Эрчим хүчний яамныхан өчигдөр /2018.09.18/ дөрвөн цаг хуралдаж, урьдчилсан байдлаар осол юунаас гарсан талаар дүгнэлт дээр санал нэгджээ. ТЭЦ-4 ээлжийн хуваарийн дагуу тодорхой протокол хөтөлж, ажлаа хүлээлцдэг. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр гарсан ээлжийн ажилтан үйлдвэрлэлийн процессыг хөтөлсөн албан бланк дээр гарын үсэг зурж хүлээн авч, хүлээлгэн өгдөг юм байна. Чухам ажлаа хүлээлгэн өгч байгаа ажилтан ямар ажиллагаа хийгдсэн, дараагийн ээлж ямар ажиллагаа хийх шаардлагатайг тодорхой тэмдэглэлд дурддаг. Гэвч тухайн өдөр тэмдэглэл хүлээлгэж өгөх ажилтан тэмдэглэлээ хүлээлгэж өгөөгүйгээс энэ бүхэн үүдэлтэй гэдэг дээр саналаа нэгджээ. Тиймээс тэмдэглэл хөтөлж, хүлээж авах ёстой байсан инженер, ажиллах горимыг баталдаг ерөнхий инженер ч гэсэн давхар хариуцлага хүлээх бололтой. Энгийнээр бол ажлаа хүлээлцэхдээ хариуцлагагүй хандсан гэсэн үг гэнэ. Ямартай ч цөөн тооны ажилтны ажлын хариуцлагагүй байдлаас энэ удаагийн тэг зогсолт үүссэн бөгөөд одоогоор хариуцлагын асуудлыг түр хойшлуулж, шалтгааныг эцэслэн тогтоохоор албаныхан ажиллаж байгаа гэнэ. Харин ТЭЦ-4-ийн үйл ажиллагаа 7-10 хоногийн дотор хэвийн үйл ажиллагаанд шилжих юм байна.
Б.ХУЛАН