ЖАН ЖАК РУССОГИЙН ПАРАДОКС

2018-08-13  

Хааны дарлагч төр байхгүй, шашны харанхуй төр үгүй ард түмэн өөрийн төрийг байгуулж, нийт Францууд хоорондоо хамтаар сайн, сайхан амьдрах гэрээгээ байгуулбал Франц хүн болгон өөрийгөө олж, өөрийн ухамсараар өөрийн эзэн болж амьдрах бололцоотой гэж Жан Жак Руссо хэлжээ.

Гэтэл тухайн үеийн Францын гутранги үзэлтэй, бүтэлгүй юм яридаг, бичдэг, эрх мэдэлдээ бялуурчихсан, феодалжсан соёлтой, бусдын хөдөлмөрийг мөлжиж амьдардаг “сэхээтнүүд”Жан Жак Руссог элэглэн дооглож, доромжлонгуй өнгө аястай ийнхүү асуужээ:

Хааныг нь устгаад, шашны төрийг нь унагаад, энэ Францын ард түмэн өөртөө эзэн болж, ард түмний төрийг авч явж чадах уу? Өөрийнхөө амьдралыг ч тээгээд явах чадваргүй шүү дээ. Ёстой хий хоосон мөрөөдөл байна. Чи хэрэв Францын бүх ард түмнийг Жан Жак Руссотой адил мэдлэгтэй, моралтай, өөрийгөө олоод авчихсан хүн болгож чадвал л чиний ярьж буй ард түмний төр оршин тогтнох боломжтой.

Энэхүү асуултад Жан Жак Руссо хариулахдаа:

Бүх ард түмнийг нэгэн шөнийн дотор Жан Жак Руссо шиг болгоно гэдэг бол болмжгүй боловч прогрессийн үйл хэргийн эхлэл тавигдана. Нэг тавигдсан эхлэл зогсолтгүй явагдана. Прогресс нэг эрчээ авахад түрлэг мэт зогсолтгүй явагдана гэжээ.  

Түүний хариултад феодалжсан, бусдыг хөдөлмөрөөр амьдрагч сэхээтнүүд ахин дооглонгуй асуулт тавьжээ:

Тэгвэл чамд ямар арга байгаа юм бэ? Их л аргатай нөхөр байх нь ээ.

Жан Жак Руссо хариулахдаа:

Эхлээд би Францын ард түмнийг та нар хаан болон шашны боол болж амьдарч байна. Өөрийн эзэн биш. Үүнээс болоод та нарын амьдрал хүссэнээр чинь баян чинээлэг, аз жаргалтай байж чадахгүй байна. Боол хүнд ямар хүндэтгэл, ямар сайн сайхан (Good and Aesthetic), ямар нандин (Value), ямар Зөв (Right) байх билээ дээ. Боол хүн бол бусдын л өмч шүү дээ. Өөрийн эзэн байх ямар ч боломжгүй. Өөрийн хүсэл бүр ч боломжгүй. Боол байдлаасаа салж, өөрийн эзэн болж, өөрийн Зөв (Right) болон Тэнгэрлэгээ (Dignity) бүтээж, эрх чөлөө (free from ignorance ), эрх тэгшийн (Equality) эзэн болж, ухамсартай ард түмэн болж төлөвшин, яг төрсөн ахан дүүс (Fraternity) адил дэм дэмэндээ дээс эрчиндээ байж чадсан үед нэг нэгэндээ хонь чоно болохгүй амьдрах бүрэн бололцоотой гэж хэлнэ.

Мэдээж үнэнээ сонссон Францын ард түмэн уурлана. Францын ард түмний боолын амьдрал тэдний уламжлал, ёс, зан заншил болчихсон учраас дургүйцнэ. Тэд асууна. Сократын хэлсэнээр муу, муухайг мэдсээр байж, өөрийн хүслээр муу, муухайг хийдэг хүн хэзээ ч байхгүй. Хүн болгон сайн, сайхныг л хүсдэг. Хэрэв муу, муухай байна гэвэл түүнийгээ мэдэхгүй л байна гэсэн үг гэж хэлсэнийг би сануулна. Дараа нь тэд эргэлзэнэ, дахин асууна. Бидний амьдрал яг сайн, сайхан байна уу?Бид өөрийн эзэн мөн байна уу? Хэрвээ тийм биш бол сайн, сайхан, баян, чинээлэг амьдрал бүтээхийн тулд бид юу хийх ёстой вэ? Юу саад болно вэ? Өөрийн эзэн байхад юуг хийх ёстой вэ? Ямар байх ёстой вэ? Тэд нэг нэгнээсээ асууна, ярилцана. Тэд мэтгэлцэнэ. Үнэнийг мэдэх гэж чин сэтгэлээсээ хүсэх болно. Бид үнэхээр боол юм биш үү? Бидний сайхан амьдралын саад нь бид өөрөө л юм биш үү? Биднийг боолоороо байлгах гэсэн уламжлал, ёс заншил юм биш үү? Тэд эцэст нь үнэнд хүрэхийн тул мэтгэлцэнэ. Улс орон даяар мэтгэлцээн явагдана.

