“ДОТУУР БАЙРАНД ОРОХЫН ТУЛД АВЛИГА ӨГӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ ГЭВ"

2018-08-14  

Их дээд сургууль төгссөн оюутнуудын 70 хувь нь ажлын байргүй байгаа тухай бид байнга яридаг. Гэвч үнэндээ сургууль дотор ямар асуудал байгааг огтхон ч анзаардаггүй. Тэгвэл өнөөдөр ардчилсан оюутны холбооны удирдлага, гишүүд оюутны байр болон сургуулиудад ямар ямар “НО” байдгийг дэлгэлээ.  

СБД-ийн ардчилсан оюутны холбооны гишүүн н.Болортуяа “Жилд 13000 оюутан дотуур байранд орох хүсэлт илгээдэг ч 50 хувь л байраар хангагдаж чаддаг. Дотуур байранд орохын тулд заавал ажилчдад эсвэл дарга нарт авлига өгч байж байранд орох нөхцөл үүсч эхэлдэг. Тийм мөртлөө амьдрах орчих маш бохир, суралцах бололцоогүй. Наад зах нь номын сан ч байхгүй. Тэгсэн мөртлөө байрны төлбөр нь сургалтын төлбөрийг дагаад өсдөг. Үүнийгээ хааш нь яаж зарцуулдаг нь тодорхойгүй байдаг” гэсэн юм.

Мөн хурлын үеэр оюутны дотуур байран дээр үүсч буй далд эдийн засаг хэрээс хэтэрч буй талаар хэллээ.  Жилдээ 12000 гаран оюутан дотуур байранд орохдоо авлига өгдөг гэсэн судалгаа гарчээ. Энэ нь байрны жижүүрээс авахуулаад багш, коминдат хүртэл тэнд ажилладаг аль нэг хүнд тодорхой хэмжээгээр авлига өгөхгүй л бол эрт бүртгүүлж, шударгаар өрсөлдсөн ч байрны хомсдолтойгоос хоосон хоцордог оюутнууд олон байдаг байна.  Энэ мэт асуудлууд олон байгаа учраас дотуур байранд хяналт тавих шаардлагатай байгааг Боловсролын яамны холбогдох хүмүүст хандан илэрхийлж байгаа нь энэ аж. Түүнчлэн их дээд сургуулийн хаалгаар анх ороход л бизнес болоод явчихсан мөнгө угаадаг бас нэг асуудал бол нэгдүгээр курсийн оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт зайлшгүй хамруулах явдал байдаг гэлээ. Ингэхдээ мөнгө төлдөг байна. Эмчийн үзлэгт ороход өнгөрсөн жил 15000 төгрөг байсан бол энэ жилийн хувьд нэг оюутнаас 17000-19000 төгрөгийн хураамж авдаг болжээ. Байранд орохыг хүссэн 13000 оюутан энэхүү шинжилгээг зайлшгүй өгдөг журамтай. Бодоод үзвэл 247.000.000 төгрөг болж байна. Энэ хаашаа ордог вэ. Үзлэгийн үеэр эмч нарын хэрэглэж байгаа нэг удаагийн зүү тариур, бусад хэрэглэгдэхүүнийг бодоод үзэхэд 7000 орчим төгрөг болж байгааг АОХ-ны гишүүд хэлсэн юм. Тэгвэл үүнээс хоёр дахин их мөнгө хэнд зориулагдаж байгаа нь гайхаш төрүүлж байгаа юм.

Үүнээс гадна дээд боловсролын салбар чанаргүй болж, улс төрд хэт хутгалдсан гэдгийг хэллээ. Ялангуяа төрийн өмчийн томоохон сургуулиудын удирдлагыг намын гишүүн хүнээр томилох нь буруу гэж АОХ-ныхон үзэж байгаа аж. Тиймээс АОХ-ны зүгээс БСШУСЯ-нд албан ёсоор дараах 6 асуултад хариулт өгөхийг шаардлаа. Үүнд:

Сургалтын төлбөр нэмэгдсэнээр сургалтын чанар хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Сургалтын төлбөр нэмэгдсэнээр багш ажилчдын цалин нэмэгдсэн үү?

Сургалтын чанар багш нарын чадвар хэрхэн нэмэгдсэн бэ?

Сургалтын орчин хэрхэн сайжирсан бэ?

Сургалтын төлбөр нэмж буй үндсэн шаардлага юу вэ?

Эдгээр асуултад хариулт өгөхгүй бол АОХ-ны зүгээс оюутнуудыг удирдаж, албан ёсоор хичээл хаялт зарлаж, хөдөлгөөн өрнүүлэх болно гэлээ.  

 

 

 

О.НАНСАЛМАА 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫГ ТАРААХ НЬ ЗӨВ ҮҮ ?