Төв аймгийн Заамар сумын Их тохойрох нэртэй газар, Туулын эрэг дагуу хууль бусаар олборлолт хийсэн гэх Эко алтан заамар гэх компанийн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл Заамар сумын иргэд тус компанитай тэмцэж, карьер дээр нь суулт хийж хүртэл үзсэн юм. Тухайн үед МХЕГ, болон БОАЖЯ-ны мэргэжилтнүүд газар дээр нь хяналт шалгалт хийж үйл ажиллагаа явуулахыг түр зогсоон, техникүүдийг лацдаад байсан юм. Гэвч тус компанийнхан Мэргэжлийн хяналтынхны зөвлөгөө, шаардлагыг үл тоож, лацыг хууль бусаар хөндөн ухаж эхэлсэн билээ. Энэ мэт үйлдэл нь хэрээс хэтэрсэн компанийг БОАЖЯ-ны зүгээс Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Урт нэртэй хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа тул лицензийг нь цуцлах дүгнэлт гаргаж, АМГТГ-т хүргүүлсэн байдаг.
Гэтэл АМГТГ компанийн баримтад үндэслэн “Тус компаниас ирүүлсэн баримт бичгийг хянаж үзэхэд цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзжээ.
Үүнийг АМГТГ-ынхан БОАЖЯ-ны хуулиар олгосон бүрэн эрхэд халдаж байна хэмээн Заамар сумын иргэд үзэж байна. Эко Алтан Заамар компани Туул голын хамгаалалтын бүст байгаль орчны үнэлгээгүйгээр хууль бус олборлолт хийж, шламаа Туул гол руу нийлүүлж, ус бохирдуулсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон билээ.
АМГТГ байгаль орчны үнэлгээгүй компанид ашиглалтын лиценз олгохгүй байх үүргийг хуулиар хүлээсэн. Гэтэл энэхүү үүргээ биелүүлэхгүй үнэлгээгүй компанид лиценз олгосон нь багадаад хуулиа дахин давтан зөрчиж, БОАЖЯ-ны бүрэн эрхэд халдаж, "дүгнэлтээ дахин хяна" хэмээн "Эко Алтан Заамар"-ыг амь тавин хамгаалж байгааг Авилгатай тэмцэх газар анхааралдаа авч шалгах цаг болжээ.
“Ашигт малтмал газрын тосны газар Эко Алтан Заамар компанийг хамгаалахдаа хуулиар тогтоож өгөөгүй эрхийг хэрэгжүүлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна” хэмээн иргэд бухимдлаа илэрхийлж байна.
О.НАНСАЛМАА