КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР: АСАШЁРЮҮ НАД РУУ ДАЙРААД БАЙВАЛ ӨӨРТ НЬ Л МУУ, НАМАЙГ ЯМАР ХҮН БЭ ГЭДГИЙГ МЭДНЭ БИЗ

2018-09-17  

Асашёрюү “Ах аа, зургаа авахуулъя” гээд гүйж ирнэ, “Сайн барилдаарай” гээд тав, арван цаас өгөөд явуулдаг байлаа

“Сүн далайг шалбааг байхад” гэдэг шиг одоогийн Их Аваргуудыг бараа сурагггүй байхад арлын Японд монгол эрчүүд аатай, бяртай гэдгийг харуулж, араасаа нутаг нэгтнүүдээ ирлэн дуудсан хүн бол яах аргагүй Даваагийн Батбаяр.

Кёкүшюзан буюу “Мэхний их дэлгүүр” гэгдэж ирсэн тэрбээр ёстой л алга дарам зайнд эр бяраа үздэг сумогийн дэвжээнд Монголын Үндэсний бөхийн уран мэхийг уралдуулан хийж, япончуудад хэн бэ гэдгээ харуулсан он жилүүд бий. Эх орондоо ирснээсээ хойш УИХ-ын гишүүн болж, өдгөө хувийн бизнестээ анхаараад завгүй яваа түүнтэй ярилцах тун энгийн байдаг. Шулуухан яриа, элдэв маяггүй, өр зөөлөн зан нь үе үе цухалзах түүнтэй энэ удаа юу хөөрөлдсөнийг уншигч та таалан соёрхоно уу.

-Хэдийгээр намар болсон ч ойрд таараагүй хүнтэй уулзсаных баяр наадмын талаар яриагаа эхэлье. Энэ жилийн баяр наадам сайхан болж өндөрлөв үү. Хэдэн насанд морь уралдуулав?

-Баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Бүх насанд морьдоо уралдуулсан. Морь айрагдахдаа гол нь биш Монгол наадамдаа оролцох нь чухал. Хүүхэд байхдаа морь унадаг, уядаг байсан болохоор Батзориг заантайгаа хамтраад морьдоо уралдуулсан. Маш олон хүн ирсэн, хүнээр дүүрсэн сайхан наадам боллоо. 3000 орчим ажилчин, ажилтнууд маань ирээд наадмын хуушуур идэж, айргаа уугаад явцгаасан. Өөрсдөө л жаахан ядарлаа даа/инээв/.

-Жилийн жилд Кёкүшюгийнх Монгол гэрээ барьж наадахаас гадна тохижилт нь ихээхэн содон байдаг.  Хуучны тансаг эдлэлүүд, түмпэн шиг том мөнгөн аяга гээд л. Энэ жил гэртээ сүрлэг эмээл байрлуулсан байсан шүү?

-Өвөрмонголд том үзэсгэлэн худалдаа явагдаж тээр эмээл маань Монголыг төлөөлж очоод түрүүлсэн юм  билээ.  Монгол эх орондоо буцаад ирэхэд нь онгоцны буудал дээр эзэнтэй нь уулзаад худалдаж авсан. Монголоо төөлөөлж  түрүүлсэн билэг дэмбэрэлийг нь бодоод авсан.

Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм билээ шүү дээ гэдэг шиг архи уугаад л хүн зодчихсон

-Сайхан эд байна лээ. Ингэхэд Харумафүжигийн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ. Түүнийг буруушаасан зүйл Японы телевизээр ярьсан байсан шүү дээ?

-Товчхон хэлэхэд хоёр Монгол хүн архи ууж байгаад аварга нь дүү бөхөө зодож, толгой тархийг нь гэмтээсэн асуудал гаргасан. Үүн дээр би байр сууриа илэрхийлсэн. Монголчуудын зарим нь өмөөрч, янз бүрээр л хэлж байсан. Энэ бол нэг их сүртэй асуудал биш. Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм билээ шүү дээ гэдэг шиг архи уугаад л хүн зодчихсон. Энэ  асуудалд Сумо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувьд хариулах шаардлагатай байсан. Хэрвээ хоёр Монгол биш, Япон бөхийг зодчихсон бол өөрөө сумод нь оруулсан юм байна, нутгийнхаа бөхийг өмөөрнө. Зодуулсан бөх нь Монгол байсан учраас зодсоныг нь гэх үү, зодуулсныг нь өмөөрөх үү гэдэг асуудал тулгарсан. Ер нь бол архи уучихаад нэгийгээ зодно гэдэг аварга хүний хувьд ёс зүйгүй асуудал.

