З.БАЯНСЭЛЭНГЭ: Ц.ЭЛБЭГДОРЖ БОЛ ХҮНД ИТГЭДЭГГҮЙ, АШИГЧ ХҮН

2018-09-26  

МАХН-ын гүйцэтгэх хорооны гишүүн, 2012-2016-оны хооронд Монгол төрийг түшилцсэн З.Баянсэлэнгэ "Комментатор " нэвтрүүлэгт уригдаж, тус нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбаттай хөөрөлдсөнийг буулган уншигч танаа хүргэе.

-Сайхан намаржиж байна уу? Зун, намрын заагаар шүүхэд дуудагдаж олны анхаарлыг нэлээд татлаа, Та ?

- Сайхан намаржиж байна. Үнэн үнэн. Ганц энэ зун, намар гэлтгүй, нийтдээ хоёр жил шүүхээр явлаа. Шүүх хурал гурван өдөр хуралдсан. Шүүхээс гаргасан шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн.

-Мөнгөн торгууль оногдуулсан. Тэгээд зогсохгүй Таныг ойрын 4 жил төрийн албанд ажиллахыг хориглосон, нэлээд хор холбогдол дагуулсан шийдвэрийг шүүхээс гаргалаа.

- Улс төрд дахин хөл тавихыг хорих, төрд ажиллах бүх л гарцыг хаасан Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрийг эцсийн шийдвэр гэж үзэхгүй байна. Дахин давж заалдах хоёр шатны шүүх бий. Эцсийн шийдвэрийг Дээд шүүх гаргана.

-Шүүх шудрага байх ёстой. Засгийн газрын гаргасан шийдвэрийг нэг сайдад тохох нь хэр зэрэг шударга шийдвэр бэ? 

- Засгийн газрын тухай хууль буюу Үндсэн хуульд " Засгийн газар бол хамтын зарчмаар  асуудлыг шийднэ. Энэ шийдвэр нь тогтоол хэлбэрээр гарна. ЕС ганцаараа асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд захирамж хэлбэрээр гарна" гэж заасан байдаг. Засгийн газрын шийдвэр бол хамтын шийдвэр учраас ямар нэг хууль зөрчсөн асуудал гарах юм бол ЗГ өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэсэн хуультай. ЗГ-ын гаргасан хамтын шийдвэрийг тухайн нэг хүн дээр нь нэр цохож  хариуцлага хүлээлгэж байсан ийм түүх, туршлага урьд хожид байгаагүй юм билээ.

-Юу боллоо гэж, яалаа гэж Танд шүүхээс шийтгэл оногдуулахад хүрэв? 

-ЗГ-ын тогтоол буюу түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүллээ гэж. Ард иргэдэд үр өгөөжөө өгсөн тогтоол гэж би үнэлдэг. 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл үе үеийн засгийн газар дэмжиж, үргэлжлүүлэх гарц гаргалгаагаа хайж ирсэн ийм л тогтоол. Нийтдээ 1500 айлын орон сууцыг түрээсэнд өгсөн байдаг. Ядарсан, амьжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, залуу гэр бүл гэх мэт ипотекийн урьдчилгааг төлчих бэлэн мөнгөгүй иргэдээ төр бодлогоор дэмжсэн хэрэг. Энэ хүрээнд 223 айлыг орон сууцжуулсан. ЗГ-ын тогтоол нь гараад, үнэ нь заагдаад, 15 тэрбумаар худалдаж авахыг Сангийн Яаманд үүрэгдсэн. Харин энэ ажлыг гардан зохион байгуулах ажлыг салбар хариуцсан сайдын хувиар би гүйцэтгэсэн. Гадуур шуугиад байгаа шиг Баянсэлэнгэ сайд байхдаа төрд 972 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь ор үндэсгүй явуулга. Тэр дурдаад буй мөнгийг би үзэж хараа ч үгүй, тоолоо ч үгүй. Тэр тусмаа Бэрэн гэдэг компанид аваачиж тушаагаагүй болно. Хохирол гэж буй дүнг хэрхэн тооцож гаргаж ирснийг нь тайлбарлая. ЗГ-ын орон сууц худалдаж авсан үнийг хөрөнгийн үнэлгээний компаниар дахин үнэлгээ хийлгэж, тэгэхдээ бодит үнээс доогуур үнэлүүлж, зөрүүг  нь улсад учруулсан миний хохирол гэж тулгасан. ЗГ-ын  тогтоол бүхий шийдвэрийг хэрэгжүүлсний төлөө буруутгагдаж байна. Мөнгөн урсгалыг ч сайтар, нарийн нягтлаагүй. Баталсан 15 тэрбум төгрөг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрдсэн Эрдэнэбат ерөнхий сайдын кабинетийн сангийн сайд Чойжилсүрэнгийн гарын үсэгтэй шилжсэн байдаг. Үүнийг ч нягтлаагүй. Хамтын зарчмаар шийдсэн тогтоол, түүний гүйцэтгэгчийг буруутгахдаа хүрвэл Эрдэнэбатын ЗГ ч хамаарна. Тэр тусмаа мөнгө шилжүүлсэн Чойжилсүрэн сайд ч хариуцлага үүрэх учиртай.

