Монгол Улс Олон улсын Хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ой энэ 2018 онд, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) байгуулагдсаны 100 жилийн ой 2019 онд тус тус тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд ОУХБ, Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам(ХНХЯ), Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ), Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) хамтран “Ирээдүйн ажил, мэргэжил” Залуучуудын зөвлөгөөнийг 2018 оны 11 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, залуучуудын үзэл бодол, хүсэл эрмэлзлийг сонсох зорилгоор зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төлөөлөл болсон 100 залуучууд оролцсон бөгөөд тэдний ажил хөдөлмөр ирээдүйд яаж өөрчлөгдөх, үүнтэй уялдуулан өөрсдийгөө хэрхэн бэлдэж, зохистой хөдөлмөр эрхлэх тухай ярилцав.
Зуун жилийн ойн босгон дээрээ, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас бүх гишүүн улс орнуудтайгаа хамтран “Хөдөлмөрийн ирээдүй” сэдвээр хэлэлцүүлэг хийж байгаа юм. Улаанбаатар хотноо болж буй энэхүү хэлэлцүүлгийн үеэр залуучууд байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, даяаршил, хүн ам зүйн өөрчлөлт, шилжих хөдөлгөөн хүний хөдөлмөр, ажил эрхлэлтэнд хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар хэлэлцэж, үзэл бодлоо илэрхийлцгээлээ.
Хурлын үеэр тэмдэглэлд ойн өдрүүдийг тохиолдуулан 7-13 насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан, 14-18 насны хүүхдүүдийн дунд эссэ бичлэгийн уралдаан, оюутан залуучуудын дунд эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан, мөн насны хязгаар тавилгүйгээр фото зургийн уралдаануудыг зарласан бөгөөд шалгарсан эхний гурван байрын бүтээлд шагнал гардуулж, уралдаанд ирсэн гар зураг, фото зургаар үзэсгэлэн гаргасан байна.
Зөвлөгөөнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Клейр Куртье-Мюлдэр, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал С.Ганбаатар, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар оролцож зөвлөгөөнд оролцогчдод хандан үг хэлж баяр хүргэсэн бөгөөд “Ирээдүйн ажил, мэргэжил” уралдааны шагналт байрын эздийн шагналыг гардуулжээ.