-Нэг ёсондоо та ядарсныг л өмөөрсөн юм байна шүү дээ?

-Цагдаа дээр ч гэсэн зодсон нь л буруутдаг. Айлын хоёр хүүхэд зодолдоход зодуулсныг нь л өмөөрдөг биз дээ. Өмөөрөөд байсан ч юм байхгүй. Зодох нь буруу шүү, хүн зодно гэдэг буруу гэдэг асуудлыг тавьсан. Мэдээж нөгөө нөхөртэй нь би утсаар холбогдож яг юу болсныг асуусан. Манайхан юу болсныг мэдэхгүй байж буруу, зөрүү ойлгодог тал бий.

Нөхөр бол өөрөө буруу юм хийснээ мэдээд “Би зодгоо тайлъя” гээд тайлсан

-Харумафүжи энд ирчихсэн байгаа. Та хоёр уулзаа юу?

-Уулзаагүй. Ер нь надаас тойроод байдаг шиг байгаа юм. Уг нь би анх сумод оруулж өгсөн хүн нь шүү дээ. Аавыг нь хүндэлдэг, сайхан заан хүн байсан. Аав бид хоёрынх нь дунд яриа байсан. Тэрийг мань хүн мэдэхгүй байх.  Миний сумод оруулсан бөх барилдаад сайн явбал надад сайхан. Гэвч тухайн үед хамт барилдаж явсан бөхөө зодоод гэмтээчихсэнд буруушаасан. Түүнээс биш зодгийг нь тайлуулчихъя гэдэг санаа надад байхгүй. Нөхөр бол өөрөө буруу юм хийснээ мэдээд “Би зодгоо тайлъя” гээд тайлсан гэж бодож байна.

Харумафүжиг надтай сайхан харьцаад яв гэж байгаа юм биш, ах хүнээ хүндлээд, ухаараад явахгүй бол Монголд бизнес хийхэд хэцүү

-Харумафүжи сумод тэнцэхгүй байхад нь таныг оруулж байсан гэх юм билээ. Гэвч сүүлийн үед Харумафүжи танд их зан заргах, ёс алдах тал байна уу. Хариу нэхээгүй ч гэсэн ах захаа мэдэх ёстой биз дээ, уг нь?

-Би сумод олон сайхан бөхчүүдийг оруулсан. Аваргууд, арслангууд байна. Бүгдээрээ надтай сайхан холбоотой явдаг. Утасдаад л “Ахдаа баярлаж явдаг шүү, ахынхаа буянд явдаг шүү” гэж хэлнэ. Хакухо бол тэр тусмаа надтай сайхан холбоотой явдаг. Би ямар эднээс юм гуйж амьдрах биш, сайхан холбоотой явахад би ч гэсэн баярладаг юм шүү дээ. Өөрөө очоод, өөрөө том цолтой болчихсон юм шиг л байдаг. Тэр нь яах вэ, эх орондоо ирээд хоёр дахь амьдрал эхэлж байгаа учраас хүмүүстэй эвтэй, ах захтайгаа сайхан харьцаатай байвал өөрт нь л хэрэгтэй байх. Аварга байсан шигээ их зан гаргаад явбал монголчууд бас эвгүй шүү дээ.

Би тухайн үед сургуулийнх нь багшийг Монголд дагуулж ирээд спортын төв ордонд тэмцээн зохиож, “За энэ хүү мундаг бөх болно шүү. Аав нь Монгол Улсын заан цолтой. Заавал аваад яваарай” гээд оруулж байсан. Түүнээс биш эндээс авч яваад л сумод оруулчихсан юм биш. Бүр багшийг нь Монголд авч ирж байгаад Харумафүжиг зааж өгч байсан, энэ чинь өөр хэрэг шүү дээ. Ах аа гээд сайхан харьцаатай байх болов уу гэтэл энэ тал дээр тааруухан хүн юм билээ. Энэ бүхэн багшийнх нь л буруу байх. Багш нь сайн хэлж өгөөгүйгээс ийм зан суугаа байлгүй дээ. Надтай сайхан харьцаад яв гэж байгаа юм биш. Ер нь ах хүнээ хүндлээд, ухаараад явахгүй бол Монголд бизнес хийхэд хэцүү. Тийм амар биш.  

