Манай Улсад одоогоор сэтгэл зүйч, нийгмийн ажилтан бэлдэж буй их, дээд сургуулиуд байгаа боловч урлагийн сэтгэл засалч мэргэжлээр боловсон хүчин бэлдэж хараахан эхлээгүй байна. Тиймээс тус байгууллага Англи, Канад, Австрали, Америк зэрэг улсуудын Урлагийн Сэтгэл заслын холбоотой уялдаатай хамтран ажиллаж Канадын олон улсын урлагийн сэтгэл заслын институттэй хамтран ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд сургалтад хамруулж эхэлж байгаа юм байна. Үүнийхээ үр дүнд маргааш буюу 24-ны өдөр Урлагийн сэтгэл заслын төв буюу Арт терапи төвийн үүд хаалгаа албан ёсоор нээх гэж байна.
Урлагийн сэтгэл засал нь хүнд үгээр хэлж, тайлбарлахад хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлыг урлагийн хэрэгслүүдийн тусламжтайгаар илэрхийлж асуудлынхаа мөн чанарыг ойлгох, гарах гарцаа тодорхойлох, даван туулах чадвараа нэмэгдүүлэх, өөр асуудалд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг мэргэжил аж.
Тус байгууллага нь цаашид хүүхдийн хөтөлбөр, насанд хүрэгчдийн хөтөлбөр, гэр бүлийн хөтөлбөр, хосуудын хөтөлбөр гэх мэт бүх насны хүнд хөнгөн асуудалтай хүмүүст зориулсан арт терапи хөтөлбөрийг зохион байгуулах гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй, өрхийн орлогоо нэмэгдүүлэхээр хөдөлмөрлөж байгаа бүтээлч хүмүүстэй хамтран ажиллах, бүтээгдэхүүнийг нь сурталчилж, борлуулах боломж олгох ажлыг мөн төлөвлөж байгаа ажээ.