Энэ бол өнөөдрийн манай нийгэмд үйлчилж буй ДҮРЭМ. Яагаад дүрэм гэж хэмээн гайхах нэгэн гарах л байх. Тэгвэл энэ асуултад хариулах нэгэн судалгааг ХЭҮК-оос санаачлан Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос хийжээ.
Манай улсад бүртгэлтэй нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 45%-ийг Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд эзэлдэг байна. Гэвч тэд өнөөдөр хүн болж төрөөд зайлшгүй эдлэх ёстой бэлгийн эрх, эрх чөлөөгөө эдэлж, эмэгтэй хүн болж төрснөө ч мэдэрч чадахгүй явна. Үүнийг баримтаар өгүүлье.
Жишээ: 20 настай эмэгтэй
Эмч нар халамжийн мөнгө авдаг гэхээр жирэмсэлж болохгүй гэж үздэг. 2 дахь хүүхдээ 8 сартай байхад нь олоод эмчид хэлтэл одоо чи хүүхэд төрүүлж болохгүй, үр хөндүүл гэж ятга ан. Тэгэхээр нь нөхөртэйгээ ярилцаад ирье гэж зугтаж гараад хувийн эмнэлгийн хяналтад байж байгаад Эх нялхаст хүүгээ төрүүлсэн. Харин 2 дахь хүүхдийн минь дараа эмч нар “Чи мундаг байна. Одоо болно” гэж ятгаад үрийн сувгийг минь боосон.
Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй нэгэн эмэгтэйд тохиолдсон ганцхан жишээ. Яг үүнтэй ижил эрхээ зөрчүүлсэн зуу зуун хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй бий.
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд ихэвчлэн зохион байгуулалттай арга хэмжээний үеэр л нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэгт ордог.Бусад үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор эмнэлэгт хандах ямар ч боломжгүй ажээ. Яагаад гэвэл, урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлэгт хандахад “Зүгээр юм бол юугаа хийгээд явж байгаа юм. Чамтай зууралдах цаг алга” хэмээн хөөж туудаг байна.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН БЭЛГИЙН БОЛОВСРОЛ ОГТ БАЙХГҮЙ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл, лавлагаа, гарын авлага манай улсад огт байдаггүй. Үүнээс үүдэн хгжлийн брэхшээлтэй иргэд бэлгийн боловсрол муутай байдгийг мөн энэхүү судалгаагаар тогтоожээ.
Мөн эрүүл мэндийн эмч, ажилчид нь өөрсдөө ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн үржихүй, бэлгийн боловсрол олгох мэдлэг байдаггүй аж.
Эмч, эмнэлгийн ажилчид ихэнхдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жирэмслүүлэхгүй байх арга хэмжээг ч авдаг байна.
Харин жирэмсэн болсон тохиолдолд эрсдэлтэй жирэмслэлт гэсэн ангилалд хамааруулж /энэ нь тухайн эмчийн ажлын үзүүлэлттэй шууд уялддаг учир/ үр хөндүүлэхийг ятгах, сэтгэлзүйн дарамт үзүүлэх тохиолдол хэвийн үзэгдэл ажээ.
Улмаар дараагийн удаа дахин жирэмслүүлэхгүй байх арга хэмжээг яаралтай авдаг байна.
Үүн дотроо оюуны бэрхшээлтэй хүмүүсийг жирэмслүүлэхгүй байх арга хэмжээг автоматаар авч жирэмслэлтээс хамгаалах тариаг шууд хийдэг байна. Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд үр удмаа үлдээх заяагдмал эрхээ ч эдэлж чадахгүй мянга мянгаараа үр хөндүүлэх “хатуу” сонголтыг хийхээс аргагүйд хүрдэг байна. /ихэнхдээ бусдын дарамт, ятгалгаар/
Үүнийг дараах тоон мэдээллээс харж болно. Үр хөндүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн
34% - Эрүүл мэндийн ажилчид
28% - Бусад
22% - Нөхөр
Эцэг эх – 6%
Ах дүүс – 6% нөлөөлсөн гэж хариулжээ. Ийнхүү бидний “Хөгжлийн бэрхшээлтэй” хэмээн үзэж зайгаа барьдаг тэд угтаа бидэнтэй л адил хүн. Тэд ч бас үр хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлэх эрхтэй. Гэвч өнөөдрийн манай нийгэм тэдэнд хэтэрхий хатуу гэмээр ханддаг болохыг энэ судалгаанаас харж болох юм. Мэдээж улс орны бодлого байх л ёстой. Гэхдээ хүнийг хүн гэдгийг үүднээс ч авч үздэг байгаасай...
Жич: Энэхүү судалгааны дүнг ХЭҮК Хүний эрхийн 17-р илтгэлд тусгахаар төлөвлөжээ.