байцаагч-шинжээчээр төгсөж ирсний дараахан гялалзсан, жавхаатай, ганц бие дэслэгч дүү маань нэг л өдөр гэр хорооллын даруухан охиныг, бяцхан хүүгийн хамт Цэндийн (аав) халуун ам бүлд нэгтгэснээр тэрбээр надаас өрссөн хэрэг.
Хүүтэй болсноо бусдаас дуулж, тэр даруй очиж уулзангуутаа л дэргэдээ авахаар шийдсэн байдаг. - Энэ миний хүү. Аав нь хүүгээ өсгөх ёстой гэдэг тун чиг товчхон үгийг цэргийн хүний ёсоор бидэндээ хэлж, ойлгуулсан. Дүү минь, ийм л өр нимгэн, сэтгэл сайхантай.
Ямагт олонтойгоо бужигнах дуртай тэрбээр мөрдөн байцаагч-шинжээчийн хүнд хүчир ажлын дараа мэргэжил, санаа нэгт нөхөдтэйгээ нэг л мэдэхэд цугласан, хөөрсөн байдаг гэж журмын нөхөд нь дурсдаг. Монголын Криминалистикийн шинжээчдийн анхдагч нарын нэг гэж мэргэжил нэгт нөхөд нь зүй ёсоор ч үнэлдэг. Аав маань, - Албан тушаал, сандал ширээг булааж болно, тархин дахь мэдлэгийг хэн ч булааж чадахгүй, мэдлэг боловсролыг л сайн эзэмш гэж биднийг хүүхэд ахуй цагаас л сургаж хүмүүжүүлсэн. Тэр үед аав маань төрийн соёрхол хүртээгүй, гавьяат багш ч болоогүй байсан цаг. Бид бүгд аавынхаа сургаалиар хүмүүжиж, мэдлэг боловсролыг эрхэмлэсэн.
Тэтгэвэрт гарсан хойноо хоёр ч удаа Цагдаагийн албандаа дуудагдан, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн дүүг маань Цагдаагийн гавьяаны одонгоор хоёрдахиа шагнасан онцгой тохиолдол энэ жилийн наадмаар дүүд минь тохиолдсон. -Андуурчээ, одонг чинь, наадмын дараа, Цагдаагийн баяраар Цэргийн гавьяаны улаан тугийн одонг чинь гардуулна аа. Тогтоол чинь гарсан байна гэж төрийн ордны шагнал хариуцсан хэлтсээс уучлал гуйж, утсаар хэлж учирласан байдаг. Дүү маань энэ үгийг одонгоо авсан мэт баярлан хүлээн авсан. Амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд төрдөө үнсүүлж, эр цэргийн ёсоор ёслолын буудлага дор хөрстийн хорвоогоос үдүүлсэн. Бодоход, айлын бага дүүгийн хувьд, бидэндээ эрхэлж, ах, эгч, ээж, хань ижил, үр хүүхэд, багийн анд найз, нөхөд, мэргэжил нэгт журмын нөхдөөрөө хүрээлүүлэн, хорвоог орхижээ.
Цэргийн гавьяаны хос одонгоор энгэрээ гоёсон дэд хурандаа Энхбаяр дүү маань хөрст хорвоод нэр цэвэр, мөр бүтэн, цэргийн ёсоор жавхаатай амьдарсан. Нар шиг гэрэл дагуулсан Нарантуяа гэж сайхан хань ижилтэй. Ганц охин нь аавыгаа залгамжилж, Волгоградын Цагдаагийн Дээд Сургуулийг шинжээч мэргэжлээр төгсөж, мэргэжлээрээ Монголын Цагдаад зүтгэж байна. Хоёр хүү нь ч сургууль соёлоо төгсөн, мэргэжлээрээ эх орондоо болон гадаадад ажиллаж амьдарч байна.
Дүү маань гуниггүй сайхан, өөрийнхээрээ амьдарлаа. Тэр энэ хорвоод мөрөөдлөө биелүүлсэн. Аавыгаа санажээ, дүү минь. Аав ч дүүг дуудсан байна. Энхбаяр дүүг минь тэнгэр таалаг. Хүмүүн төрлийг олж, хувилгаан дүрээр бидэндээ эргэж ирээрэй!
Соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн ЭНХБАТ (дунд ах)
2018 оны долдугаар сар