"ТУСГАЙ" МАШИНУУДТАЙ ТАНИЛЦ

2018-10-10  

ЦЕГ-ын нээлттэй хаалганы өдөр өнөөдөр боллоо. Энэ үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг сахих үүргээ биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай зориулалтын автомашинууд болон тэдгээрийг хэрхэн тоноглож ашиглаж байгаагаа олон нийтэд танилцуулсан юм.

ЦЕГ-т 600 гаруй тусгай зориулалтын автомашин байдгаас 45 хувь нь 6-10 жил ашиглаж буй тээврийн хэрэгслүүд аж. Харин 37 хувь нь 5 хүртэлх жил ашиглагдаж байгаа харьцангуй шинэ тэрэгнүүд юм. Энэхүү тусгай автомашинуудад суудлын автомашин болон том оврын автобус, ачааны машин, жийп, микро, мотоцикл, тусгай зориулалтын чиргүүл гэсэн есөн төрлийн техник хэрэгсэл байгаа юм байна.  

Эдгээрийн

  • 69 хувь нь БНСУ,
  • 11 хувь нь ОХУ,
  • 8 хувь нь БНХАУ,
  • 10 хувь нь Япон,
  • 2 хувь нь Герман,
  • 0.2 хувь нь Чех улсад үйлдвэрлэжээ.

Цагдаагийнхан нэг үеэ бодвол сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг чадмаг нэвтрүүлж, ашиглаж байгааг тэр бүр хүмүүс мэддэгүй. Гэсэн хэдий ч сайны хажуугаар саар юм бий. Онцгой тохиолдолд хэрэглэдэг, сүүлийн үеийн тоног төхөөрөмж байгаа хэдий ч өдөр тутам хэрэглэгддэг эргүүлийн машины паркд бүрэн шинэчлэл хийх шаардлагатайг алба хаагчид хэлж байгаа юм. Нийслэлийн цагдаагийн албаны эргүүлд нийт 68 машин гарах ёстой байтал 20 гаруй машин нь эвдэрч, сэлбэг нь ч олдохоо байжээ. Иймэрхүү хуучирч муудсан машин зэргийн асуудлаас болж ажил нь хүндрэлтэй байгаа цагдаагийн албаныхан Паркийн бүрэн шинэчлэл хийх хүсэлтээ ч холбогдох газруудад нь  хүргүүлсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж. Эрдэнэболд:   

 "Өнөөдөр монголын цагдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар хангах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хангалттай хийж гүйцэтгэж байгаа. Харин цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэж байгаа эргүүлийн автомашинуудыг парк шинэчлэл бүрэн хийх шаардлагатай байгаа. Манай жижүүрийн машинуудын 24 цагаар тасралтгүй явдаг учраас  их муудсан. Муудсан машиныг манай засварын ажилчид өдөр шөнөгүй засч ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэн  ажиллаж байгаа. Бидний гол зорилго бол эхний ээлжинд гэмт хэрэг болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг эргүүлийн автомашинаа шинэчлэх. Энэ асуудлаа  холбогдох газруудад хандсан. Бид өөрсдийнхөө хүчээр боломжийн зүйлийг хийж байгаа хэдий ч хүртээмж маш муу байна” гэсэн юм.

Энэ тоо баримт зөвхөн нийслэлийнх ч гэлээ машин дутмаг энэ асуудал нь зөвхөн нийслэлийнх биш билээ. Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын болон эргүүлийн автомашин, тоног төхөөрөмжийн дутагдалд ороод байгаа билээ. Тиймээс энэ асуудлыг  холбогдох яамдууд анхааралдаа авч ажиллах шаардлагатай байгаа юм. 

Хурандаа Ж. Эрдэнэболдын хэлсэнчлэн Цагдаагийн алба хаагчид эргүүлийн машингүй гэж шалтаг тоочсонгүй. Тэд өөрсдөө автомашиныг тоноглож тохижуулан, тусгай үед хэрэглэгдэх явуулын гуанз, хөдөлгөөнт удирдлагын штабын байр, явуулын засварын үйлчилгээний байр болгосон нь төсвийн мөнгийг ихээхэн хэмнэсэн сайшаалтай басхүү алба хаагчдын ажилдаа сэтгэлтэй, чадвартайг нь харуулж байгаа хэрэг юм. 