Байраа авсан иргэдийн хувьд сар бүр түрээсийн 250 мянгаа төлөөд явж буй. Түрээсэнд байр авсан нийт 1500 айл бий. Тэд сард 3 тэрбум төгрөг , цаашлаад 5 жил амьдарна гэх юм бол 22 тэрбум 500 сая төгрөг төсөвт төвлөрүүлж байна. Байраа ч эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн. Түрээслэхээс гадна худалдан авах ч тохиолдол бий. Түүний бодит жишээ бол Боловсролын сайд Цогзолмаа "Хурд" компанийн барьсан цэцэрлэгийг ЗГ-ын тогтоолоор энэ намар худалдаж авсан. ЭМЯ ч гэсэн УИХ-ын гишүүн Билэгтийн компанийн баригдаж дуусаагүй эмнэлгийг худалдаж авахаар ЗГ-ын тогтоол гаргуулан зэхэж байх жишээтэй. Үүнд ялгаатай хандаж болохгүй. Ижил зүйл хийснээр нэг нь буруутан болж, нөгөө нь гавьяатан болж болохгүй л болов уу. Хэн нэгнийг хилсээр буруутган, бэлдсэн ангал руугаа түлхээд унагачихдаг ийм гарцыг надаар эхлүүлж байгаа юм уу? ч гэж бодогдох юм. Ийм хөрс суурийг тавьж хэрхэвч болохгүй. Бид хуульд захирагдаж, хуулийн дор амьдарна. ЗГ-ын тухай хууль, үндсэн хуулиа барьж ажиллах ёстой. Түүнээс биш захиргааны хэм хэмжээний актыг эрүүгийн шүүхээр шүүгээд, хамтын зарчмаар хийгдсэн ажлыг нэг сайд дээр нь тохоод явж болохгүй. Би үүнийг үнэхээр эсэргүүцэж байгаа. Миний бие дангаараа шийдвэр гаргаад гарын үсэг зураад, түүнээс болж улсад хохирол учирсан бол, эсвэл би тэндээс мөнгө завшсан бол хариуцлага хүлээхэд бэлэн.

-Та бид хоёр 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөх цагаас бие биенээ мэднэ. Би ТВ9-д ажиллаад, та намд зүтгээд. Та бол гэр хорооллын орчноос Монголын засаг захиргааны хамгийн доод нэгжийн даргаас төр түшилцсэн анхны монгол эмэгтэй. Энэ бас их ховор тохиолдол шүү.

-Тэгэлгүй яахав, бүр дээр нь УИХ-ын Байнгын хорооны дарга, үргэлжлүүлээд төрийн сайдаар ажилласан. Ер нь бол түүхэндээ анхдагч гэдэгтэй санал нийлж байна.

-Гэр хороололд ажиллаж амьдарч байсан, олны танил бус, жирийн нэг эмэгтэй Монголын төрийн дээд байгууллага УИХ-д сонгогдож, цаашлаад төрийн өндөр дээд албан тушаалд томилогдсон. Тэгэхээр таны бүхий л орчин нөхцөл өөрчлөгдсөн нь ойлгомжтой. 

-Мэдээж, бүр давхаргын өөрчлөлт явагдсан. Намайг УИХ-д орж ирсэн тухайн тэр цаг мөчид МАХН-ын дарга Н.Энхбаярыг барьсан, хорьсон үе давхацсан. Улс төрийн нөхцөл байдал хүнд байсан. Ерөнхийлөгчийн сонгууль ч ойртож байсан. Бидний улс төрийн тэмцэл эрчээ хадгалж байсан. Миний хувьд, анхнаасаа УИХ-ын гишүүн болно гэж зориогүй . Намдаа, зөв зүйлийн төлөө тэмцэж байна гэсэн итгэл үнэмшлээр зүтгэж явсан. Энэ тууштай, үнэнч, зарчимч байр суурь маань намайг өндөрт өргөж, УИХ-ын гишүүн, сайд хүртэл хийлгэлээ шүү дээ. Би ингэж л боддог.

-Байнгын хорооны дарга гэдэг чинь хуучин системийн үнэлгээгээр бол улс орныг удирдаж байсан улс төрийн товчооны 11 гишүүний нэг шүү дээ. 

-УИХ-ын бүтцийн байгууллага. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга байсан. Таван яамны бодлого үйл ажиллагааг зангидаж ажилладаг ийм хороог удирдсан. Салбар яамдаас оруулж ирж байгаа хуулийн төслийг УИХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх, батлах, хэрэгжилтийг хангуулах тал дээр хичээн ажилласан. Их зүйлд суралцсан. Би өмнө нь төрд 10 гаруй жил ажилласан ч, хууль тогтоох дээд байгууллагад ажиллах нь тухайн хүнээс маш их зүйлийг шаарддаг, түүнийгээ дагаад өөрийн эрхгүй боловсордог гэдгийг биеэрээ туулсан. Цаг хугацаатайгаа хөл нийлүүлж алхах тийм үүрэг надад ноогдсон. Тухайн үед өглөөний 8 цагаас шөнийн 12 цаг хүртэл ажиллахдаа, өдөрт нь уулзалт, хурлаа амжуулж, шөнө дөл болтол цаастай ноцолдож суудаг байсан.

-УИХ-д анх хөл тавьж, тангараг өргөж буй зураг чинь энэ байна. Жирийн ард иргэдийн дундаас төрж гарч ирсэн болохоор хүмүүс их л өөриймсөг хүлээж авах шиг болсон.

-Яг тийм болов уу даа. Хэвлэлээр бол намайг гэр хорооллоос орж ирлээ. УИХ-д утаа үнэртэх нь гэж хүртэл хэлж байсан. Байнгын хороон дарга болсны дараа дарга машинаараа нүүрсээ зөөж байна гэх зэргээр хүнийг мохоох гэсэн оролдлого хэвлэлээр тасралтгүй явж байсан.

-Манай хэвлэлийнхэн Таныг улс төрд маш хурдан өсч байна гэж хэлж ярьж байсныг санаж байна. Таньд өөрт тань мэдрэгдэж байсан уу?

