ШИЛНИЙ ЦААНААС ЧИХЭР ДОЛООЛГОХ БУЮУ ТАВАНТОЛГОЙН ҮЛГЭР

2016-04-06  

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, хүлээх хүлээлтийн эхэнд Тавантолгойн ордын асуудал багтаж байлаа. Өөрийгөө Тавантолгойг аварч, авч үлдсэнээрээ бахархсаар буй УИХ-ын дарга З.Энхболдын чуулганы нээлт дээр “Тавантолгойн ордыг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 2,5 сая иргэн, дотоодын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг үнэгүйдүүлсэн, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчсөн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг дахин хэлье. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах энэхүү хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч болон Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын офшор бүс дэх “ММС” компани болон түүний охин компани “Энержи ресурс” компанийн өрийн төлбөрт гадны компанид бүрэн шилжих байлаа. Энэ бүхнээс харахад Улсын Их Хурлын шийдвэр нэг жилийн цаадахыг харж чадсан, улмаар хэдэн арван жилийн дараах Монголын эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргаж чадсан” хэмээн өнөө үгээ дахин батлахыг оролдлоо. Харин цаашид яах вэ гэдэг нь мөн л тодорхойгүй хэвээр үлдэв. Мэдээж сонгуулийн шоунаас өмнө тэдэнд май гээд гаргаад тавих төлөвлөгөө үгүй биз

Харин Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Монголын баялгийн охь дээж болсон Оюутолгойн баялгийг нь гадныхан ирээд хамаад авчихлаа. Оюутолгойн нөөцөө гадныханд барьцаанд тавьчихаад сууж байна. Оюутолгой монголчуудад хэзээ ч ирэхгүй байж магадгүй боллоо. Харин Тавантолгойн уурхай 1969 оноос яригдаж эхэлсэн орд, одоо 50 жилийнхээ ой руу дөхөж явна. Монголчууд ил уурхайгаа өөрсдөө ашиглаад явбал чадна. Гэтэл заавал гаднынхныг оруулна гэж бужигнасаар эцсийн эцэст Энержи Ресурс гэдэг компанийн өрийг төлөхөд л Тавантолгойгоо золих гэж оролдоод байгаа юм” хэмээн хэлсэн нь бий.

Тавантолгой хэмээх том нүүрсний уурхайг бараг үүслээс нь мэдэх энэ хүний үгийг гэтэл сонсож ухаарсан нь хэд бол. Өөрсдийн бүлэглэлдээ аль хэр унацтай байхыг харж булаацалдсаар өнөөдөр аманд ч үгүй, хамарт ч үгүй болоод байгаа Тавантолгойгоос ашиг хүртэх найдвар одоо нэгэнтээ бараг өнгөрөөд байна. Учир нь Тавантолгойн ордыг ашиглах компани санхүүгийн хүнд байдалд орсон бөгөөд хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй байсан нь Улсын Их Хурлын Ажлын хэсгийн дүгнэлтээр болон энэ компани зээлийн төлбөрөө хийх чадваргүй болсноо саяхан зарласнаар батлагдсан. Энэ үнэгэн заль, арга мэх байсан гэдэг нь ч тодорхой.

“ММС” болон “Энержи Ресурс” компани нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг хаах зорилготой болохыг Улсын Их Хурлын Ажлын хэсэг илрүүлсэн гэдэг. Энэ дүгнэлтийн хойно “Тэгж л таараа тэд” гэсэн ганцхан үгтэй л үлдлээ. Одоо цаашид яах вэ? Талцаж хэрэлдэж, булаацалдсаар тэр сиймхийгээр нь гадны нэртэй компаниуд нүүрсийг нь зөөсөөр дуусах уу? Эсвэл зүгээр 20 гаруй тэрбум ам.долларт хүрчихээд байгаа гадаад өрөндөө өгч орхих юм уу? Үгүй бол сонгуулийн шоундаа ашиглаад дараа нь тэнгэр мэдэг гээд хаях уу?

Эцэст нь "ЭХ ОРНЫХОО БАЯЛГИЙГ ИРГЭД НЬ ХҮРТЭНЭ" гэсэн сайхан үг нь үнэн хэрэгтээ ҮЛГЭР боллоо гэдгийг сүүлийн хэдэн жилд болсон үйл явдал харууллаа. Эрдэнэсийн 1072 хувьцаа хэмээх агаар дээр зурсан эрээн цааснаас өөр эх орны хишгийг иргэдийн гар дээр хэн, хэзээ тавьсан бэ?

 

 

Х. АЯЛГУУ

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нараа:Баахан хүмүүс ажилгүй болчоод байна цаашид яах тухайгаа яриачээ. 2016-04-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?