-Таны хувь нэг их архи уугаад явдаггүй байх?

-Би архи уугаад, хүн зодож гэмтээгээд явдаггүй. Миний ойр тойрныхон намайг мэднэ. “Кёкүшюзан архи уулаа, агсан согтуу тавилаа” гэж сонсож байгаагүй болов уу. Сумочид хүн зоддог гэсэн ойлголт гадуур байдаг шиг байна лээ. Тэр ч утгаараа энэ нөхөр хүн зоддог байж магадгүй гэж боддог хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Ер нь ганц сумочид ч биш, манай бөхчүүдийн алдаа. Бөхчүүдийн нэр хүнд их унаж байна. Хоёр, гурав хуваагдаад л энд тэнд зодоон хийлээ гэдэг. Олон түмний хайр дааж амьдрах хэрэгтэй.

-Асашёорюү таныг олон нийтийн хэрэгслээр Харумафүжигийн асуудалд буруушаасан байсан. Та ямар байр суурьтай байна вэ?

-Яг юу гэж жиргэснийг би өөрөө хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Twitter дээрээ “Аваргаа өмөөрөөч” гэж бичсэн байсан гэсэн. Аваргаа буруу зүйл дээр өмөөрнө гэж байхгүй л дээ. Хүн зодсон л бол зодсон, бэртээсэн л бол бэртээсэн. Бэртсэн хүнийг л би өмөөрсөн.

Кёкүшю ах руу хамаагүй дайрвал болохгүй гэдгээ мэдэж байгаа л даа

-Аса та хоёр хэр ойр байдаг вэ?

-Уулзаад, мэнд устай л явдаг болохоос хамтраад бизнес хийх зэргээр харилцаад байдаггүй. Хүүхэд байхад нь дэмждэг байсан. Анх ирчихээд “Ах аа, зургаа хамт авахуулъя” гээд л гүйж ирдэг байлаа. “Сайн барилдаарай” гээд тав, арван цаас өгөөд сэтгэлээрээ дэмжээд явуулна. Нэг их муудалцаад байсан юм байхгүй. Асаг зодог тайлахтай би ямар ч хамаагүй. Хүмүүс Кёкүшюд очиж нэг юм хэлээд, Асад очиж өөр юм яриад, янз бүрийн юм хийдэг шиг л байна лээ.  

-Асашёорюү тантай их тэрслүү байх юм. Уг нь Сумог танаас салгаж ойлгох аргагүй. Япон, Монголын хооронд та л гүүр болж, шинэ залуу бөхчүүдээ тосч авч байсан байлгүй. Яагаад ингээд байдаг юм бэ. Аса бас л хурц хүн шүү дээ?

-Асагийн ааш зан хурц нь хурц. Жаахан тийм юм бий. Сумъяабазар бид хоёр бас л нэг үеийн бөхчүүд. Японд дүүгээ сумод оруулчихаад захиад явж байсан. Би ч цолгүй байхад нь дэмжээд, хайрлаад явдаг байлаа. Караокед дуулах үедээ дуулж, хамт хоол идэх үедээ идээд явна. Цол аваад, аварга болсноосоо хойш айхтар Ахаа энэ тэр гэх нь багасчихсан. Бүр салаад, муудалцсан юм байхгүй. Нэг их дайрсан зүйл байхгүй. Хамаагүй уурлаад дайраад байвал өөрт нь л муу байх. Кёкүшю ах руу хамаагүй дайрвал болохгүй гэдгээ мэдэж байгаа л даа. Намайг ямар хүн бэ гэдгийг мэднэ. Яахав, санал бодлоо солилцоод, адилхан аваргын хувьд аваргаа өмөөрсөн биз.

-Танай сумогийнхон хоорондоо түнжин муу байх шиг харагддаг. Хагарал байна уу?

