ХҮН ТӨРӨЛХТНИЙ ӨЛГИЙ НУТГААР АЯЛАХУЙ

2018-11-16  

Бяцхан түүх өгүүлсү

Африкийг хүн төрөлхтний эх нутаг, тэнд хамгийн наад зах нь 200 мянган жилийн тэртээд одоогийн хүмүүс үүсэж бий болсныг эрдэмтэд санал нэгтэй баталдаг. Гэхдээ Чарльз Дарвины онолоор хүн сармагчнаас биш шууд Африк эхийн хэвлийгээс хүн чигээрээ анх төрсөн юм гэнэ лээ. Бүр долоон сая жилийн өмнө эндхийн ширэнгэн ойд хүн дүрстэн амьдарч байсан талаар ч судалгаа бий. Сахарын элсэн цөлд одоогоос  10 мянган жилийн тэртээд өвс ногоо халиурч, тэндхийн хүмүүс анх зэрлэг тэмээг гаршуулан сургаж, газар тариалан эрхлэн тансаг кофегоор ундаалж байсан гээд бодохоор сонин.

Африкийг нэг хэсэгтээ гадны шуналтнуудын нүднээс далд  байлгасан ачтан бол хойд талаасаа Сахарын  элсэн манхан далайнууд, урд талаасаа Калахарийн их цөл. 9 сая кв.км буюу хойт Америкийн газар нутагтай тэнцүү шахам Сахарын энэ их том элсэн цөлийг тэр үед ямар ч амьтан туулж гаталж чаддаггүй байжээ. Тиймээс энэ тивийг Европчууд  биш Чен хэмээх хятад адмирал  1418 онд зүүн талын эрэгт нь очиж үзчихээд дэлхий нийтэд анх зарласан  түүхтэй.

Үүнээс дал гаруй жилийн дараа буюу 1492 онд Португалийн далайчин Христофер Колумбус Америк тивийг нээснээр Африкчуудын хэдэн зуун жил эдлэх зовлон зүдгүүр ч бас хамт нээгдсэн юм. Европын цагаан арьстнууд негрүүдийг хэдэн зуун мянгаар нь шинэ тивд аваачиж, бараа адил зарж худалдан, морь мал мэт боолчилж байв. Тэднийг ирэхээс өмнө Африкт тивд улс гэхээр хил хязгаартай, бие даасан орон нэг ч байсангүй,  10 гаруй мянган омог өөр өөрийн эзэмшил газартаа оршин тогтнож байсныг нь колончлогчид юу ч үгүй болтол бусниулж, газрын зураг дээр нь шугам татан хувааж байгаад нутаг орных нь баялагийг хоослон цөлмөж байсныг түүх гэрчилнэ.

Европын колончлогчдын эрээ цээрээгүй дарангуйлал хүчирхийлэлд хамгийн бага өртсөн нь Африкийн хойт хэсгийн Алжир, Судан, Египет, Тунис, Марокко, Ливи зэрэг лалын шашинтай орнууд. Эдгээр орны одоогийн иргэд нь  МЭ-ний  7-р зууны үед коран судраа сугавчилж аваад Аравын хойгоос Африкт нүүж ирж суурьшсан юм гэнэ лээ.

Африкчууд хагас мянган  жилийн колончилолын дөнгөнөөсөө өнгөрсөн зууны жараад оны үед  салсан түүхтэй.  Тэр үед тусгаар тогтносон улсын тоо хоромхон хугацаанд 40-50 хүрсэн боловч, эрх чөлөөтэй боллоо хэмээн баярлаж байсан сая сая хүмүүс алтан мөрдөстэй генералуудынхаа хөлд дахин нэрвэгдэж эхэлсэн юм. 1960 оныг хүртэл Өмнөт Африкт үйлчилгээний газар бүрийн өмнө “Негр нохой хоёр орохыг хориглоно” гэсэн хаяг зүүлттэй байлаа. Энэ оронд Нельсон Манделла гэгч зоригтон гарч ирэнгээ хар арьстны тэгш эрхийн төлөө тэмцэлд шатаж, 27 жил шоронд хоригдсон юм. Шоронгоос гаруутаа улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдох хувьтай энэ хүний мятаршгүй эр зоригийг дэлхий нийт өндрөөр үнэлж, улс түмний хамгийн том 100 гаруй одон медалиар шагнасны дотор 1993 онд олгогдсон Нобелийн энх тайвны шагнал  ч бас орно.