-Ажиглагдаж байсан. Мэндлэхэд хариу байдаггүй, хүн гэж тоодоггүй гэж байсан үе эхэндээ бий. Гэхдээ аажим аажмаар өөрчлөгдөж, олон удаа сонгогдсон туршлагатай гишүүд хүртэл тогтож яриа өрнүүлдэг, заавар зөвлөгөө өгдөг болсон.

-Танд бусад гишүүдээс нэг л давуу тал байсан. Тэр нь, хэнд ч өр ширгүй, хэнийг ч лоббидох шаардлагагүй. Өнөөдрийн 60 тэрбум гэж яриад байгаа шиг өр төлөөс байхгүй. Нуруун дээрээ хүнд ачаагүй хөнгөхөн гишүүн болсон. Тиймээс ажиллахад хялбар байсан байх.

-Би жагсаалтын наймдугаарт бичигдэж орсон. Намынхаа эмэгтэй гишүүдээс нэгдүгээрт бичигдсэн. Тухайн үед Чингэлтэй дүүрэгт өрсөлдөх байх гэж төсөөлж байтал Уянгаа дэвшсэн учраас намайг Чингэлтэй дүүргийн мянгатын даргын хувьд нэр дэвшигчийнхээ төлөө ажилла гэдэг үүрэг оногдуулж, пропорцианаль тогтолцооны дагуу жагсаалтын 8-д бичсэн. Мөнгө төлөлгүй жагсаалтад бичигдсэн. Пропорцианаль тогтолцоо нь их давуу талтай. Заавал мөнгөтэй хүн төрд орох ёстой гэсэн буруу сэтгэлгээг би тухайн үед халсан гэж боддог. Хоёрдугаарт энэ тогтолцоо байснаараа УИХ-д эмэгтэйчүүд орох боломжийг илүү нээсэн. УИХ-д эмэгтэй, эрэгтэй нэр дэвшигчийн хооронд асар их зөрүү байдаг. Гараа тэгш биш гэж би үздэг. Эрчүүд олон давуу эрхийг эдэлдэг. Хөрөнгө мөнгөний хувьд ч, нийгэмд эзлэх байр суурийн хувьд ч. Энэ ч утгаараа можаритор тогтолцоог эмэгтэйчүүдэд ихээхэн халтай гэж би харж байна.

-Та мөнгө төлөлгүй жагсаалтанд орсон байж болно. МАН, АН-ын хувьд жагсаалтад эрэмблэгдсэн гишүүдээсээ тодорхой хэмжээний мөнгө татсан байдаг. 

-Тэгсэн. Том намуудын хувьд жагсаалт өөр нөхцөлийг бүрдүүлсэн. Хэн нөлөөтэй, эс бөгөөс хэн их мөнгө төлсөн нь дээгүүр бичигдсэн. Жижиг намын хувьд мөнгө төлөлгүйгээр жагсаалтад орох, сонгогдох эрхийг эдэлсэн.

-Эмэгтэй гишүүдийн хэд нь УИХ-д пропорцианалиар орлоо?

-Ихэнх нь буюу гуравны хоёр нь. Уянгаа, Эрдэнэчимэг хоёр л тойрогтоо өрсөлдөж ялалт байгуулсан. Пропорцианаль тогтолцоо нь улс төрийн нэг нам парламентад хэт их олонх болохгүй, эв нэгдэлтэйгээр асуудлыг шийдэж явах маш аятайхан тогтолцоо.

-Тэгвэл тийм сайн хуулиа яагаад өнгөрсөн УИХ-аар өөрчилсөн юм бэ. Та УИХ-д сууж байсан даа, өөрөө?

-Тухайн үед би можаритор тогтолцоог эсэргүүцэж байсан. Тэр үед Ардчилсан Нам олонх гэдгээрээ хүч түрж, хуулийг санаснаараа өөрчилсөн. Өөрсдөдөө хэт итгэсэн, бардамнасан. Бусдын үгийг сонсохоо больсон. Түүнээсээ болоод ялагдсан.

-АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дүнд их эргэлзсэн гэж байсан.

-Сонгууль эхлэхээс бүтэн жилийн өмнөөс МАН-ын зүгээс ард түмний дунд нэгэн сонирхолтой мэссэж чулуудсан. Тэр үеийн Ардчилсан нам өнөөдрийн 65-ын бүлэг шиг өөрсдөдөө эрдэж, байгуулсан засгийн газраа унагасан байсан. Намын даргаа сольж, эсэргүүцсэн нөхдөө хорьж цагдах хүртэл зүйл гарсан шүү дээ.

-Ерөнхий сайд асан Алтанхуягийг унагаж, дараа нь яллах гэж оролдсон. Одооны Ерөнхийлөгч Баттулгыг мөн адил баривчлах гэж оролдсон.

-Тийм, ийм зүйлүүд их болсон учраас Ардчилан нам засаглаж чаддаггүй. МАН бол хамаагүй илүү юм байна гэдэг мэссэжийг олны дунд тараасан. Энэ бас сонголтонд нөлөөлсөн байх.

-ЗГ-ын нууц хуралдаан болоод, Эрдэнэтийн 49 хувийг хувь хүн авчихсан байна гэсэн мэдээллийг Та ил гаргаж байсан. Санал өгөхөөс хоёр хоногийн өмнө. Энэ бол Ардчилсан намыг унахад нөлөөлсөн байх гэж санадаг.

