Ч.БАТЦЭЦЭГ: АВЛИГЫН ДАРЛАЛААС ЭХ ОРНОО ЧӨЛӨӨЛӨХ ЦАГ БОЛСОН

2018-10-12  

Магадгүй та батганы эсрэг саван, бактерийн эсрэг саван гэж сонсож байснаас биш “Авлигын эсрэг саван” гэж дуулаагүй байх. Авлигын эсрэг саванг санаачласан бүсгүйн зорилго нь авлигад олон түмний анхаарлыг хандуулж, хээл авлига авдаггүй, өгдөггүй, шударгаар ажиллаж амьдардаг ёс зүйтэй хүмүүсийг нийгэмд ил гаргах гэнэ. Тэрээр “Бүгдээрээ л, угаасаа л, ийм юм байх” гэх авлигыг зөвтгөж, нийгмийг хамруулдаг далимч хандлагыг эсэргүүцэж, авлигачдын нийгмээс нэрээ, гараа, гэрээ татаж авах гэж энэ НЭГ ҮЙЛДЭЛ-ийг хийсэн юм” хэмээн зоримог дуугарч буй жирийн л нэгэн Монгол ээж билээ. Түүний сэтгэлээс төрсөн багахан зүтгэл нь авлигын эсрэг “Нэг үйлдэл” хэмээх бүх нийтийг хамарсан хөдөлгөөн болон торниж байна. “Нийгмийг савандаад угааж болдог ч болоосой. Авлигын хир бохирдол нь гарын хир бактераас илүү аюултай юм” гэх Ч.Батцэцэгтэй ярилцсанаа хүргэж байна.

Яг яагаад “Авлигын эсрэг” саван хийх болсноо яриач?

Бизнесээ хийх явцад алхам тутамд авлига хүнд суртал нь тэгш боломжийг, шударга өрсөлдөөнийг, бизнесийн ёс зүйг үгүй хийж байгааг үзээд үнэхээр урам хугарсан. Энэ бол зөвхөн төр хувийн хэвшлийн хооронд ч биш компаниудын хооронд ч, хувь хүмүүсийн харилцаанд ч байгаа асуудал юм. Нэг өдөр бухимдаж суугаад "Нийгмийн хир бохирдлыг угааж арилгаж чаддаг ид шидтэй саван байдаг бол хичнээн сайхан бэ" гэж бодсон. Авлига үргэлж ах дүү, амраг садан, найз нөхдөөр дамждаг учир олон нийтэд ил зарлаж илчлэхэд их хэцүү. Над шиг гарааны жижиг бизнес эхлэгч, жирийн нэг ээж хүнд авлигыг эсэргүүцэх, тэмцэх боломж энэ саван л байлаа. Энэ бол арилжааны зорилготой бүтээгдэхүүн бус харин миний үзэл бодлын илэрхийлэл, иргэний дуу хоолой юм.

 

Авлига гэдгийг хүмүүс баруун зүүнээрээ мөнгө солилцох л гэж ойлгодог. Таны ойлголтоор?

Шунаг сэтгэлээр, шударга бусаар хэн нэгэнд давуу байдал бий болгохыг авлига гэж ойлгодог. Авлига гэдэг бол амиа бодсон зан юм. Манай нийгмийн авлига ар түмний зүрх сэтгэлд, хүмүүжилд, соёлд оршиж байна гэж харж байна. Авлигын акулуудтай эхлээд тэмцэх хэрэгтэй, том авлигачдыг устгавал жижгүүд нь дагаад алга болно гээд байдаг. Гэтэл бид хүүхдүүдээ, залуучуудаа ирээдүйн авлигын акулууд болгон хүмүүжүүлж, авлигач соёлоо уламжлуулж байна. “Бүгдээрээ л, угаасаа л, хаа сайгүй, ийм юм байх” гэх зэргээр авлигыг зөвтгөж, нийтийг хамруулж, нийгэмд авлигач хандлагыг хүчээр тулгаж байна. Монголын нийгмийн талаас илүү хувь нь авлигач биш гэдэгт би итгэдэг. Шударга хүмүүсийн нэр төр гүтгэгдэж бүгдийг авлигач мэтээр харагдуулж харлуулж байна. Тиймээс шударга, ёс суртахуунтай хүмүүс өөрсдийгөө ил гаргаж бусдыгаа уриалах хэрэгтэй байна.

Авлигын эсрэг саван гэхээр олон нийт, албан байгууллагууд хэрхэн хүлээж авч байна вэ?

Мэдээж хэн ч ид шидтэй саван гэж хийсвэрээр хүлээж авахгүй. Зарим нэг нь маркетинг гэж ойлгож байна. Гэвч энэ савангаар дамжуулан нийгэмд хүргэхийг хүссэн мессежийг ойлгож, бодитоор хүлээж авч, дэмжиж байгаа хүмүүс илүү олон байгаад баярлаж байна. Авлигатай Тэмцэх Газар, Азийн сан зэрэг мэргэжлийн байгууллагууд Нэг Үйлдэл санаачлагыг аян болгохыг дэмжиж хамтрахаар болсон. Ижил зорилготой, шударга журмыг тогтоохын төлөө зүтгэж байгаа хүмүүстэйгээ уулзахад ижил сүргээ олсон мэт дотно сайхан санагдаж улам их урам авч байна.

