Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг “Балдорж” сангаас арав дахь жилдээ зохион байгууллаа. 10 жилийн ойн дээр Балдорж агсны үндэслэсэн “Монгол нюс”-ийн “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нар “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин” цуврал сурвалжилгаараа 2018 оны "Балдорж" шагналын эзнээр тодорч цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн боллоо. Тэд уг сурвалжилгаа хийхийн тулд 9 сарын турш 15000 км газар Монгол орон даяар уул уурхайгаас хариуцлага нэхэн аялжээ.
Ингээд сэтгүүлч Т.Энхбатын шагналаа гардсны дараа индэр дээрээс хэлсэн үгийг хүргэе.
СЭТГҮҮЛЧИД БҮРГЭД ШИГ ӨНДӨРТ НИСЧ ШИНЭ МАХААР ХООЛЛОХ ЁСТОЙ, ЭЛЭЭ ШИГ ДООГУУР НИСЧ ӨВДӨЛ ЦӨВДӨЛӨӨР ХООЛЛОЖ БОЛОХГҮЙ
Юуны түрүүнд хамт олондоо, үе үеийн Монгол Нюсчүүддээ талархал илэрхийлье.
Ургүй бичлээ гэж ташуурдаж байсан дарга нар
Улам сайжирна гэж урам өгч байсан найз нартаа баярлалаа
Сувдмаа бид хоёр хариуцлагатай уул уурхайн эрэлд гарч эх орноороо 10 мянга гаруй км аялсан. Олон ч хүнтэй уулзлаа. Уул уурхай бол бодлого нь оновчгүй зөрчилтэй замбараагүй байна. Орон нутагтаа монголын эгэл жирийн малчдад өгөөжгүй байна. Тиймээс иргэд уул уурхайг эсэргүүцэж байна. Уул уурхай илтээр хариуцлагагүй байна. Энэ бол том ашиг өгдөг шигээ том сүүдэртэй салбар. Тиймээс уул уурхайгаас хариуцлага нэхдэг энэ сэдвийг сэтгүүлчид хэзээ ч хаяж болохгүй. Би ч үргэлжлүүлнэ.
Одоо бол орилж чарлах биш онож бодох цаг болжээ гэж бодогдож байна.
Ингээд Бал эрхлэгчийг товчхон дурсъя.
Намайг Бал эрхлэгчтэй уулзсан гээд нэг сэтгүүлчид ярьсан чинь намайг ямар хөгшин юм бэ гэсэн ш дээ. (инээв) Энэ эрхэм хүнтэй миний амьдрал ямар нэгэн байдлаар холбоотой л яваад байна. Би Бал эрхлэгчийн байгуулсан сургуулийг төгссөн, байгуулсан сонинд нь ажиллаж байна. Яг энэ мөчид "Балдоржийн байгуулсан сургуулийг төгсөхөд алзахгүй ээ" гэсэн аавынхаа захиасыг тээгээд Архангайгаас 69-ийн хонины хонхорт суучихсан Балдорж гэж ямар хүн байдаг юм болоо гээд бодоод явж байсан дурсамж сэргэж байна. 2004 онд Өнөөдөр сонинд дадлага хийх боломж олдоод, нэг өглөөний шуурхай хурал дээр Бал эрхлэгч "Монголын сэтгүүлч нар Бүргэд шиг өндөрт нисч шинэ махаар хооллох ёстой. Элээ шиг доогуур нисч өвдөл цөвдлөөр хооллох ёсгүй" гэж хэлж байсан юм. тэр үгийг би тэмдэглэлийн дэвтэртээ хичээнгүйлэн тэмдэглэж авч байсан минь санагдаж байна.
Монголын сэтгүүлч нар Бүргэд шиг өндөрт нисч шинэ махаар хооллох болтугай.
Уншигч та Т.Энхбат, Ж.Сувдмаа нарын бичсэн “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин” сурвалжилгыг ЭНД дарж уншина уу.
О.НАНСАЛМАА