-Нөлөөлсөн. Тухайн үед ЗГ-ын гишүүд ажлаа хийж байсан. Нууц хуралдаан болсон. Тэрүүгээр Эрдэнэтийн 49 хувийг нэгхэн жилийн өмнө байгуулагдсан, компанийнхаа дансанд 1 сая доллартай, ердөө 24-хөн настай залууд өгсөн асуудал нь өөрөө энэ ЗГ маань хууль зөрчлөө, Монголын ард түмний өмчийг хуйвалдаж нэг компанид өгчихлөө гэх ойлголтыг төрүүлсэн. Ингэж ч хэвлэлээр бичиж, мэдээлж байсан. Сонгууль дөхөж, санал өгөх өдөр хаяанд тулсан байсан учраас МАН үүнийг  овжноор ашигласан. Өнөөдрийн Хууль зүй дотоод хэргийн сайд нь ихээхэн мэдээлэл хийж байсан. МАН УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал Эрдэнэтийн 49 хувийн булхайг таслан зогсооно, алдагдсан хувийг төрдөө буцааж авна, ард түмэндээ өгнө гэж ярьсан. Харамсалтай нь тэр ярьсан хэлсэндээ МАН хүрэхгүй л байна. 65-ын бүдүүн бүлэг хүсвэл ямар ч асуудлыг шийднэ. Өнөө хүртэл шийдэхгүй байгаа нь үүний цаана маш том бүлэглэлийн эрх ашиг нуугдаж байна гэж ойлгогдож байгаа.

-49 хувийн ард маш том бүлэглэл байна даа. 

-Том олигарх бүлэглэл байна. Тэдний хүч өнөөдөр ч сарниагүй. Энийг таслан зогсоохыг амласан 65-ын бүдүүн бүлэг нь энэ олигархи бүлэг дотроо өөрсдөө орчихсон яваа гэсэн үг.

-Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалыг угтаж, Парламентад суудал бүхий улс төрийн бүх намын ЗГ байгуулагдаж байсан даа. Сангийн сайд нь МАН-ын Ж.Эрдэнэбат болсон. 

-Нэг ч сөрөг хүчингүй парламентийг тэгэж бий болгосон.

-Ер нь бэлтгэлээ л хангаж байж гэж ойлгож болох нь. Өөрийн чинь хийсэн мэдэгдэл УИХ-ын гишүүн Баасанхүүг дахин сонгогдоход их дэм болсон байх гэж боддог.

-Өмнө нь жагсаалтаар УИХ-д орсон Баасанхүүд дахин УИХ-д сонгогдоход маш том дэмжлэг үзүүлсэн. МАХН өөрөө гурав дахь хүчин гэдгээ баталчихсан байсан. Дээр нь Эрдэнэтийн асуудал дээр Эрдэнэтчүүд маш их бухимдаж байсан. Зөвхөн тэд биш Монголын ард түмнийг тэжээж байсан том үйлдвэрийг 24 настай залууд өгчихнө гэдэг бол байж болохгүй асуудал. Ямар ч туршлагагүй хүнд өгсөн. Тэгээд энэ асуудлыг дэлгэсэн МАХН-ын гишүүдэд итгэж Баасанхүүг сонгосон.

-2012-1016 онд МАХН, түүний эвсэл 13 суудал авсан. Дараагийн сонгуулиар уг нь байр суурь бэхжиж, суудлын тоо нэмэгдмээр атал ердөө ганцхан суудалтай үлдсэн. Үүндээ ямар дүгнэлт хийсэн бэ?

-Янз бүрийн өнцгөөс л тайлбарладаг. МАН бол АН-аасаа дээр юм байна  гэдэг ойлголт тарсан. Манай нам Эвслийн ЗГ-т хамтарч байсан учир АН-ын нэр хүндийг дагаад манай намын нэр хүнд хамтдаа унасан. Сайтар тунгааж чадсан бол хамтарсан ЗГ-ын алдаатай бодлогыг бид эсэргүүцэж явсан. УИХ дээр ч бүлгийн байр суурийг идэвхтэй илэрхийлдэг байсан. Гэтэл биднийг АН-тай нэг уутан дотор аваачаад л хийчихсэн.

Сонгуулийн санал авах үеэр царцааны нүүдэл гэх мэт маш их луйвар явагдсан. Хар машины алдаатай тоолсон саналын хуудсыг яах вэ гэдэг асуудлыг ч шийдээгүй байсан. Олон шалтгаан нөлөөлсөн.

-Хар машинаас манайх татгалзах ёстой юм шиг. 

-Хүний гараар л бүтээгдсэн зүйл. Та санаж байгаа бол гишүүдийн утсыг гаднаас хакердаад мэссеж хүртэл ирж байсан гэж ярьж байсан. Түүнтэй адилхан. Хар машины системд нэвтэрч болно. Хэн ч хакердаж болно. Ямар ч үр дүн гаргаж болно. Бид бас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хар машины луйврыг биеэрээ үзэцгээсэн хүмүүс шүү дээ. Саналын илүүтэй явж байгаад л нэг цагийн дараа тог тасраад ирэхэд санал бүүр дор уначихсан, аажим аажмаар унагааж байсан.

-Хар машиныг тооллогондоо хэрэглэдэг олон улс орон татгалзсан. Сонгогчдын саналыг хэрхэн луйварддагийг үзүүлсэн баримтат киног хүртэл өрнөдийнхэн бүтээсэн. 