Африкийн улс төрчдийн нэг хэсэг нь улаан Москва руу жирийлгэж, нөгөө нэг нь  Вашингтоны хөрөнгөтнүүдтэй нөхөрлөж байсан цаг саяхан. Бүр 70-аад оны үед Иди Амен гэгч дарангуйлагч эр Угандад гэнэт амилж, өөрийнхөө ард түмнийг ёстой нэг амиар нь хийнэ гэдэг болгож байлаа. Түүний харгислалыг даалгүй хэдхэн жилийн дотор хагас сая хүн цаашаа харсан гэдэг юм билээ. Их удирдагч сүүлдээ эх орондоо багтаж шингэх газаргүй болон зугатаж, гарснаар бусдадаа сургамж өгч, Африкад нэг хэсэг байдал намжих мэт болсон боловч,  одоо хүртэл энэ тивд иргэний дайны гал дүрэлзсээр... Үүний ганцхан жишээ 1998 онд Конгод эхэлсэн дайны түймэрт одоогоор дөрвөн сая гаруй энгийн номхон иргэд амиа өргөж,  Сиаре Леонд асч буй алмаз эрдэнэсийн баялагтай газрын төлөө нутгийн эрх баригчдын тулааныг зохицуулахаар НҮБ-ийн цэнхэр дуулгатнууд түүний дотор манай цөөхөн дайчид энхийн манаанд  зогсож байна.

Газар нутгаараа ч хүн амаараа ч Азийн дараа хоёрт орох энэ тивийн 53 оронд өнөөдөр 900 гаруй сая хар болоод цөөхөн шар хүн амь зууж байна. Амь зууж байна гэдгийн учир нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас бусад улсын хүн ам нь дэлхийн хамгийн ядуу буурай оронд тоологдоно. Дэлхийн хүн амын хөгжлийн индексийн жагсаалтаас харахад хамгийн сүүлийн 25 орон нь энэ тивийнх байдаг.

  Африкийг хүмүүс ихэнхдээ хар гэж ярьдаг ч миний хувьд ногоон тив гэж хэлмээр санагддаг. Яагаад гэвэл энэ тивийн хойд хэсэг дэх Сахарын их элсэн цөлийг эс тооцвол сансрын зургаас харахад цэл ногоон бүр зарим хэсэгтээ хар ногоон өнгөтэй харагддаг юм билээ. Ийм том ногоон өнгөтэй уудам нутгийг дэлхийн аль ч өнцөг булангаас хэн ч олж харахгүй ээ. Эндээс өнөөдөр дэлхийд оршин сууж буй  долоон тэрбум гаруй хүний амьсгалж буй хүчилтөрөгчийн дийлэнх нь  ялгарч байгаа учраас энэ тивийг харлуулах үндэслэл бидэнд байхгүй л болов уу. Харамсалтай нь энэ тивийн ядуучууд өөрсдөө жил бүр таван сая гаруй ой модоо устгадаг аж.

Африк маш баян тив. Энд байхгүй ашигт малтмал гэж бараг үгүй. Өмнөт Африк 1970 оныг хүртэл дэлхийн алтны гуравны хоёрыг дангаараа үйлдвэрлэж байв. Гурван нийслэл хоттой энэ орон одоо ч хүртэл жилдээ 300 шахам тонн алт угааж, алт болоод алмаз олборлолтоороо дэлхийд тэргүүлсээр явна. Гана улс 65 тн алт гаргаж эхний аравт багтаж байна. Эднийд албан ёсны бүртгэлтэй 100 гаруй мянган нинжа байдаг гэсэн. Жил тутам гаргаж буй алмазны ихэнхийг Африк тивээс олзворлож байна. Гэвч энэ их баялагтай нутгийн иргэд ядуурлаас гарсангүй ээ. Аливаа улс орны иргэд авхаалж самбаагаа уралдуулж, ажиллаж хөдөлмөрлөж байж л амьдрал нь дээшлэхээс ашигт малтмалаараа баяждаггүйн тод жишээ энэ.

Өнөөдөр дэлхийн долоон тэрбум иргэдийн 40 хувь нь өдөрт хоёр доллараас доош орлоготойгоор өлөн зөмөг амь зууцгаадаг. Тэдний ихэнх нь Африкийн хар арьстнууд. Манай улс ч гэсэн тэднээс дээрдэж нэг их гайхуулаад байх юм байхгүй, өнөөдөр өлсгөлөнгөөр турж үхээд байгаа юм байхгүй ч, статистик судалгаа авч үзэхэд нийт хүн амын 50 хувь нь өдөрт хоёр доллараас доош орлоготой  хагас өлсгөлөнгийн байдалтай амиа тээцгээдэг гэдэг.  

2001 онд Америкийн хоёр өндрийг онгоц мөргөж, 3000 гаруй хүний амь үрэгдэхэд дэлхий нийтээрээ шуугин гашуудаж байсаан. Гэтэл энэ тивд өдөр бүр өвчин, өлсгөлөнгөөр 10 мянган хүн үхэж үрэгдэж байна. Дэлхийн хүн амын 12 хувь оршин суудаг энэ нутагт нийт ДОХ-ын халдвартай  хүмүүсийн 60 хувь амьдардаг юм. 2005 онд дэлхийд энэ өвчнөөр 2.8 сая хүн нас барсны  2 сая нь Африк тивийн иргэд байсан аж. Свайзеланд хэмээх эндхийн нэгэн ядуу орны хүн амын 40 хувь нь ДОХ-ын вирус тээж, жирэмсэн эхчүүдийн 30 гаруй хувь нь ийм халдвартай гэх судалгаа байдаг.

