Аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг технологитой ба технологигүй гэж хоёр ангилж үзэж болмоор санагддаг. Технологитой бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь тогтвортой, урт хугацаанд оршин тогтнож, бүтээгдэхүүний чанар нь тогтмол үзүүлэлттэй байх магадлал ихтэй. Өрсөлдөх чадвар нь дотоод болон гадаадын зах зээл дээрээ мэдээж өндөр. Дэлхий нийтийн ирээдүйн хандлага бол байгаль орчинд халгүй, эрүүл, аюулгүй, хоргүй, сөрөг нөлөөлөлгүй, эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүтээхүйн технологит л хөрөнгө оруулалт нь чиглэх болов уу гэж боддог.
Харин технологигүй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг мэргэжлийн өндөр мэдлэг, мэргэшлийн нарийн ур чадвар шаардахгүйгээр хэн дуртай нь хаана ч эрхэлж болох бөгөөд өрсөлдөх чадвар багатай, хуурамч, дуураймал хэлбэрээр хийх магадлал ч өндөртэй. Тиймээс зах зээл дээр урт хугацаанд оршин тогтнох ямар ч найдлагагүй бөгөөд ийм ангиллын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалт хомс байх нь тодорхой. Технологитой бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь мэдлэг, чадвар, мэргэшил, туршлага, өөрчлөлт, шинэчлэл, дэвшил дээр тулгуурлаж урт хугацааны турш оршин тогтноно. Технологигүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тогтмол баримтлах стандарт жишиг багатай бөгөөд хаанахын хэнбугай ч сурч мэдээд үйлдвэрлэчих боломжтой.
Тиймээс Монгол улсын төр засагт хэтийн бодлого гэгч зүйл байдагсан болбол ирээдүйд улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн хараат бус байдал, ард иргэдийнх нь амьдралд ач тустай байх бүтээхүйн технологит л анхаарлаа хандуулахсан. Тэр нь түүхий нүүрс ухаад ачаалах, зэс, төмрийн хүдэр ухаад угааж, хайлуулах, ганц хоёр өдрийн бороонд урсчихдаг засмал замын “технологи”-оос арай дөмгүүр технологи гэж ойлговол зохино. Хөгжүүлэх шаардлагатай бүтээхүйн технологиудыг сонгохдоо юуны өмнө Монголдоо байсан бөгөөд байгаа тодорхой бааз суурьтай, импортыг орлох, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг бодолцож үзээсэй. Улс орны хэмжээнд урт хугацаанд тогтвортой дагаж мөрдөх, “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэгчээр бүх талаас нь авч үзэн хэлэлцэж, зөвшилцөн, бодож тунгааж боловсруулсан бодлого байхгүйгээр цоо шинэ, шинэлэг өрсөлдөх чадвартай бүтээхүйн технологийн талаар бодох нь хэцүү бололтой юм билээ. Яахав тооцоололоо сайн хийсний үндсэн дээр эрэлтийн мэдрэмж багатай, мэдрэмжгүй шахам бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээхүйн технологит эрсдлээ өөрсдөө хариуцах хаанахын хэнбугай нь ч хөрөнгө оруулалт хийж болох л доо. Үйлдвэрлэгч, технологичийн хувьд ч энэ цаг үед бүтээхүйн технологийг бий болгоход анхаарах хэдэн асуудлын талаар санаа бодлоо илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Ингэхдээ “Rome was not built in a day” гэдэг хэлц үгийг ишлэмээр санагдаж байна. Өрсөлдөх чадвартай бүтээхүйн технологийг нэг өдөр бий болгочих боломжгүй. Тийм технологи гэнэт нэг өдөр тэнгэрээс унаад ирэхгүй бөгөөд заавал өмнө нь хаа нэгтээ байсан суурь бааз дээр түшиглэж бий болж хөгжинө. Учир нь аливаа бүтээхүйн технологи нь хэд хэдэн бүрэлдэхүүн буюу хүчин зүйлсээс маш их хамааралтай. Тэдгээр бүрэлдэхүүн буюу хүчин зүйлсийг хамтад нь л бий болгож хөгжүүлэхгүй болбол гадаадын ч, дотоодын ч зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь өрөөсгөл болоод явчихна. Иймээс бүтээхүйн технологийн хөгжилд нөлөөлөгч буюу хөгжлийг тодорхойлогч хүчин зүйлсийн талаар товчхон дурдая.
ЦЭДЭВИЙН ӨЛЗИЙТОГТОХ