-Манайх хар машиныг болиулж чадахгүй л байна. Хар машины шаардлага бага, байхгүй ч гэж хэлж болно. Манай улсын хүн ам 30, 40 сая биш шүү дээ. Тэр тусмаа сонгуулийн насныхан хязгаартай. Гараар тоолчиход ч цаг их орохгүй. Бидэнд засаж залруулах зүйл их байна. Нэгийг нь янзлах гэхээр нөгөө рүү ордог, ингэж явсаар байгаад хаана очиж мөргөдөг вэ гэхээр үндсэн хууль дээр л тулж очдог. Бүх зүйл Үндсэн хуулиас эхлэлтэй. Өнгөцхөн засвар хийгээд явбал энэ өөрчлөлт биш, системээр нь  л өөрчлөх шаардлагатай.

-Та УИХ-ын гишүүнээ болиод 2 жилийн нүүрийг үзэж байна. Яг одоо юу эрхэлж байна вэ?

-Шүүх цагдаагийн асуудлаас болоод намынхаа ажилд ч оролцож амжихгүй, хөдөө гадаа явж чадахгүй байна. СХД-ийн МАХН-ын дарга учраас дүүргийнхээ намын ажлыг зохион байгуулдаг. Манайх чинь 32 хороотой 300 гаран мянган хүнтэй. Монголын хүн амын 10 хувь нь амьдардаг том дүүрэг. Хажуугаар нь , өөрийгөө боловсруулах, хөгжүүлэх зорилгоор орчуулагчийн оройн ангид 2 жилийн бакалавараар сурч байна, нийтийн удирдлагаар Докторант болсон.

-Цагийг үр ашигтайгаар зарцуулж байгаа юм байна.

-Төрд ажиллахгүй гээд бизнес эрхлэлтэй биш. Төрийн албанд орно гэдэг үүднээсээ өөрийгөө боловсруулаад явж байна.

-УИХ-ын цөөнгүй гишүүнтэй уулзаж  ярилцаж байхад тэд гишүүний орлого, зардлаа дэлгэх дургүй байдаг. Та орлого, зардал, хангамжийг мэдэх хүний хувьд хэлэх болов уу гэж бодох юм. Ингэхэд хорооны засаг дарга байхдаа Та хэдэн төгрөгийн цалин авдаг байлаа?

-700-аад мянган төгрөг авдаг байсан. Намайг хорооны засаг дарга л хийж байсан гэж хүмүүс ойлгодог. Хорооны засаг дарга хийж байсан. Түүнээс хойш Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байлаа. Цагдаа, хууль, төр захиргааны байгууллагад ажиллаж байсан туршлага надад байсан. Цалингийн хувьд 800 мянгаас дээш гарч үзээгүй, тэнд ажиллаж байхдаа. Найзынхаа лангуун дээр зогсоод 250 мянган төгрөг авч байсан үе ч бий. УИХ-ын гишүүн болоход 800 мянгыг нугалсан цалин авсан л даа. 1 сая 600 мянган төгрөг. Үүнээс татвар шимтгэлээ төлнө. Үүнд нуух, хаах зүйл байхгүй. Өмнө нь бол УИХ ихээхэн дампуу байсан юм билээ. Нэг гишүүн 1-3 тэрбум төгрөг тойрогтоо зарцуулах эрхтэй байсныг З.Энхболд даргатай парламент таслан зогсоосон. Ингээд тойрогт дураараа мөнгө зарцуулах төсөвгүй болсон талтай. Дээр нь, УИХ-ын гишүүдийг орон байраар хангадаг байсан юм билээ. 4-5 удаа сонгогдсон гишүүдийн зарим нь тэр тоогоороо байр сууц авсан байх жишээтэй. Бидний үед үүнийг мөн зогсоосон. Харин УИХ-ын тамгын газрын ажиллагсдад 250 сая төгрөг төсөвлөгддөг. Орон байр, хашаа байшингаа янзалъя гэсэн үйлчлэгчээс авахуулаад зөндөө ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх зориулалттай төсөв мөнгө. Тэр мөнгийг над дээр нялзаах гэсэн оролдлого бас гарч байсан. Хуулийн төсөл шинээр санаачилахад жилдээ 10 сая, хууль сурталчлахад 10 сая төгрөг бий. Хүмүүс нэг төсөл санаачлаад л 20 саяыг авдаг гэж буруу ойлгоод байдаг. Энэ мөнгөндөө хэдэн ч төсөл санаачилж болно. Унааны зардалд 500 мянга, утасны зардалд 120 мянга, хэвлэл захиалгыг УИХ-аас даадаг. Ийм л төсөвтэй.

-Томилолтын зардал нэмэгдэх байх? 

-Гадаад томилолт 5 сая төгрөг. Ингээд жилийнх нь төсөв.

-Илүү дутуу, төсөв хумсалсан олон зардлыг З.Энхболд дарга хумьсан гавьяатай юм байна. 

-Тэгсэн. 76 гишүүн 76 орон сууцаа шийдүүлнэ гээд байвал юу болох вэ? Гэр хороололд амьдардаг надад орон сууц өгөөч гээд би гүйлээ гэж саная. Боломж нь байвал хэн үүнийг орхигдуулахыг бодох вэ. Энэ бүхнийг З.Энхболд дарга нэгмөсөн хязгаарласан.

-Баасанхүү гишүүнийг та мэднэ. Н.Энхбаяр даргын хуулийн нэг зөвлөх нь байсан.

-Хууль талдаа маш олон хүмүүстэй Энхбаяр дарга хамтарч ажиллаж байсан.

-Сүүлийн жилүүдэд намыг хуваах гэсэн, Баасанхүү намыг тасдаж өөртөө авах гэлээ гэх мэт бие бие рүүгээ хөвөнд боосон чулуу шиддэг ийм үзэгдэл тасралтгүй өрнөх боллоо.