“Нэг үйлдэл” аянд иргэд яаж оролцох вэ?

Хүн бүр дор бүрнээ авлигын эсрэг нэг үйлдэл хийвэл бид нийгэмд ямар том өөрчлөлт хийж болохыг бодоод үзээрэй. Бүгд авлигыг эсэргүүцэж бухимддаг ч, ярьдаг ч, үйлдэл хийх итгэл үнэмшил нь дутаад байна. Энэ итгэл үнэмшлийг сэргээхэд хүн бүрийн НЭГ ҮЙЛДЭЛ зайлшгүй юм. Тэгэхээр би авлигагүй хүн, би авлигыг эсэргүүцдэг хүн, би авлигагүй нийгмийг хүсдэг хүн гэдгээ олон түмэнд зарласнаар Нэг Үйлдэл аянд нэгдэх юм. Байгууллагууд үүнд маш том үүрэгтэй. Иргэн бүрийн цаана байгууллага бий, байгууллага бүрийн ард иргэд бий. Байгууллагуудын хандлага өөрчлөгдөж  бизнесийн ёс зүйн дүрэмтэй байгууллагууд олон болсон байна. Ажилчдаа хянадаг, авлигын эрсдэлийг бууруулах арга хэмжээ явуулдаг болсон байна. Байгууллагууд бизнесийн ёс зүйг хэрэгжүүлдэг, бүтээгдэхүүн үйлчилгээгээ авлигын өртөг шингээгүй үнээр хэрэглэгчиддээ хүргэдэг гэдгээ олон нийтэд сурталчлаж, нийгэмдээ үлгэрлэж, бусдыгаа уриалж Нэг Үйлдэл аянд нэгдээрэй. Мөн "Авлигын эсрэг НЭГ ҮЙЛДЭЛ" фэйсбүүк хуудаснаас мэдээлэл аваарай, мөн #НэгҮйлдэл хаштагийг хэрэглэж нэгдээрэй гэж уриалмаар байна.

Аяны гол үр дүнг та юу гэж хүлээж байна вэ. Ойрын нэг жилийн хувьд?

Авлигагүй нийгмийг ил гаргаж авлигачдыг ичээхийг хүсч байна. "Авлига байхаас аргагүй зүйл биш, авлига байх ёсгүй зүйл" гэдгийг батлан харуулахыг хүсч байна. Авлигын дарлалаас ард түмнээ, эх орноо чөлөөлөх цаг болсон.

Ярилцсанд баярлалаа, иргэн бүрийн төлөө цаашлаад улс орны тусгаар тогнолын төлөө хийж байгаа иргэний зоригийг тань манай уншигчид дэмжинэ гэж найдаж байна. Амжилт хүсье

 

ЯРИЛЦСАН: О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:мундаг бүсгүй вэ ингэж шударга явах хүн олдохгүй дээ 2018-10-12
suvda:ene nuguu ****rk tankd ordog emegtei bn sh dee 2018-10-12
balbaraa:daichin yumaa bas neg yumnii uvur turind orchihgui l bol 2018-10-12
zoloo:woow mundag ajil ehluuljee amjilt husie 2018-10-12
наран:яасн уран цэцэн үгтэй хүүхэн бэ энэ эрчээрэй байгаарай амжилт 2018-10-12
ddd:tged yag haaana haana avliga vaha gesen gedegee helj boldogguie yumuu tegj bj l arilna sh dee hudla ooriin biznesee yvuleh gd bhin 2018-10-12
60terbym:turiin albaniixan bugd awligaarl ami zogoodog 2018-10-12
Бат69:Авлигаас татгалзсан талаараа бичих талбартай байвал зүгээр байх. 2018-10-13
Иргэн:Нэг нь ажил санаачилж хийгээд нийгмийн сайн сайхны төлөө явахаар нөгөөх нь гутаан доромжилдог ийм муухай жишиг манайханд их юмаа. Яагаад дэмжээд явуулж болдоггүй юм. Авлигын эсрэг хүн бүр нэг үйлдэл хийхэд нийгэм даяараа авлига хээл хахуулийг тэвчишгүй зүйл гэдэг мессеж авна гэдэг чинь асар том хандлагын асуудал биздээ. Би хувьдаа дэмжиж бна. 2018-10-13
Oyumaa:Avilgaas nasaaraa tatgalzlaa. Getel ulam l zam hasgdaad baih yum zarimdaa yahaa ch medehgui boloh yum ur huuhduudèe tegeed humuujuulchihsen. Getel ted maani had morg [d l yavah yim ene ayaniig yaj urgeljluuleh yum be. Sain oilgohgui l bna. Yneheer zad ugaamaar bna. 2018-10-13
Avilgaliig ugaay:Alivaa uil ajil****a sankhuugiin eh uusgevergui atlaa sankhuujigdeed bval mungu ugaahchid, esvel avilgachid ard ni bdag. Ugui uur hen negnii erh asigiig hamgaala****d ajilj bdag 2018-10-14
Lkhagvasuren:Tiimee bid uursdoosoo ehleh estoi amjilt ene bidnii smjilt bol um shuu mongolchuud uhaantai ard tumen bilee 2018-10-14
Тунгалаг Гомбо:Баяр хүргэе! 2018-10-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?