Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын түүхэнд томоохон үйл явдал өнөөдөр тохиож байна. Тодруулбал, Монголын сэтгүүлчдийн анхны 16 давхар ордон барих төсөл, 1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зохион байгуулсан ”Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сэтгүүлч ордон”-ы газрыг шийдвэрлэж өгөхөө нийт сэтгүүлчдэд мэдэгдэж байсан юм.
Тэгвэл хотын дарга сэтгүүлчдэд амласан амлалтаа биелүүлж, шинийн 17-ны энэхүү билэгт сайн өдөр "Сэтгүүлч" ордон барих газрын гэрчилгээг МСНЭ-д олгосныг МСНЭ-ийн Ерөнхийлөгч салбарынхандаа өнөөдөр танилцууллаа. Сүхбаатарын талбайгаас 2 километрийн зайд 32-ын тойрогт төв зам дагуу 678 м2 газрыг хотын захиргааны зүгээс сэтгүүлчдэд олгожээ. Ийнхүү газрын гэрчилгээтэй болсон МСНЭ-ийн удирдлагууд 16 давхар “Сэтгүүлч" ордны иж бүрэн зураг төсөл боловсруулах гэрээг өнөөдөр "Марс Констракшн" компанитай байгуулснаар Сэтгүүлчдийн ордон босох ажил гараанаасаа хөдөллөө.
Түүнчлэн МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” амлалтаа богино хугацаанд ажил хэрэг болгож чадсанд салбарынхан талархалтай байна. Нийслэл хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг орон сууцжуулах 1620 айлын “Шинэ Гүрэн” иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын төслийг "Шинэ Гарц" ХХК 2015 оноос өөрийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэгвэл “Шинэ гүрэн” орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийг орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр МСНЭ болон "Шинэ Гарц" ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, шав тавих ёслол үйлдлээ. Ингэснээр 2019 онд эхний 100 сэтгүүлч 1м2 нь 1.099.000 төгрөгийн үнэтэй бүрэн цутгамал орон сууцтай болох боломж бүрдэж байна. Хөтөлбөрт хамрагдах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг сонгон шалгаруулахдаа Сэтгүүлч, Редакци, МСНЭ-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж сэтгүүлчийг редакцидаа тогтвор суурьшилтай ажиллах, сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг баримтлах ажээ. Хямд үнэтэй, чанартай орон сууцанд хамрагдах сэтгүүлчдийг бүртгэх журам, гурвалсан гэрээ зэргийг МСНЭ-ийн Ажлын албанаас удахгүй редакциудад нэгдсэн журмаар танилцуулах юм байна.
Ц.ХИШГЭЭ