Египет орныг Нилийн хишиг гэж ярьдаг. Гол ус хүний хэлээр  хүүрнэдэгсэн бол дүнсгэр энэ мөрөн 5000 жилийн тэртээх Египетийн фараодын нууцыг   танд шивнэх байсан болов уу. Цагаан, хөх хоёр Нил нийлээд 6670 км урттай. Дэлхийн хамгийн урт  энэ мөрөн нь Төв Африкийн Уганда улс дахь Виктори нуураас  эх аван  замдаа таван улсын хилийг огтолж, дэлхийн  хамгийн том Сахарын элсэн цөлийг нэвт дайран  Газар Дундын Тэнгист цутгах бөлгөө.

Энэ их голын ус цалгихай савын хэмжээ  Африк тивийн арван хувь буюу манай нутаг дэвсгэрээс даруй хоёр дахин том газрыг хамардаг гээд бодохоор ямар их дундаршгүй чандмань эрдэнэ болох нь танд төсөөлөгдөх байх. Эрэг дагуу нь амьдардаг хэдэн зуун сая хүмүүнийг ундаалж, хир буртгийг нь ариусгадаг энэ их мөрнийг аргагүй л Бурханы хишиг гэхээс өөрөөр яах билээ.

Километр гаруй өргөн голын их ус 160 метрээс буухыг үзэхээр Замби  болон Зимбабве улсыг зоригсдын хөл жилийн дөрвөн улиралд тасардаггүй аж. Би өнөөх  дэлхийд өөр хаа ч байхгүй гайхамшигт Викторийн хүрхрээг хэлж байна. “ТВ-25”-ын сэтгүүлч Алтайгийн талд нь хүрчихээд буугаад ирдэг Килиманжаро гэгч сүрлэг уул Танзани улсын нутагт бий. Эргэн тойрон нь өөр ямар ч уул нуруу байхгүй, газрын гаваас суга үсрээд гараад ирсэн мэт  ганцаараа сүндэрлэх энэ уулын оройгоос нүдний хараа л хүрдэг юм бол хэдэн зуун бээр үргэлжлэх их талд бэлчих сая сая одос үхэр, мянга мянгаараа багшрах  алаг тахийн сүргийг харж болно. Харамсалтай нь дэлхийн дулаарлаас үүдэн Килиманжаро уулын оройд тогтсон тивдээ ганцхан мөнх цас, мөсөн гол нь сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хайлаад дуусаж байгаа сурагтай.

Дэлхийд өөр хаа ч байдаггүй, ЮНЕСКО-д данстай том том амьтны хүрээлэнгүүд энэ тивд  бий. Тэнд араатны хаан арслан, алаг тахь, өндөр инж, өлөн ирвэс, цагаан заан, цөөвөр чоно, хамар дээрээ эвэртэй хирс, хачин том биетэй бегемот.. гээд байхгүй амьтан бараг үгүй бөлгөө.

Африкийн хамгийн том улс болох Судан нь манайхтай нутаг дэвсгэрээрээ ойролцоо боловч хүн амаараа бол 130 сая хүнтэй Нигер улс тивдээ толгой цохино.

Африкчуудыг хамгийн олон хэлээр ярьдаг, гадаад хэлийг асар хурдан сурах чадвартай үндэстэн гэдэг нь аргагүй юм. Эндхийн бүх омог ястны хэлийг тоолбол 2000 хүрдэг гэх бөгөөд тэр олон хэл сурах шаардлагагүй ч гэсэн африк хүүхдүүд багаасаа ядаж л нутгийн хоёроос гурван омгийн хэлийг чөлөөтэй эзэмшдэг, энэ нь цаашдаа англи, франц гэх мэт түгээмэл хэлийг төвөггүй сурахад нөлөөлдөг нь мэдээж.  Үүний шилдэг жишээ нь Гана улсын иргэн, НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Анан.

Африк бүсгүйчүүд үнэхээр үзэсгэлэн гоо бүрдсэн гэлтэй. Бүгдээрээ загвар өмсөгч Наоми Кампбел шигээ биш ч гэсэн нуруу, туруу, нүд шүд сайтай, дээр нь бэлхүүс нарийн, бөгс том, үмхээд авъя гэсэн ч уруул нь барьцтай. Манайхны хүүхнүүдтэй адил үсээ химидүүлнэ энэ тэрээ гэхийн зовлон байхгүй, угаасаа төрөлхийн буржгар юм чинь. Харамсалтай нь, бүх биендээ нялалтай нь биш, пудра  зохихгүй золиг юм даа..

Олон зуун жилээр дарлуулж нухлуулсан болоод ч тэр үү, тэвчээр хатуужил сорьсон спортын ямар ч төрөлд негр хүний өмнө гишгэх хүн энэ хорвоод ховорхон. Тийм ч учраас 42 км-ийн марафон гүйлтийн тэмцээнд хаана ч очсон эд нар л хаалтгүй түрүүлж, мэрэгжлийн боксын дэлхийн аварга Мохамед Али, Майк Тайсоны  адилаар  хэртэй  аавын хүүгийн ямар ч хүчтэй цохилтыг боксын рингэнд булчинлаг хар эрчүүд даадаг бөлгөө.

 

Аккра Гана 2007 оны 7 дугаар сар 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?