Бодлого гэдгийг бодож, судлаж, тооцоолж, хуурамч бус жинхэнэ шинжлэх ухаанд түшиглэж гаргамаар байна. Ингэж гаргасан бодлого урт хугацаанд оршин тогтнох үндэслэлтэй. Судалгаагүй, тооцоогүй, хуурамч шинжлэх ухаанд тулгуурласан, мэргэжлийн бус хүмүүсийн гаргасан “бодлого” бол бодлого биш. Өнгөрсөн хугацаанд манай улсын бараг л бүх мэргэжлийн салбар нь бодлогогүй, дампуурлын байдалд орсон нь мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар багатай буюу байхгүй хүмүүсийн хуурамч шинжлэх ухаанд тулгуурлаж гаргасан бодлогогүй “бодлого” гэгчтэй л холбоотой байх.
Бүтээхүйн технологийг хөгжүүлэх бодлогыг гаргахдаа наад зах нь хэдэн арваас зуун жилээр хэрэгжинэ гэж бодож тооцоолох ёстой. Мэдээж өнөөдрийн дэлхийтэй хөл нийлсэн, өрсөлдөх чадвартай бүтээхүйн технологийг бий болгох нь их хэмжээний хөрөнгө оруулалт, зарлага шаардана. Иймээс л ялангуяа, өвөрмөц, онцгой бүтээхүйн шинэ технологи бий болгохын тулд төр, засгийн бодлого тодорхой бөгөөд тууштай, урт хугацааны турш тогтвортой байх ёстой. Ингээгүй тохиолдолд гадаадаас ч, дотоодоос ч их хэмжээний мөнгө, хөрөнгөө Монголын бодлогогүй, хэзээ ч яаж ч хувирч өөрчлөгдөж болох, барьцгүй орчин руу харанхуйгаар оруулдаг тэнэг нь олдохгүй. Дэлхийтэй хөл нийлсэн бодлого байхгүйн гай ажиглагдаж л байх юм. Нэгэн жишээ. Машин үйлдвэрлэлээр дэлхийг манлайлагч, гол ханган нийлүүлэгч улс орон, компаниуд газрын тосоор ажилладаг машины үйлдвэрлэл, нийлүүлэлтийг 2030 он гэхэд үлэмж хэмжээгээр бууруулна гэдэг зорилго, зорилт тавиад ажиллаж байхад манай улс яг эсрэгээр нь газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулна гэх зорилго тавиад хойч үедээ үүрүүлэх олон их наяд төгрөгийн зээл аваад үр ашиг багатайхан зарцуулаад эхлэх жишээтэй. Бас нэгэн жишээ. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас 2030 он гэхэд нэгэн гоц халдварт өвчнийг дэлхийгээс бүрмөсөн устгана гэдэг зорилго тавиад ажиллаж байхад төр засаг болон асуудал эрхэлсэн яам, агентлаг нь уг өвчнөөс сэргийлэх вакциныг Монголдоо үйлдвэрлэхээр олон тэрбум төгрөг гадаадаас зээлээд ажиллаад эхлэв бололтой. Хөрөнгө оруулалтаа нөхөх эсэх талаар ч огт бодохгүй. Бодлого гэдгийг ухаантай, мэдлэгтэй хүмүүсийн толгойгоор бодож боловсруулж гаргадаг юм гэж ойлгомоор байна. Одоо Монголын төр, засгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх албаны олонхи ажлын байрыг бөглөн сууж байгаа намчин, сонгуульчин, дүр эсгэгч, цүнх баригч, попчин, бөгс долоогч, хулгайч, луйварчин мэргэжлээр мэргэшсэн хүмүүс аль ч салбарт жинхэнэ мэргэжлийн бодлого боловсруулж чадахгүй бөгөөд тэндээс урт хугацаанд тогтвортой байх бодлого гарч хэрэгжих боломжгүй. Тиймээс салбар бүрийн зөв бодлого боловсруулах мэдлэгтэй, мэргэшилтэй, чадварлаг хүмүүсээс бүрдсэн баг байгуулах хэрэгтэй байна. Гэхдээ янз бүрийн аргаар олж авсан мэргэжлийн үнэмлэхтэн, дипломны цуглуулагатан нар нь мэргэжлийн мэдлэгтэн, чадвартан, мэргэшилтэн биш гэдгийг хатуу анхаарах ёстой.
ЦЭДЭВИЙН ӨЛЗИЙТОГТОХ