Өнөөдөр Манай улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны нийт 6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна гэсэн судалгааны дүн байдаг байна. Үүнээс 1600 орчим нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд улсын хэмжээнд төрийн өмчит хоёр л цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа аж. Цаашид цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлага байгаа нь дээрх тоо, статистикаас тодорхой харагдаж байгаа юм.
Тэгвэл Өмнөговь аймгийн ЗД-ын санаачилгаар тус аймагт ЕБ-ын сургууль болон цэцэрлэгүүдэд тус бүр 15 хүүхдийн багтаамжтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай анги гаргажээ. Энэ талаар тус аймгийн засаг дарга Н.Наранбаатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролыг тэгш хүртэж чадахгүй байгаа гэж над дээр олон эцэг эхчүүд орж ирсэн. Бид тусгай анги нээсэн боловч мэргэжлийн багш байхгүй байсан. Тиймээс хотоос багш нар урьж, өндөр цалин өгч, амьдрах байраар ханган одоо сургалт хэвийн явагдаад хоёр орчим жил болж байна. Одоо эцэг эхчүүд их ам сайтай олон жил шийдэгдээгүй асуудлыг шийдэж өглөө гэж байнга баярласнаа хэлж явдаг” гэсэн юм.
Яг ийм шийдэлд хүрсэн орон нутаг одоогоор байхгүй байгаа аж. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын энгийн ангид сургах ёстой байдаг. Гэвч энэ асуудлаар багш нарын байр суурь янз бүр байдаг байна. Ихэнх багш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ангидаа авч сургахдаа амжилттай сургаж чадна гэдэгт эргэлздэг. Энэ нь энгийн сургуульд ажиллаж буй багш нарын хандлага, ойлголт, заах арга эзэмшсэн байдал, өөрт зааж сургаагүй ур чадвартай нь холбоотой гэдгийг ч мэргэжилтнүүд хэлдэг билээ.
Үүнээс болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох, хөгжих эрхээ бусад хүүхдийн адил эдлэх боломжгүй байгаа юм. Түүнчлэн багшийн хөгжил тааруухан, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хангамж муу байдгаас болж, хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд сурч, боловсрох эрх нь хязгаарлагдмал, гэрийн “хорио”-нд хэн нэгний асаргаа сувилгаан дор идэвхитэй амьдарч байгаа нь нууц биш юм.
О.НАНСАЛМАА