-Энхбаяр даргыг тэвчээртэй хүн тулдаа хэвлэл мэдээллээр Баасанхүүгийн тухай бага ярьсан гэж би анзаарсан. Даргын хувьд, жижигхэн сэтгэхүйтэй хүнтэй орооцолдоод яахав гэдэг үүднээс харьцдаггүй байх л гэж бодсон. Тийм ч байгаасай гэж боддог. Хов жив хөөцөлдөөд яваад байгаа хүүхэдтэй юу ч ярихав дээ. Баасанхүү гишүүн ёс зүйгүй, хүн чанаргүй, хударгагүй зан гаргасан.  Тэр хүний амьдралын философи нь биднийхээс өөр юм билээ. Бид бол итгэл үнэмшлээрээ нэгдсэн хүмүүс. Хүнийг салгадаг зүйл бол хөрөнгө мөнгө л байдаг. Бидэнд тийм зүйл байхгүй учраас зууралдаад л бүхнийг хамтдаа хийчих юмсан гээд байдаг. Баасанхүү бол хөлсөө аваад ажилладаг өмгөөлөгч хүн. Өмгөөлөгч хүний характер юу юм бэ гэхээр тухайн хүний эрх ашгийг хамгаалахын тулд ганцаараа явдаг. Хэн нэгнийг дагуулаад явна гэж байдаггүй. Тийм учраас хамтарсан тоглолт гэдгийг мэдэхгүй. Би бүлгийн дэд дарга байхдаа 4 жил араас нь хөөцөлдөөд ойлгосон. Баасанхүүгийн энэ характерийг бусад хүмүүс овжиноор ашиглаад энэ намыг 2 хуваах гээд байгаа юм.

-Баасанхүүгийн энэ тоглолт нь МАХН сонгуульд ганц суудалтай үлдэхэд бас нөлөөлсөн байх ?

-Мэдээж шүү дээ. Энэ хүн идсэн сав руугаа өөрөө нулимсан. Энхбаярын өмгөөлөгч байсныг Монгол даяараа мэднэ. Улстөрд анх яаж хөл тавьсныг хүртэл. Баасанхүүгээс мөнгө нэхсэн биш, шантааж хийсэн биш. МАХН-ыг хоёр хуваах гэсэн бусдын тоглоомны бай болж яваа хүн, Баасанхүү.

-Хууль зүйн сайд болчих хүсэл мөрөөдлөө хэвлэлээр нэлээн илэрхийлж байсан. Сайдын томилгоо дуусахад УИХ-ын дэд дарга болох хүсэлтээ ил тод илэрхийлж байсныг санаж байна.

-Тэгсэн, батлан хамгаалахын сайд болох гэсэн. Надад их уурлаж байсан байх. Барилга хот байгуулалтын сайд болчихлоо гээд. Тэр миний шийдвэр биш шүү дээ. Нам нь бодлогын хэмжээнд саналаа гаргасан, хамт олны шийдвэр. Мань хүн тэрэнд гомдсон байх. Тодорхой хэмжээний ашиг сонирхол ч үйлчилсэн байх. Би бол Баасанхүүд их харамсдаг. Улс төрийн сайхан карьерийг увайгүй зан үйлдлээсээ болж хаалаа гэж боддог.

-Хэнтий аймаг дахь 42-р тойргийн нөхөн сонгуулийг явуулахгүй байх талаар зүтгэж буй хүмүүсийн нэрс дунд Баасанхүүг дурддаг. 

-Баасанхүү гишүүн Эрдэнэтчүүдийн дэмжлэгтэйгээр сонгогдчихоод эргээд тэднийгээ нулимсан. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэн авах ёсгүй, төр дээрэмдэх гэж байна гэдэг талыг тэр баримталсан. Ийм л түшээ. 2016 онд УИХ-ын гишүүн болоод нам дээрээ нэг удаа ирсэн. Түүнээс хойш нэг ч хуралд ирээгүй. Туслахуудаар нь дамжуулаад ч тусыг олоогүй. Тэгтэл, гэнэт л Бага чуулган зарлаад л, төрийн ордонд шөнө оройн цагаар хуралдуулаад л, хүмүүсийг хөдөө орон нутгаас ирэх зардлыг нь даагаад л эхэлсэн. Нам өөрөө Их хурлаа зарлан хуралдуулчих хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй байсан үе. Гэтэл нөгөө намаасаа мөнгө нэхээд суудаг Баасанхүү чинь Төрийн ордонд хэдэн өдөр хуралдуулж, асар их хөрөнгө мөнгө цацсан. Их хурлын гишүүнийхээ төсвийг ч бүтнээр нь зарсан ч хүрэхээргүй тийм их зардал чирэгдлээр хурлаа хийнэ гэдэг бол маш том бүлэглэлийн гар хөлийн зүүрт оржээ гэдгийг илчилсэн гэж би бодож байна. Зан аашийн хувьд ч эвдэрсэн. Чуулган дээр хүн болгон руу шахуу үсчсэн, бардам болчихсон. Ах захаа ч мэдэхээ больсон. Хурцын хонины хонхорт явж байна гээд иргэний нийгэмд хамт явсан хүнээрээ хэлүүлж л байсан. Хүний мөс чанараа л таниулж байна. Бидний хувьд бууриа сахиад цөөхүүлээ үлддэг. Гэхдээ дэмжигчийн тоо өссөн. 2017 ерөнхийлөгчийн сонгуульд гэхэд зөвхөн СХД-т 50 мянган санал авсан.

-Баасанхүү анхнаасаа намын төлөө яваагүй биш явсан. МАХН гэдэг нэрийг авахад Баасанхүүгийн нөлөө гавьяа бас бий гэж боддог. 

