"ХҮҮХДҮҮД ДҮРЭМТ ХУВЦАСАА ӨМСӨӨД УЙЛЖ БАЙНА"

2018-09-11  

Багш нарын ажил хаялттай холбоотойгоор Хүүхэд Хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих байгууллагуудын үндэсний сүлжээ, мөн эцэг эхийн төлөөллүүд нэгдэж Хүүхдийн эрхийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Өнөөдрийн байдлаар нийт 177 сургууль, 217 цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаяжээ. Үүний улмаас 100 мянга гаруй хүүхдийн сурах, хамгаалагдах эрх зөрчигдөж байгаа талаар хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний мэргэжилтнүүд хэллээ.

Томчуудын буруутай үйл ажиллагаанаас болж хүүхэд хохирох ёсгүй. Өнөөдрийн хүүхэд хохирч байгаа энэ нөхцөл байдалд хэн хариуцлага хүлээх вэ. Нөгөө талаас  ажил хаялтын асуудлаар хурдан зөвшилцөлд хүрэхгүй бол уг асуудал ямар хор дагуулахыг хэлэхэд хэцүү, урьдчилан тооцож болшгүй асуудал гэдгийг онцолсон юм.

Ажил хаялтын улмаас үүссэн энэхүү нөхцөл байдал нь бага насны хүүхдүүд гэртээ цойжлогдож үлдэх, өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт өртөх, ахлах ангийн сурагчид анги хамт олноороо нийлж амралтын газар хэсэх гэх зэрэг зөрчлүүд гарч,  хүүхдүүдийг эрсдэлд оруулаад байгаа юм байна.

ХИЧЭЭЛДЭЭ ЯВНА ГЭЭД ДҮРЭМТ ХУВЦАСАА ӨМСӨӨД УЙЛСАН

Тухайлбал энэ амралтын өдрүүдэд зам тээврийн осолд өртсөн 17 хүний 4 нь хүүхэд байжээ. Ингэж гэнэтийн ажил хаялтын улмаас үүссэн эрсдэлүүд нь цаашлаад хүүхдийн сэтгэл зүйд хүртэл нөлөөлнө гэдгийг Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч Д.Цэвээн хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Сүүлийн долоо хоногт хүүхдүүд 108 утсанд хандаж, хичээлдээ суумаар байна, багш нар хэзээ сургууль дээр ирэх вэ гэж нэхэж байна. Мөн ээж аавууд залгаж “хүүхэд маань дүрэмт хувцасаа өмсчихөөд сургуульдаа явна гээд уйлаад байна” гэх зэрэг гомдол, санал хүсэлтүүд ихээр ирж байгаа” гэсэн юм. Ингэж хүүхдийн сурах эрхийг ноцтойгоор зөрчих нь хууль зөрчсөнөөс гадна НҮБ-ын конвецид өгсөн амлалтаасаа ухарч байгаа хэрэг гэдгийг тодотголоо.

Ийнхүү боловсролын үйлчилгээ хэвийн байдлаа алдаж тасалдах үед хүүхдийн асран хамгаалал, аюулгүй байдал, тэдний эрх ашгийн асуудалд төрийн болон хувийн хэвшлүүдийн зүгээс гойд анхаарах ёстой юм.  Үүний нэг нь эцэг эхчүүдийн зөвлөл. Тэд одоо л эрчимтэй, мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй гэдгийг Монголын эцэг эхчүүдийн үндэснийн зөвлөлийн төлөөлөл Б.Алтанжолоо онцоллоо. Тэрээр “Бид багш нарын ажил хаялтыг буруутгахгүй. Харин ийм үед сургууль анги бүрт байдаг эцэг эхийн зөвлөлүүд төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Тухайлбал хүүхэд хөгжих түр төв байгуулж, сургууль цэцэрлэг дээрээ ажиллуулах зэрэг нэгдсэн зохион байгуулалтад орох боломж бий” гэсэн юм.  

100 мянга орчим хүүхэд ийнхүү эрсдэлд ороод байхад Боловсролын салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагынхан ямар нэг хариуцлага хүлээнэ гэсэн хар цагаан хэлгүй байна. Хуулиндаа бол ажил хаялтыг зохион байгуулагч болон оролцогч талууд хүүхдийг эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой байдаг билээ. 

 

О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Saruul:uneheer huuhdiin erh zurchigduj bgaa n unen.tur zasag yagaad hurdan arga hemjee avahgvu bna ve ??? 2018-09-11
Pэгзэн:хурдан шийдэж өгөөч ээ хүүхдүүд гэртээ эзэнгүй шахуу л үлдэж байна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2018-09-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?