Тухайлбал, хөдөлгөөнт удирдлагын штабын байр гэх энэхүү машин нь дээрээ 4 чиглэлийн камертай, ямар ч үед дүрс дамжуулах бүрэн боломжтой, нарны панелийн цахилгаан системтэй, мөн эрэн сурвалжилах үйл ажиллагаанд шууд ашиглах боломжтой машин юм. Дотроо алба хаагч унтаж амрах боломжийг хангаж хоёр ор, хяналтын камерийн гурван дэлгэц зэргийг байрлуулжээ.

Яг ийм тусгай машиныг гаднаас авахад дунджаар 600-700 мянган долларын үнэтэй байдаг байна. Харин цагдаагийн алба хаагчид өөрсдөө тохижуулснаар уг мөнгөнөөс хэд дахин бага зардлаар хийсэн нь энэ юм.

Энэ машин хээрээр гарах зэрэг тусгай ажиллагаанд алба хаагчдыг зөөх, наадам, баярын үйл ажиллагаа зэрэг олон нийтийн үйл ажиллагааны үеэр хамгаалалтынхныг авч явдаг 65 хүний суудалтай автобус. Багаажиндаа тусгай зориулалтад хэрэглэгдэх багаж, хорт утааны баг гэх зэрэг туслах хэрэгслүүдээ хийдэг байна. Ийм 5 автобус байгаагийн 3-ыг цагдаагийн алба хаагчид ингэж  тохижуулжээ.

Харин энэ цагдаагийн алба хаагчид хээрийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үед алба хаагчдын хоол цайг хийдэг явуулын гуанз юм.

Эндхийн тогооч ахлах ахлагч Ц.Батбаяр ах салбартаа 30 орчим жил ажиллажээ. Тэрээр "Заримдаа 7 хоногоор ч "хээрийн" хоол хийх үе гарна. Хамгийн гол нь шуурхай, эрчүүдийн ходоодыг сайн цатгахаар л хоол хийх ёстой. Дан эрчүүд ч бас "хусна" шүү" хэмээн хөгжилтэй ярих зуураа хормын дотор хуушуур хайраад өгөв. Гарын гурван туслах тогоочтойгоо онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх үед ч явж байж, олон өдрийн аврах ажиллагаанд ч алба хаагчдын ар талыг хариуцаж явж байжээ.

"Урал 375" гэх энэ машиныг танигдахааргүй болтол нь тусгай зориулалтын болгож тохижуулжээ. Дотроо халаагч, хөргөгч, холбооны хэрэгслүүд, камераар бүрэн тоноглосон бөгөөд орон нутагт үйл ажиллагаа явуулахад болон гамшгийн үед, онц ноцтой гэмт хэргийн үед ч ашиглах боломжтой техник болгон сайжруулжээ.

Харин энэ бол цагдаагийн автомашин техник хэрэгсэлд шаардлагатай бүхий л засвар үйлчилгээг явуулах зориулалттай Техникийн түргэн тусламжийн хөдөлгөөнт  машин юм. 220-ын мотор асаагаад дугуйгаа нөхүүлчихээс авахуулаад гагнуур хүртэл хийх боломжтой аж. Машины ямар ч эвдрэлийг засахад шаардлагатай бүхий л багаж энд байгааг тайлбарласан юм.

Энэ бол эвдэрсэн машинаа зөөх тусгай машин ачигч дээр цагдаагийн машиныг зөөж буй байдал. ЦЕГ-ын Автобаазын мэргэжлийн түвшний чадварлаг засварчид ердөө 10 хан минутын  дотор машины моторыг задалж, өргөгч каранд өргүүлэхэд бэлэн болгосон юм.

 

Тэд ийнхүү машинаа бүрэн тоноглож өөрт байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглахаар хичээн ажиллаж байгаа юм. Харин тэдний эргүүлийн машины паркын шинэчлэл хэмээх "шүдний өвчин"-г нь холбогдох газрууд анхааралдаа авч, эерэг шийдвэрт хүрэх том хүлээлт бий билээ. 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:хөөрхөн биччихжээ 2018-10-10
зочин:манайхан монголчлоод л их мөнгө хэмнэх юм даа, даанч төрийх нь байж байгааа царайг хардаа 2018-10-10
zula:tsagdaagiin alba haa****d uneheer setgeltei shu bid nar tsagdaag ogt muu helj boloohgui ali boloh demjij bh yo=stoi 2018-10-10
zochen :Zuraguud gou 2018-10-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?