-Байлгүй яахав, тухайн үед даргын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Нэртэй холбоотой янз бүрийн асуудал гарч ирэхэд намын нөхдөдөө тайлбарлаж явж байсан. Тэр чигээрээ тэр сайхан нэр хүндийг өргөөд явчихаж болно шүү дээ. Би гавьяа байгуулсан гээд нулимаад байж болохгүй. Хүнийг эрх мэдэл мөнгө албан тушаал л эвддэг юм байна.

-Улс төрийг хүмүүс бохир гээд л яриад байдаг. Тэгсэн мөртөө улс төрлүү дурлах хандлага монгол даяар л байна. Татах хүч байна даа, тэнд?

-Улс төрд орчихоор л хүмүүс дарга болдог гэх ойлголт байна. Баянсэлэнгэ гэдэг хүн гэнэтхэн л сайд болчихоор улс төрд ороод л ингэлээ гэж хардаг. Улс төрд орох ёстой хүмүүс нэг бол үзэл бодолдоо тууштай, нэг бол маш их мөнгөтэй байх ёстой юм байна. Хөрөнгөнд суурилсан нам төлөвшиж байна. Нам нь мөнгө цутгасан хүнд тойрог бэлэглэж байна. Тэр нь мөнгөө цацаад УИХ-д сонгогдож байна. Нөгөө нь над шиг үзэл бодолдоо үнэнч хүмүүс. Хэдийд ямар үр дүнд хүрэхээ мэдэхгүйгээр зөв зүйлийн төлөө зүтгэгч. Өөрөөрөө жишээ авбал ийм л зүйлийг хэлнэ. Улс төрийн намыг хүмүүс их үгүйсгэж, муулдаг. Нэгэнт намаар дамжиж засгийн эрхэнд хүрч буй тохиолдолд намыг зүхэх боломжгүй. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Тогтолцоогоо өөрчлөөгүй цагт намыг байх ёсгүй гэж ярих нь утгагүй хоосон яриа. Намаа орхиод 76 бие даагчаас УИХ-ыг бүрдүүлээд бүтцээ байгуулъя гэвэл асуудал дагалдана. УИХ-ын дарга нь хэн болох юм, байнгын хороо, дэд дарга нар нь хэн болох юм гээд олон асуудал сөхөгдөнө. Тэгэхээр хүссэн хүсээгүй тэр 76 хоорондоо эвсэнэ. Ингэж нэгдэх нь нэг намд хариуцлага тооцоохоос илүү хор уршигтай. Тогтолцоо, механизмыг өөрчлөөгүй цагт улс төрийн намыг эсэргүүцэх шаардлагагүй. Талцал хуваагдал хэрээс хэтэрсэн нь үнэн л дээ. Ер нь бол хоёр талдаа гаръя, зүүн бол зүүн баруун бол баруун гээд. Үзэл бодлын зөрүү, амбицаараа улс төрөө хийе л дээ.

-МУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж манай сэтгүүл зүйн салбарын хүн байсан. Зохиолчдын хороо, соёл утга зохиолын салбараас Н.Энхбаяр ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хоёр хүн аль аль нь намын дарга, ерөнхий сайд, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Та аль алинтай нь хамт ажиллаж байсан. Энэ хоёр хүнийг хэн гэж хардаг вэ, ямар ялгаа байна?

-Элбэгдорж ерөнхийлөгч Улаан-Од сонины сурвалжлагч болоод манай ээжийг холбооны ангид станцын дарга хийдэг байхад анхны ярилцлагаа авч байсан сонин түүх байдаг. Дараа нь бидний амьдардаг Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Хувь хүний нь хувьд бол би шүүмжлэлтэй ханддаг. Хүн нь өөрөө их хонзонтой. Хорхойтой араандаа зуучихдаг гэх юм уу. Монгол эр хүн чинь хэрэлдэж зодолдчихоод инээгээд л дараа нь цайрчихсан байдаг. Тийм ёс жудаг байхгүй. Эр хүн шиг эр хүн их ховордсон байна. Тийм хүн цөөрсний нэг илрэл л Элбэгдорж. Би бол 4 жил энэ хүнийг шүүмжилсэн. Тэр хүн ч надад дургүй л байх. Өнөөдөр ч намайг шалгаад байгаагийн ард энэ хүнийг зогсож байгаа гэж би харддаг. Уг нь бол Ардчилсан нам, ард түмэн гайхамшигтай боломжийг энэ хүнд өгсөн. Төрийн өндөр сэнтийд түүнийг залсан. Харамсалтай нь энэ хүн маш сайн ярьсан. Их л сайн ярьдаг хүн гэж боддог. Энхбаяр гэдэг хүнийг сайныг нь хэлэх юм бол хэлснээ хийдэг л хүн. Нэг нь сайн ярина. Нэг нь хийнэ. Ийм л зөрүүтэй. Дээр нь Энхбаяр даргын хувьд бол будда шүтдэг, философилог, гэгээрсэн хүн. Хүний үгийг бүх талаар нь сонсоно. Хамгийн гол алдаа нь хүн таньдаггүй гэдэг. Элбэгдорж бол хүнд угаасаа итгэдэггүй хүн. Тэгтэл Энхбаяр дарга хүнд итгэдэг хүн. Итгэдэг учраас хүнийг таниагүй байх нь. Хүний итгэлийг эвдсэн хүн л буруудна уу гэхээс итгэсэн хүн буруудаж явахгүй гэж үздэг хүн. Элбэгдоржийн хувьд бол хүнийг итгэхгүй ашигладаг хүн. Товчхондоо ийм л байна. Намайг Энхбаяр даргыгаа хамгаалж байна гэж бодох л байх. Гэхдээ ард түмэн энэ хүний хийж бүтээснийг мэднээ.