-Олон бөх байгаа юм чинь олон хуваагдаад янз янз болдог л байх. Би нарийн юм руу орох завгүй явна. Холбооны ерөнхийлөгч гэхээс цаашгүй. Дотор нь ороод мэдээлэл аваад байх зав алга даа.

-Сумогийн холбоондоо та бүхэн хэр багтаамжтай, ах захтай байдаг юм дээ. Холбооны нэгдсэн ажил, хөтөлбөрт бүгдээрээ оролцоод хамраад явах уу?

-Холбоонд хамаараад, хамтраад байхгүй. Аса гэхэд л зөвшөөрөл авахгүй, өөрсдөө энд тэнд тэмцээн зохиогоод дураараа явчихдаг. Манайхан их дураараа шүү дээ. Хакухогийн хувьд заавал зөвшөөрөл авч, мэдэгдээд тэмцээнээ зохиож, түрүүлсэн хүүхдүүдээ Япон руу авч явдаг. Хакухо бол ойрхон яваад байдаг. Бусад бөхчүүд айхтар тэмцээн зохиогоод, яваад байгаа юм алга. Уг нь Үндэсний бөхийн холбооноос зөвшөөрөл авдаг шиг зөвшөөрөл аваад явах ёстой л гэж би бодож байна. Яаж ч бодсон тийм л байх ёстой, тийм ээ.

-Тийм ээ. Сумог уг нь хамгийн дэг жаягтай, ёсзүйтэй гэж боддог. Үндэсний бөхийнхөн ч нэгнээ ах зах, цол гуншингаар нь ялгаж хүндэлдэг. Тэгтэл сүүлийн үед та нарт тийм юм харагдахгүй юм?

-Сумод нэг өдрийн л өмнө орсон бол Ах гэж хүндэлж явдаг. Үндэсний бөхчүүд ч ахмадуудаа хүндэлдэг. Дээр үеийг бодвол энэ хүндлэл, ёсзүй алдагдаад байгаа юм биш үү гэж харагддаг.

Ард түмэн бөхөө хайрлах хайр нь багасаад байвал бөхчүүд л хохирно

-Үндэсний бөх гэснээс бөхчүүд бас асуудалтай байна. Бөхийн өргөөнөөс болоод хуваагдаж, арай л биш үйлдлүүд харуулах боллоо. Та хэрхэн харж байна?

-Би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Хоёр, гурав талцаж байхаар нэгдээд хурал, зөвлөгөөнөө хийхээр болдоггүй л юм билээ. Үндэсний бөх дотор байдаггүй болохоор сайн мэдэхгүй. Ард нь их л том зүйл явдаг гэж ярих юм байна шүү дээ. Надаас хүмүүс их асуудаг. Хэрүүл маргаан, зодоонд оролцохыг хүсэхгүй байна. Ард түмэн бөхөө хайрлах хайр нь багасаад байвал бөхчүүд л хохирно. Хурдан учраа олоосой гэж бодож байна.

-Та Батзориг заантай эртнээс нөхөрлөлөө үүсгэсэн. Хамтдаа “Хөрш заан” гэж барилгын компаниа байгуулаад амжилттай явж байна шүү дээ?

-Бид хоёр Цайдан морин дээр шалдан сундалдаад явж байсан багын найзууд. Хамтдаа өтөллөө. Сумод байхад эргэж ирнэ, Их хуралд байхад ч дэмждэг байлаа. Одоо хамтдаа “Хөрш заан” компаниа аваад явж байна. Бид чинь хөршүүд шүү дээ. Хөрш амьдраад удаж байна. Барилгын компаниа Батзориг заан өөрөө удирдаад явдаг. Миний хувьд гадаад харилцаа, санхүүжилтийг нь хариуцдаг.  

Батзориг багаасаа их ажилсаг, хөдөлмөрч. Их үнэнч. Худлаа яриад байхгүй. 100 хувь итгээд коипаниа хариуцуулсан. Ар хударгаар худлаа үнэн юм хийгээд явдаггүй, найдвартай л даа. Тийм ч учраас амжилтад хүрч байна. Энэ жил л гэхэд манайх 1 сая метр.кв барилга барина гэсэн зорилготойгоос 700 мянга гаруй метр.кв-ыг нь бариад явж байна. Монголдоо хамгийн их барилга барьж байгаа компани гэвэл манайхыг хэлж болно. 3000 орчим барилгачин, ажилчидтай шүү дээ.

