ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР ШҮҮХЭД ДУУДАГДАВ

2018-10-17  

Зургаан жилийн өмнө батлагдсан нэгэн хуулийг огтхон ч хэрэгжүүлээгүй, түүнийг хэрэгжүүлэх оролдлого ч хийгээгүйнхээ төлөө Монгол Улсын Засгийн газар шүүхэд дуудагдаад байна.

Засгийн газрыг шүүхэд дуудагдахад нөлөөлсөн гол хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур бол Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг зургаан жилийн өмнө буюу 2012 онд баталжээ. Ингэхдээ 10 зүйл заалт бүхий уг хуульд хэнийг ус бохирдуулагч гэж үзэх, хэрхэн төлбөр авах зэргийг тодорхой зааж өгсөн байдаг.

Тухайлбал: Уг хуулийн

6.2.Хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг үйлдвэр, үйлчилгээний салбар бүрээр усны хэрэглээний норм, хүчин чадал, ашиглалтын горимыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно. гэх мэтээр зааж өгсөн байдаг.

Харамсалтай нь энэ хуулийг баталсан цагаас нь хойш амьдрал дээр нэг ч өдөр хэрэгжүүлээгүй юм.

Гол шалтгаан нь хуулийг дагаж мөрдөх журам гэгчийг огтхон ч батлаагүй бөгөөд түүнийгээ “эдийн засгийн хүнд нөхцөлд аж ахуйн нэгжүүдэд дарамт болно” хэмээн үзэж ус бохирдуулагч аж ахуйн нэгжүүдийг өмөөрсөөр өнөөдөртөө золгосон хэрэг.

Энд ус бохирдуулагч аж ахуйн нэгж гэж хэнийг хэлж буйг тодруулъя:

Манай улсад өнөөдрийн байдлаар

  • Уул уурхайн 1823 компани,
  • Газрын тосны 16,
  • Ураны 14 компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо бий. Эд бүгд ус хэрэглэдэг. Усыг асар ихээр хэрэглэж, бохирдуулдаг.

Үүн дээр нэмээд,

  • 19 арьс ширний үйлдвэр,
  • 200 орчим машин угаалгын газар... гэх мэтээр ундаа усны үйлдвэр, барилга байгууламж, хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлдэг хэдэн зуугаар тооллогдох аж ахуйн нэгжүүд ус бохирдуулагч гэсэн үг.  

Хэрэв энэ хуулиа хэрэгжүүлсэн бол Улсын төсөвт жилд 9 тэрбум,  6 жилийн хугацаанд нийт 54 тэрбум төгрөг төвлөрүүлэх байсан гэх тооцоог зарим судлаачид гаргасан нь бий.

Гэвч хуулиа хэрэгжүүлж, татвар татаасаа огтхон ч аваагүй Засгийн газар уг хуулийг шинэчлэн найруулах ажлыг өнгөрсөн 2-р сараас эхлүүлж, 4-р сарын 10-нд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор, 13-нд нь УИХ-аар оруулж хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байдаг. Улмаар 9-р сарын 21-нд хуралдсан УИХ-ын чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой байсан ч өдөртөө багтаагүй тул түр хойшлоод байгаа билээ.

Харин энэ хооронд эгнээндээ 34 төрийн бус байгууллагыг нэгтгэсэн Төлсөн Авснаа Нийтэл/ТАН/ эвсэл Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгч шүүх хурал 10-р сарын 29-нд товлогджээ.

300-ААС ДЭЭШ МАЛТАЙ МАЛЧИН, 1 ГА-ААС ДЭЭШ ГАЗАРТАЙ ТАРИАЛАН ЭРХЛЭГЧИД УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР ТӨЛЖ ХАРИН УУЛ УУРХАЙ ТӨЛӨХГҮЙ!

Мөн ТАН эвсэл хууль хэрэгжүүлэлгүй төрд хохирол учруулсан Засгийн газрыг шүүхэд өгөхийн сацуу шинэчлэн найруулсан хуулийн төслийг нь  ч эсэргүүцэж байгаагаа зарласан юм. Учир нь уг хуулийн төсөлд өмнөх хэрэгжээгүй хуульд тусгасан ус бохирдуулсан аж ахуйн нэгжүүдээс авах төлбөрийг 50-60% бууруулж байгаа аж. Үүнийгээ мөн л аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй гэх үгээр тайлбарлаж байна.

Үүн дээр нэмээд олны эгдүүцлийг төрүүлэхүйц хэд хэдэн заалт хуулийн төсөлд оруулсан нь

  • 300-аас дээш толгой малтай малчид
  • Нэг га-аас дээш газартай тариалан эрхлэгчид мэтээс ус бохирдуулсны төлбөр авах ч усыг хамгийн ихээр ашиглаж, бохирдуулдаг уул уурхайгаас төлбөр авахгүй аж.

Энэ бүхнээс үүдээд ТАН эвслийн зүгээс тухайн хуулийн төсөл нь олны эрх ашигт нийцээгүй, мөнгөтэй хүмүүсийн талд үйлчлэхүйц төсөл болж байна гэж үзэн уг хуулиа эргүүлэн татахыг УИХ-ын гишүүдээс, хуулийн төсөлд хориг тавихыг ерөнхийлөгчөөс хүсч байгаа юм.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?