МАН-ын шинэ, хуучин намын дарга болох М.Энхболд, У.Хүрэлсүх нарын зөрчил намаа хоёр хуваасан. Хамгийн тод жишээ нь УИХ-ын 64 гишүүн 32:32 -ийн бүлэг. Тэгвэл УИХ-ын тамгыг атгаж буйн хувьд М.Энхболд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газартай тооцоо хийхээр зэхэж байна. Тэгэх ч нөхцөл байдлыг У.Хүрэлсүх, түүний тэргүүлэх Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн барьсан 2019 оны Улсын төсөв, ЖДҮ-ийн зээлийн асуудалд Засгийн газрын нэр бүхий гишүүд орооцолдсон нь үүсгэсэн. Харин түүний хариуг нь У.Хүрэлсүх чадахаараа хариулж байна. Тэр УИХ-ын гишүүн бус ч, эрх баригч намын даргын суудалд заларч, тамгыг нь гартаа атгаж буй. Тиймээс энэ эрх мэдлээ ашиглан 60 тэрбумын асуудалд орооцолдуулан түүнийг улс төрийн тавцнаас зайлуулах алхмыг сөрөгцүүлсэн. Энэ бол энгийн нэг эрх мэдлийн төлөөх тэмцэл биш, хэн хэнээ улс төрийн тавцнаас бүрэн шахаж зайлуулах тэмцэл. Тиймээс энэ тэмцэл бол үхлийн тэмцэл байх болно гэж улс төр судлаачид дүгнэж байна. У.Хүрэлсүхийг шахах зайлуулах шалтгаан нь түүний алдаатай үйлдэл бол, М.Энхболдынх илүү ноцтой байх магадлалтай. Тэр бол сүүлийн 2 жил дамнан яригдаж буй, төрийн албыг төрлийн алба болгосон, албан тушаалыг мөнгөөр үнэлсэн, төрийн эрх мэдлийг мөнгөөр худалдан авсан гэх асуудал юм. Дээр нь, түүнд зориулан шинэ шинэ мэдээллийг дэлгэх сураг ажиг ч сонсогдоно. Ямар ч гэсэн У.Хүрэлсүх, М.Энхболдын хоорондын тэмцэл эрх мэдэл булаацалдах хүрээнээс хальж, хэн хэнээ улс төрийн тавцнаас шахан зайлуулах "Үхлийн тэмцлийн" шинж чанарт шилжжээ.
Намын лидерүүдийн дунд зөрчил, далд тэмцэл өрнөж байсан ч, ингэж " Задгай зодоон"-ы хэмжээнд хүрч байсангүй. -Та манай намыг удирддаг юм уу, таны эхнэр Цолмон удирддаг юм уу? гэж Н.Энхбаярыг " хаан" шахуу байх үед зоригтой хэлж байснаараа намдаа, гишүүддээ өндрөөр үнэлэгдэж байсан үе Хүрэлсүхэд бий. Тэр алдаагаа ухамсарлаж Энхбаяраас уучлалт гуйсан, уучлал гуйгаагүй гэх яриа ч үүний араас хөвөрч байсан. Гэхдээ л Хүрэлсүх баатрын дүр төрхийг хадгалж чадсан. Сүүлд МАН -аа хамгаалж талбайд гарч байсан нь түүнд нэмэлт имиджийг бүрдүүлсэн. Мөн УИХ-ын гишүүнээс сайн дураараа өргөдлөө өгөн гарч байсан нь МАН-ын түүхэн дэх анхны тохиолдол. Түүний өндөр ёс зүйтэй гэж энэ цанаас үнэлэх болсон. Энэ бүхэн нь түүнийг лидерийн төвшинд авчирсан. Тэгвэл өнөөдөр тэрбээр ерөнхий сайд, намын дарга боллоо. Улс орныг хөгжүүлэх түлхүүрийг түүнд атгуулсан.
Н.САЙНБИЛЭГ