-Багын найз гэснээс та хоёр нутаг нэг үү. Ховд гаралтай байх аа?

-Би уг нь ааваараа явбал Увс аймгийн Хяргас сумын Баяд хүн. Паспорт дээрээ тэгж явдаг. Ховдод төрөөр Ховдод өссөн болохоор намайг хүмүүс Ховдынх гэж хараад байдаг.

Худалч хүнд бараг л худалдан авагч нар нь ч Ховдынхон

-Өө, тийм үү. Ингэхэд Ховд, Увсынхан их нутгархах юм аа. Чойжилсүрэн гишүүний “Хурд” групп гэхэд л дандаа Увсчуудыг туслан гүйцэтгэгчээр авдаг гэсэн. Барьж байгаа хорооллууд нь хүртэл худалч хүнд увсчуудаар дүүрсэн гэх юм билээ. Танай “Хөрш заан” Ховдынхноор дүүрсэн гэдэг үнэн үү?

-Бараг л тийм дээ. Ховдчууд их. Яах вэ, ховдын хоёр байшин, барилга барьж байна гээд л гүйгээд ирцгээдэг шиг байна лээ. Энэ чинь тийм муу юм биш шүү дээ. Адилхан л Монгол хүмүүс. Нэг ч гэсэн монгол ажилтай, орлоготой байвал сайн хэрэг. Худалч хүнд бараг л худалдан авагч нар нь ч Ховдынхон /инээв/. Гэхдээ би ганц Ховд гэлтгүй Дорноговь, Говьсүмбэр гээд аль ч аймгийн залуу бөхчүүдээ дэмждэг. Цолгүй бөхчүүдээ аймаг, сум ялгалгүй чадлаараа дэмждэг дээ. Бусад аймгууд ч гэсэн нэгнээ дэмжээсэй, олуулаа байгаасай гэж боддог. Зарим бөхчүүд увсчууд, ховдчууд гоё юм аа, манай аймгийнхан ерөөсөө ингэж дэмждэггүй гэж ярьдаг. Болж байгаа нь болдоггүйгээ, болохгүй бол бүгдээрээ хамтраад яваасай.

-Тийм шүү. Ингэхэд таныг ээж тань олон жилийн өмнө “Миний муу хүү булган сүүлтэй, бурхан шиг амьтан байгаа юм” гээд л ярьж байсан. Нээрээ ч тантай ойр байсан хүмүүс сайн явах юм аа?

-Булган сүүлтэйн хувьд магадгүй шүү /инээв/. Хамтраад явсан бөхчүүд нь аварга, арслангууд боллоо. Бизнесийнхэн нь томорч, төрд зүтгэж байгаанууд нь дандаа сайд, дарга нар болчихлоо. Магадгүй шүү.

-Харин таны улс төрийн амьдрал хэр идэвхитэй байна вэ. Дараагийн сонгууль ч ойртож байна?

-Би АН-ын ҮЗХ, ҮБХ-ны гишүүн. Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшээгүй, татгалзсан. Энэ хугацаанд унасан байсан бизнесээ босгож ирлээ. Улс төрд байсан бол сэргээж чадахгүй ч байсан юм билүү. Хааяа намынхаа хурал, зөвлөгөөнд суугаад явдаг. Улс төрийн амьдралд нэг их сүртэй юм байхгүй. Байдлыг харж байгаад дараагийн сонгуульд яахаа шийднэ.  

-Өнгөрсөн сонгуулиар МАН-ын бор халзан хонь ч гарахаар байсан. АН сонгуулиар явцгүй байсныг та олж харчихаад нэрээ татсан уу?

-Яалт ч үгүй бизнесээ хийх шаардлага байсан. Хоёрдугаарт хэцүү нь ч хэцүү харагдаж  байсан. Мөн нэр дэвших сонирхолтой хүн их, шахалдаж, чихэлдээд, урдуур нь дайраад байх дэмий санагдаад нэрээ татсан. Тэр нь ч оносон байна лээ.

