Сүүлийн гурван аравны турш Монголоо “азийн бар”, улмаар “дэлхийд нэрээ дуурсгасан” ер нь л “нэгэн сайхан мундаг” улс болгох талаар амтай болгон л ярьж цуурсаар, мөрийн хөтөлбөр дэвшүүлсээр, гадаадынхантай хамтарч ч, дотоодынхон дангаараа ч байнга л хуралдаж зөвлөлдсөөр, бүр сүүлдээ Монголоо сурталчилж буй нь энэ гэж улсынхаа эдийн засагт ихээхэн хорлон сүйтгэл учруулахуйц АСЕМ гэх мэтийг зохион байгуулан, хаа нэгэн газар бэлтгээд тавьчихсан “хөгжлийн бэлэн жор” хайж ертөнц даяар хэсэн тэнүүчилж, сонсогдсон хурал, зөвлөгөөн бүрт очиж хэрэгт хэрэггүй хүмүүс, байгууллага, улс орнуудтай уулзаж, хуралдан, чухалд нь нэр бөглөхөөс цааш оролцоогүйгээр, бусдад ашиглуулсаар, хулхидуулсаар, заримдаа ч үндэстнийхээ эсрэг хуйвалдаан, хууран мэхлэлт үйлдэлцэж, ойлгож, суралцаж, олж ирж хэрэгжүүлсэн зүйлгүйгээр, татвар төлөгчдийн үлэмж их мөнгө хөрөнгийг үр ашиггүйгээр үрэн таран хийсээр, зүйрмэглэн эвшээж юу ч ойлгохгүй суусаар, шоппинг хийж, идэх уухыг эргүүлж явсаар, гуйлга гуйсаар, буцалтгүй тусламж эрсээр, зээлсээр, болох болохгүй, бүтэх бүтэхгүйг бодож, оролдож, хийсээр ирлээ. Гадныханд гайхуулж, бахархаад байх бусдаас онцгойрох давуутай сайн сайхан юмс хомс мөртлөө юугаа ч сурталчилж, таниулж, мэдүүлэх гээд байгаа нь бүр ч ойлгомжгүй. Түүхэн талаас гайхуулах цөөн зүйлс байгаа бол мэдээллийн эрин зуунд амьдарч буй энэ дэлхийнхэн Монголд ирсэн ч, ирээгүй ч, үнэхээр сонирхож байвал гэртээ сууж байгаад л Монголын талаарх нээлттэй бүхнийг нь олоод мэдчих боломжтой. Бусад олонхи улс орнуудтай харьцуулахад аялагч, жуулчлагч нарт үзүүлэх овоо гайгүй зэрлэгдүү, онгон шахуу байгаль, ургамал, ан амьтантай байсан ч одоо ихэнхи нь сүйдэж, үрэгдэж, дайжиж, устаж үгүй болоод, гайхуулаад байх юмс ч ховордсон доо. Дуу, шүлэг, зохиол, кино, видеонд л үлдэж байх шив дээ. Жинхэнэ нүүдэлчин соёл иргэншил ч бидний нүдэн дээр устаж үгүй болж байна. Байгаль, зэрлэг болон тэжээвэр амьтан, мал сүрэгтэйгээ харьцах бараг бүх л харилцаанд зөвхөн хүч, бяр, түрэмгийллээр шийддэг “амьгүй” техник, хэрэгсэл нэвтэрч орж ирснээр, ухаанаар, эвээр, ойлголцлоор, зүй тогтлоор, дасан зохицлоор явагддаг амьд байгалийн мөнхийн харилцаа устах тийшээ хандлаа.