-Энхбаяр гэж хүнийг улстөрд оруулж болохгүй гэсэн даалгавар байх шиг байгаа юм?

-Энэ хүнээс маш их айж байна. Өөртэйгээ адилхан санаж байна. Өөрөө муу юм хийж байсан учраас намайг бас тэгчихнэ гэж тэр хүмүүс айж байх шиг. Тэгтэл Энхбаяр гэдэг хүн нь тийм санаа огт өвөрлөөгүй байдаг. Нөгөө нь энэ хүн дээшээ гарчихвал өс хонзон, хариугаа авна гэж түгшээд байдаг. Ийм л байдал үүссэн. Улс орны хөгжил, ард түмний сайн сайхны төлөө бодлого боловсруулаад л тэр хүн явж байна. Тэр боломжийг нь битгий хаагаад байгаач. Эсвэл хамтраад ажиллаач гэж хэлмээр байна.

-Энэ МАХН-ын зүтгэлтнүүдийн дурсгалтай зураг байна.

-2016 оны УИХ-ын сонгуульд оролцохын өмнө талбай дээр цэцэг өргөөд явж байгаа зураг байна.

-2020 оныг ингэхэд Та хэрхэн яаж харж байна.

-Өнөөгийн 65-ын бүдүүн бүлэг энэ чигээрээ сонгуульд орьё гэж саная. Маш их бухимдалтай ард иргэд тосож байна. МАН амласандаа хүрсэнгүй. Ард иргэдийн амьдрал дээшилсэнгүй. Давуу талаа ашиглаж чадахгүй нь. Эдийн засгийн таатай орчин бий болсон. Сөрөг хүчингүй гэж хэлж болно. Ийм улс төр, эдийн засгийн таатай орчныг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Амлалт талаар болсон. Нам нь үзэл бодлын зөрчилтэй хүмүүсийн нэгдэл болсон учраас эрх мэдлийн төлөө нэгнийгээ унагаах асуудал зайлшгүй гарч байна гэдгийг харж байна. Тэгэхээр 2020 оны сонгууль зөвшилцлийн буюу аль аль нам хэт олонх болохгүй болов уу гэж харж төсөөлж байна.  

-Төрд бүх юм байна, хууль, татвар, цагдаа гээд. Хоёр зүйл л хараат бус байх ёстой. Нэгдүгээрт хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Энэ бол маш их алдагдсан. Хоёрдугаарт шүүх. Энэ ч бас алдагдсан. Энэ хоёр л зөв тийшээ харж байж зөв голдрилдоо орох юм бишүү.

-Таны хэлдэг зөв. Хараат бусаар ажиллаж чадах юм бол өнөөдөр эрх баригчид 65 байна уу ?, зөвшилцлийн парламент байна уу хэнд ч хамааралгүй . Алдаатай, хууль зөрчсөн тохиолдолд төр төмөр нүүрийг үзүүлдэг, хариуцлага тооцдог байх учиртай. Хэвлэл мэдээллийн байгууллага ч гэсэн улстөрчдөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг бол ард түмэн тархиа угаалгалгүйгээр зөв сонголт хийдэг болно. Хариуцлага хэн тооцдог вэ гэхээр ард түмэн. Гэтэл ард түмний энэ эрхийг булааж авчихаад байна. Хэвлэлээр тархийг нь угаачихаад сонгуулиар мөнгө тарааж байна. Энэ нь өөрөө засгийн эрхийг хууль бусаар авах талруугаа явж байгаагийн илрэл. Ард түмэн засаг барих гэдэг үндсэн хуулийн заалт зөрчигдсөн. Улстөрчөөс хараат хэвлэл хэзээ ч эрэн сурвалжилга хийхгүй, мэдээллийг үнэн зөвөөр гаргахгүй. Харин тухайн хүнээсээ хамаараад зөвийг буруудуулаад бурууг зөвдүүлээд л явна. Энэ хоёр байгууллага хүний эрхийг хангаж гэмээнэ эрх баригчид, төрийнхөн хазаарлагдаж, ташуурдуулах ёстой. Тийм зөв, шударга нийгмийг цогцлоон бүтээхийн төлөө иргэд, сэтгүүлчид нэгдэх ёстой л гэж би харж байна. Аливаа улсыг мөхөөхөд улс орныг авч явах ирээдүй хойч үеийг шар хэвлэлд умбуулах, улстөр, нийгмийн идэвхтэй оролцоо бүхий амьдралаас холдуулж, архи дарсанд уруу татах байдаг гэнэ. Ийм тохиолдолд улс орон мөхлийн ирмэгт хүрдэг гэнэ. Өнөөдөр манайх ийм л болчихоод байна. Гэвч үүнийг олж харч байгаа хүн хэд билээ. Бид энэ хувь заяаг хэн гарч ирж цэгцлэх вэ гээд арагшаа харахад хэн ч байхгүй. Тиймээс ухрах зам байхгүй.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Таныг Комментатор нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч, сонирхолтой яриа хөөрөө өрнүүлсэнд үзэгч, уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Таны ажил үйлсэд амжилт хүсье.

-Баярлалаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Монгол:Баянсэлэнгийг би танихгүй, тэр манийг танихгүй болохоор улс төрийн талаар өнөөгийн 76-аас илүү,нилээд өсч яваа хүн бололтой. Өнөөгийн капиталист нийгмийг бүтцийн ч, СИСТЕМИЙН хувьд өөрчлөх ёстой гарцаагүй үнэн. 2018-09-26
::нутгийн зан 2018-09-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?