-За, саяхан хичээлийн шинэ жил нээлтээ хийлээ. “Сакура” дунд сургууль тань Америк хөтөлбөртэй болсон гэж сонссон юм байна. Тэгсэн хэрнээ бусад хувийн сургуулиудыг бодвол танай ханш гайгүй юм билээ?

-“Сакура” сургуулийн хувьд 20 жилийн ойтойгоо золгож байна. Мөн Америк хөтөлбөртэй болсон ч 20, 30 мянган долларын төлбөр нэхээгүй, жилийн 5, 6  сая төгрөг. Англи, Япон, Монгол багш нартай. Манайд сурснаар хүүхэд Англи, Япон хэлтэй болно. Япон хэл сурахаар ханзтай болчихно. Ханзтай болчихоор хятад хэл сурах суурь нь тавигдчихаж байгаа юм. Гурван боломж нээгдэж байна гэсэн үг. “River Garden” дахь Сакура дүүрсэн. Удахгүй Яармагт шинэ салбар нээгдэнэ.

-Сайхан мэдээ байна. Та бол барилга, уул уурхай гээд том салбаруудаа базчихаж байгаа юм байна. Баясаа сургууль, эмнэлэг гэх мэт чимхлүүр хөөрхөн ажлуудаа хийж байгаа юм байна шүү дээ?

-Эмнэлэг, сургууль, банк бус санхүү, хэвлэл мэдээлэл гээд өөрийнхөө сонирхлын ажлуудаа хийдэг. Мөн барилгын маркетинг, санхүүг барьдаг. Бидний ажлын ихэнхийг нугалаад өгчихнө. Өөрт нь их л сонирхолтой, хаппи байдаг шиг байгаа юм.

-Та хоёр өглөө гараад л орой уулзаж байна уу?

-Өглөө гараад л шөнийн бор хоногтоо таарна. Хагас, бүтэнсайнд нэг уулзаж, ярих боломж гарах юм даа.

Хүүхэдтэй болно гээд дайраад, зүтгээд байсан юм алга

-Ойрын үед хүүхдийн төлөвлөгөө байна уу?

-Төлөвлөгөө яриад дайраад, зүтгээд байсан юм алга. Бурхан харж байгаа, буянаараа болог гээд л явдаг хоёр шүү дээ.  

-Баясаа тантай сууснаас хойш дуулахаа больчихлоо. Та дуулуулахгүй байна уу?

-Дуулаад л байгаа шүү дээ. Сая Алтан цомгоо хийсэн. Уржнан том тоглолт хийсэн. Одоо бас заваараа уран бүтээл хийнэ гээд ярьж байсан. Заваараа л уран бүтээл хийдэг болж. Хамгийн гол нь дуулахаас гадна Монгол Улсдаа хувь хүнээрээ хамгийн том татвар төлөгч болоод явж байна. Бизнес хийгээд өөрөө их л хаппи байгаа даа, цаадах чинь.

-Танд амжилт хүсье. Ярилцсанд гялайлаа.   

Эдгээр болон бусад сонирхолтой ярилцлага, мэдээллийг та бүхэн PEOPLE сэтгүүлийн энэ сарын дугаараас уншаарай.

 

 

 

Эх сурвалж: PEOPLE сэтгүүл

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Uur hurch bn :Za hol ochij ****. Chi japanii yakuzad aluulah geed yavj baihad chini Sumogoos huugduj baihad chini zodogiig chini tailuulj tuslaa bizdee. Davgaa.Yunaas bolsoniig ni medehgui bj buruu zuruu yarisaniig chini japand bgaa humuus medej bgaa sh dee.tentseegui baihad ni aaw ni guigaa yu chamd bitgii hel yamar ch hund ikh zan gargadag hun bish ee Ama avarga chini. Bagaas ni medne. Es zuitei ger buld usuj humuujsen huuhed.ter ****andorj chini huchin hiigeed nuun daragduulsaniig ni medej bgaa yu harin ch avargiin ger buliihen duugui bgaad ni mash ikh gaihaj bn. Yuliin ur gej neg yum bii shuu. Chinii zalu mehiig chin hun chanar muutai gedgiig chini humuus meddeg yu bn lee. Hutguur guya 2018-10-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?