Т.ТҮВШИНБАЯР: ХОТЫН ДАРГА БОЛНО ГЭЧИХ ҮҮ, ЯАХ УУ

2018-09-01  

9 сарын 1. Энэ өдөр сурагч хэмээх эрхэм алдрыг нэрийнхээ өмнө бичүүлж, эрдмийн их далайд анх хөл тавьж буй 6 настангууд хамгийн өхөөрдөм, хайрлам, догдлом байдаг билээ. Шинэхэн багш, шинэхэн ангиа сониучирхан харж ширээн дээрээ гар зөрүүлэн суух бяцханууд дунд ээж ааваасаа хөндийрч үзээгүй уйлалдах хүүхдүүд ч байлаа, хээв нэг хотын дарга болно, ярилцлага өгье гэх ч хүүхэд байсан юм. Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгтээ явдаг наснаас номтой цүнхээ үүрээд номхон зээрдээ унах насандаа тэд иржээ.

Өнөөдөр бид Д.Сүхбаатарын нэрэмжит, нийслэлийн тэргүүний 2 дугаар бүрэн дунд сургуулиас баярын сурвалжилга бэлтгэлээ. Энэ хичээлийн жилд тус сургуульд 420 зургаан настан элсэн орсон байна. Тус сургуулийг төгссөн зуу зуун эрдэмтэн, төрийн зүтгэлтэн, урлагийн гавьяатнууд байдгаас МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1985 онд тус сургуулийн төгссөн байдаг билээ. Тиймээс эрхэм сайд төрөлх сургуульдаа нэг сая 200 мянган төгрөгийн иж бүрэн Компьютер бэлэглэсэн юм.

Ерөнхий сайдыг төлөөлж ирсэн, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар сурагчдад гэхээсээ илүү эцэг эхчүүдэд хандаж үг хэлсэн юм. Ингэхдээ “ЗГ-ын зүгээс хүүхдийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, хувийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Ялангуяа хүүхдийн шүдний өвчлөл газар авснаар архаг өвчин үүсгэх нөхцөл бүрдэж, энэ нь хамгийн том тулгамдсан асуудал болоод байгаа юм. тиймээс энэ тал дээр эцэг эхчүүд анхаарал хандуулж хамтран ажиллах хэрэгтэй байна” гэлээ. Мөн энэ жил гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудад түлхүү анхаарч ажиллана гэсэн юм.

Албан ёсны нээлтийн ажиллагаа өндөрлөж, зургаан настнууд хонх нижигнүүлсээр М.Хишгээ багштай 1А ангийнхнаас эхлэн сургуулийнхаа алтан босгоор алхаж орцгоосон юм. М.Хишгээ багш боловсролын салбарт 32 дахь жилдээ ажиллаж, нөр их хөдөлмөр, гавьяагаа төрөөр үнэлүүлж Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Тэрээр зургаан настнуудыг гурав дахь намраа хүлээн авч байгаа гэнэ. Эдний анги 44 хүүхэдтэй байхаас 54 хүүхэд энэ жил элсэн орсон байна. Ингэж даац нь хэтэрсэн ч “Анги танхим нь шинэ ширээ сандалтай, орчин сайтай байхад болно доо” хэмээн ярьсан багшийн сэтгэлээс сурагчдаа хэрхэн хүндэлдэг нь харагдаж байсан юм.

Бид 1А ангийн сурагч Т.Түвшинбаяртай хэсэгхэн хором ярилцлаа. 

Сургуульд орох таалагдаж байна уу?

Гоё байна. Шинэ найзуудтай болох нь хамгийн гоё.

Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?

Би том болоод хотын дарга болно. Дарга болно гээд хэлчих үү яах уу, За за дарга болно. Тэгэхийн тулд  онц сурах ёстой.

Тийм үү ямар мундаг хүү вэ?

Бас намайг сайн сурвал тоглоом авч өгнө гэсэн.

Ингэж хэвлүүхэн ярих хөөрхөн хүүгийн нүднээс дарга болохын тулд мэрийх хэрэгтэй гэсэн хүмүүжил, тэмүүлэл мэдрэгдэж байлаа. Яриа авах зуур ээжийгээ санаад уйлж байсан өхөөрдөм хүүхдүүд, уйлсан нэгнээ аргадах гэж оролдох ширээний найз, нэрсийг нь зарлахад хурдан шаламгай гараа өргөх сурагч хэмээх алдрыг зүүсэн багачууд гял цал болсон шинэхэн ангийг амь оруулж байсан юм.

Тэд ийнхүү эрдмийн далайд 12 жил сэлж, эх орныхоо ирээдүйг үүрэлцэх хүндэт үүргийг авахаар анхыхаа босгыг алхлаа.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
dulgun :ymar nandin bbichdeg yum ve 2018-09-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?