Монгол улсыг диваажин болгож хөгжүүлчихнэ гэж хэн ч баттай мэдэхгүй, хаана ч туршилтанд ороогүй (яг Монголтой ижилхэн улс орон байхгүй учир боломжгүй), манай улсын өвөрмөц онцлогийг мэдэхгүй голдуу харийнхан болон тэдний бэлтгэсэн гар хөлүүдээр заалгасан, сонссон төдийхөн арга замуудыг санал болгож, монголчууд өөрсдөө бодож олсон бус мөн л харийнхнаар заалгасан, гэхдээ заагч ба заалгагчийн аль аль нь гүйцэд ойлгоогүй бөгөөд эцсийн хариу буюу үр дүн нь хэрхэн гарахыг бүрэн гүйцэд бодоогүй “бодлого”-уудыг тулгаж, шийдэх гэж буй тухайн асуудал нь ямар байдлаас эхлээд хаана хүрэх эхлэл төгсгөлийг нь яв цав тодорхойлж, холбоотой бүх хүмүүстээ гүйцэд ойлгуулаагүй, өнгөцхөн төсөөлөлд тулгуурлаж хөтөлсөн, ашиг тус нь дотоодынхоноос илүүтэйгээр гадаадынханд хүртээмжтэй жижиг, том “хөтөлбөр”-үүдийг гадаад, дотоодоос захиалгатайгаар завсаргүй шахам дэвшүүлж тулган хэрэгжүүлсээр ирлээ.
Гадаадын хөрөнгө оруулалт л Монголыг аварна, түүнээс өөрөөр хөгжих арга зам байхгүй гэдэг ухуулга, сурталчилгаагаар бүхний тархийг завсаргүй “бөмбөг”-дсөөр л байна. Тэр хөрөнгө оруулалт гэгч нь ердөө л зэс, нүүрс худалдах, газрын хөрсөө ухаж, сүйтгэж, өрөмдөж хаана нь алт, зэс, мөнгө, төмөр, газрын тос, хий, үнэт чулуулаг гэх мэт нь байгааг илрүүлээд, түүнийг ухаж гадагш нь зөөж худалдах явдал. Түүний цаана энэ дэлхий ертөнцийн мөнхийн оршихуйд онцгой чухал үүрэгтэй, үл орлогдох, үл нөхөгдөх амьгүй гэгдэгч болон амьд байгалийн олон янз байдлын зүй зохист харилцаа, тэнцвэр алдагдах, устах, сүйрэх, наад зах нь тухайн бүс нутагт амьдрагсдын уух усны эх үүсвэр гол, горхи, нуур, цөөрөм бохирлогдох, ширгэх, хатаж алга болох зэрэг нь огт тооцоонд орохгүй бөгөөд мөнгө л олж байвал бусад нь падгүй гэх үзэл баримтлал амь бөхтэй оршиж байна.
Монголд гадаадынхны оруулдаг хөрөнгө оруулалт нь ердөө л уул уурхайн чиглэлд хандлагатай. Төр, засаг болон ард иргэдийн үнэмлэхүй олонхи нь хөрөнгө оруулалт гэдэгт уул уурхай буюу газар дэлхийгээ ухуулж сүйтгүүлж л мөнгө олох гэж ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд уул уурхайд нь чиглэсэн хөрөнгө оруулалтууд орж ирсээр байгаа ч улс оронд тогтвортой хөгжлийн хандлага огт байхгүй, ард иргэдийнх нь үнэмлэхүй олонхийнх нь амьдрал дорвитой сайжрахгүйгээр үл барам ирээдүйн амьдралын хандлага, төсөөлөл нь ч тодорхой бус, ирээдүйдээ итгэх ямар ч итгэлгүй болсон, нөгөө гайхамшигт хөрөнгө оруулалт орсон уул уурхайнх нь нөөц дуусчихаар цаашид Монгол улсаараа хэрхэн амь зуух нь тодорхойгүй явсаар л байна. Мөнхөд зэс, нүүрс ухаж, алтны үртэс хайж амьдарна гэх төсөөлөл баймааргүй л байлтай. Цаашид ч энэ янзаар явбал Монгол улсын хөгжил болон ард иргэдийнх нь амьдралын түвшин ба амьдрах арга замын хандлагад эерэг үр дүн гарахгүй. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн арга зам, бодлого, хөтөлбөрүүд чинь зүй тогтолт, тогтвортой, урт хугацаанд оршин байх хөгжил дэвшилд хүргэхгүй нь ээ гэдгийг сануулаад жинхэнэ тогтвортойгоор хөгжиж дэвжихэд нь дэм тус болж магад гэж энэ сэдвийг хөндлөө. Ер нь цаашдаа Монголыг хөгжүүлэхэд өрсөлдөх чадвартай бүтээхүйн технологи л гарц аврал нь юм шүү гэдгийг анхаарч үзээсэй гэж үүнийг бичиж байна.
ЦЭДЭВИЙН ӨЛЗИЙТОГТОХ