ГОВЬ САЙХАН ИЖИЙ МИНЬ ТА ЯДАРЧ БАЙНА УУ?

2018-11-15  

Хангай эцгийн нутгаас говь ижийгээ эргээд ирлээ. Дэндүү уужим, энэрэлт ижий минь нутагт ёстой л “бум бужигнаж, түм түжигнэж” байна.

Намрын налгар энэ өдрүүдэд говь нутгийг зэрэглээнд сүүмэлзэнхэн угтана даа л гэж бодож явлаа. Гэтэл  “зэрэглээнд” мяралзах говь сайхан нутгаа харсангүй, харин тоос шороон дунд гунигтайхан манантах говийг л харлаа.

Сэтгэлд нэг л уйтай.

Учир юу хэмээвээс Монгол улсдаа хамгийн том газар нутагтай Өмнөговь аймагт хэдэн арван жилээр ашиглагдах баялагийн орд газрууд нээгдсэнээр “баялагийн төлөөх довтолгоонд” ийнхүү говь нутаг нэрвэгдэж эхэлжээ.

Өдөр шөнө алгасалгүй, цаг минут зогсолтгүй баялагаа зөөх цуваа тасралтгүй хөвөрсөөр л байна.

20-40 тонны даац бүхий том оврын ачааны машинууд хэчнээн байгаан бүү мэд. Замын хоёр талаар өнгөрөх машиныг тоолоод тоог нь ч гаргаж дийлсэнгүй.

Энэ цуваа Цогтцэций сумаас Гашуун сухайт хүртэл үргэлжилдэг. Тэр хүртэл тоолох боломж ч байгаагүй юм. 

Энд авто замын хөдөлгөөн нь маш аюултай. Ялангуяа шөнийн цагт. Зай завсаргүй үргэлжлэх энэ том машинуудын дундуур өөр төрлийн автомашин явна гэдэг эгээ л “үхлийн зам” гэлтэй.

Зам нь хэт нарийхан, дээр нь эвдрэл ихтэй. Бас говийн хөрс зөөлөн, хад чулуугүй болохоор дуртай газраараа л зам гарган давхидаг бололтой.

Хөндий дүүрэн зам.......Талхалж гүйцжээ говь нутгийг.

Хүний хэлээр ярьдагсан бол энэ говь ижий...”Тал талаас алтан хэвлийг минь ухаж, төнхөж удаан зовоолоо, ижий нь одоо үнэхээр ядарч байна шүү” гэж дуу алдан хэлээд байна уу даа гэлтэй олны шороонд сүүмэлзэнхэн байна.

Монгол улс 70 гаруй стратегийн орд газартай. Эдгээр ордынхоо 2-3-ыг л зөв ашиглаж чадвал өнөөх Арабаас илүү баян амьдарч чадна гэж мэргэжлийн хүн ярьж байхыг сонсож байлаа.

Үнэн гэдэг нь ч уншиж, судлах тусам батлагддаг. Тиймээс баялагаа зөв ашиглаж, буруу замын баялгийн довтолгооныг зогсоохын тулд бодит мэдээлэлд тулгуурлан алдаагаа засах цаг хэдийнээ болжээ.

“Зөвхөн би” гэсэн хэт аминч үзлээ гээж, бид гурван саяуулаа, бидний эх орон, газар шороо минь гэж сэтгэн, “бид” гэх үзлээр хандаж, бүгдээрээ сайхан амьдралд тэмүүлэн зүтгээч.

Одоогийн эрх мэдэлтнүүдийн зөвхөн хувьдаа л баялгийг ашиглах гэсэн башир аргыг таслан зогсоохын төлөө бидний санаа нийлсэн байхад богино хугацаанд санхүүгийн эрх чөлөөтэй болж, Дэлхийн хөгжилд гэрлийн хурдаар хүрэх боломж бидэнд байна. 

Бид удахгүй ээ...

Говь ижий минь та сайн сууж байгаарай.

Ё.ЗАГДСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?