АТГ-аас УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Шалгалтын явцад түүнийг өмнөх Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх хугацаандаа "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан болохыг нь тогтоосон байдаг. Гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү хурлаар шүүгдэгч Цагаан овогт Зангадын Баянсэлэнгэ, Боржигон овогт Миеэгомбын Болортуяа нарыг Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263. 2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар, М.Болортуяаг төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэлээ.
972 сая 448 мянга 955 төгрөгийг 'Бэрэн групп' ХХК-аас гаргуулж улсын орлогод оруулах аж. Шүүгчдэгч З.Баянсэлэнгэ болон М.Болортуяа нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972 сая 448 мянга 955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон ажээ.
Б.ХУЛАН