Үүний үр дүнд мэтгэлцээний соёл (Dialectic culture) Францын ард түмний өдөр тутмын амьдралын хэв маяг болон төлөвшиж, үнэнийг мэдэхийн тулд асууж, ярилцаж, мэтгэлцдэг, тэгээд олж авсан үнэнээ нийтээрээ хүлээн зөвшөөрч, даган мөрддөг тийм уламжлал, дадалтай болно. Эцсийн дүндээ, Францын ард түмэн боол байна гэдэг адгийн муу зүйл, бид нараас өөрсдөөс л болсон гэдгийг ухаарах болно. Яаж өөрийгөө олж, өөрийн эзэн байж, хэрхэн ахан дүүс мэт амьдарч, амьдралаа өөд нь татах вэ? Ямар арга зам байна гэж тэд асуух болно. Сайн муугаа мэдчихлээ, сайхан муухайгаа таничихлаа. Өөрийн эзэн баймаар байна гэж тэд шаардах болно. Гэвч тэдэнд өөрийн эзэн байх талаар мэдлэг, туршлага бий гэл үү гэж тэд өөртөө эргэлзэх болно.

Яг энэ үед Жан Жак Руссо би нийт Францын ард түмэнд хэрхэн эрх чөлөө, тэгш эрхээ олж аван,  төрсөн ахан дүүс адил хамтран амьдрах боломжтой, хаан үгүй, шашны дарлал үгүй ард түмний төрөө цогцлоон байгуулж, ард түмэн жинхэнэ төрийн эзэн болж, сайн сайхан амьдрах бүх хөтөлбөрүүдээ өргөн барина. Франц хүн хэрхэн өөрийн эзэн байж, худал үнэнийг ялган, зөвхөн баталгаатай мэдлэгээр л ухамсараа төлөвшүүлж, нэг нь нөгөөгөө дарангуйлах бус, нэг нь нөгөөгийхөө хөдөлмөрийг мөлжих бус, хэрхэн хамтдаа сайн, сайхан, баян чинээлэгийг цогцлоон бүтээх бүх хөтөлбөрүүдээ би өргөн барина гэж хариулжээ.

Түүний хариултыг сонссон Франц хүн өөрийн эзэн болох боломжгүй гэцгээж байсан феодалжсан, бусдын хөдөлмөрийг мөлжигч, гутранги үзэлтэй сэхээтнүүд өөрийгөө олчихсон, тэгш эрхийг эрхэмлэгч Францын ард түмнийг дахин мөлжин амьдрах боломжгүйг ухамсарлан, нийт Франц улсын, Францын ард түмний дайсан болохгүйн тулд Жан Жак Руссогийн хөтөлбөрт нэгдсэн гэдэг.

Францын хувьсгалын 3 тулгуур онол бол тэгш эрх (Equality- хэн ч хэний хөдөлмөр, амьдралыг мөлжихгүй), эрх чөлөө (Liberty- өөрийн эзэн, өөрийн амьдралын эзэн, ард түмний төрийн эзэн байх эрх чөлөө), ахан дүүсэг (Fraternity) юм.

Францад мэтгэлцээний соёл (Dialectic culture) үүсч, нийт ард түмний өдөр тутмын дадал болж төлөвшсөн нь Францын хувьсгал ялах нэгэн гол хэрэгсэл байсан.

Харин мэдлэгийн мэтгэлцээн явуулахыг хориглож байсан тухайн үед Франц эмэгтэйчүүд өөрсдийн амь нас, үр хүүхдэд тулгарах эрсдлээс үл айн, олон тооны салонуудыг Франц орон даяар байгуулж, тэндээ мэтгэлцээнүүдийг өргөнөөр өрнүүлж, баталгаатай үнэн мэдлэг Францын ард түмэнд хүрэх үйлсэд баатарлаг гавьяатай, манлайлан оролцсон яруу түүх бий.

Францын ард түмэнд, ер нь хүн төрөлхтөнд ардчилал буюу ард түмний төр (Democracy) тийм амар, хямдхан олдоогүй. Хөдөлмөрч, баатарлаг, ахан дүүсэг моралтай, зөвийг, тэгш эрхийг эрхэмлэгч эмэгтэйчүүдийн хөдөлмөрөөр боссон байдаг.

Хөгжил бол оюуны хөгжил, мэдлэгийн хөгжлийг л хэлнэ гэж Хегел хэлсэн байдаг. Оюун хөгжиж, мэдлэг хөгжихийн тулд диалектик буюу мэргэжлийн, мэдлэгийн мэтгэлцээн явагдах хэрэгтэй. Диалектик гэдэг нь conversation гэсэн утгатай ба диалектикс нь мэдлэгийн хэллэгээр мэтгэлцэх мэдлэг, онол (knowledge of conversation, theory of conversation) гэсэн үг ба мэдлэгийн тусгай салбар багтдаг.

Монголын боловсролын тогтолцоонд диалектикс буюу мэтгэлцэх мэдлэгийг яагаад заахгүй байна вэ? Ардчилал амь бөх, жинхэнэ утгаараа оршихын тулд ард түмэн нь диалектик соёлтой, чадвартай байх зайлшгүй шаардлагатай.

 

“Моралтай Монгол” Сан

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?