Тэр ярилцлаганд орсон ч, үндсэндээ ямар ч асуултанд хариулсангүй. Үндсэндээ сэтгүүлчийн сөхсөн асуулт бүрээс зайлсхийлээ. Илүү дутуу юм ярьчих вий, хэлчих вий, түүнээс болоод өөр лүүгээ гал дуудчих вий гэх болгоомжлол дүүрэн байгаа нь түүний ярилцлагаас анзаарагдав. Түүний хэлсэн үгийг товчлон сийрүүлье.
-Нямдорж гишүүн, Таныг ерөнхийлөгч байх үед Монголын хууль хүчний байгууллага "төрийн бороохой", зодуур болсон гэж хэлсэн ?
-Хард, хард. Хуулиа л сайжруул. УИХ-л томилгоо хийдэг шүү дээ. Түүнийгээ л өөрчил.
-Эрдэнэтийн 49 хувийн ард Таныг бий гэж чуулганы үеэр гишүүд нэр цохон хэлсэн?
-Хард. Хард. Хуулиа л сайжруул. Тэр 49 хувийг Монголдоо оруулаад ирлээ шүү дээ.
-Дубайн гэрээний ард Таныг зогссон гэдэг ?
- Энэ гэрээг Монголд, Улаанбаатарт л байгуулчих байсан юм шүү дээ. Ингэж би Сайханбилэгт хэлж байсан. Муу гэрээ гэж байгаа бол засаж сайжруулал даа.
-Оюутолгойн гэрээг тантай холбодог. Татвараа ч авч чаддаггүй.
-Оюутолгой бол Монголын эдийн засгийг хөдөлгөсөн. Монгол улс хувь эзэмшинэ гэж байгаад л өөрсдөдөө гай үүрсэн. Энэ бол мордохын хазгай болсон. Түүнээс болж гэрээнд хатуу заалт нөгөө талаас тусгасан. С.Баяр хэлж байсан. Оюутолгойн гэрээг зүйрлэвэл, хоёр талаас нь чинэртэл татсан утас шиг болоод байна. Тасарчих гээд байна гэж хэлж байсан үгийг санах ёстой. Татвараа өгч буй.
-Таныг МАНАН-гийн нууц ноёнтон гэх юм ?
- "Хард, хард. Ярьж буй кинондоо өөрсдөө үнэмштэлээ ярь".
-Таны гэр бүл ямар бизнес эрхэлдэг вэ?
-Манай гэр бүл модоо бариагүй. Өөрийн гэсэн бизнестэй. Хуулийн дагуу орлого олдог.
-Н.Энхбаяр таныг С.Баяртай хамтран намайг унагаж байсан гэж хэлж байсан?
- Шүүх дуудвал гутлаа үдээд очих хэрэгтэй шүү дээ гэж Н.Энхбаярын тухайд зоригтой хэлж байсан тэр, - Би хэн нэгнийг муулмааргүй байна. Хэн нэгнийг муу хэлүүлэх асуулт надад бүү тавь. Би хүн муу хэлэхгүй. Надаас хэрүүл л асуугаад байх юм. Би хэрэлдмээргүй байна. Харин дэвшил шийдэл ярилцая. Тухайлбал Улаанбаатарыг ердөө л 2 жилийн дотор утаанаас салгаж болно. Харин Засгийн тухайд тодорхой хариулт өглөө. -У.Хүрэлсүхийн Засгийн Газар огцрохгүй байсан. Яагаад гэвэл дараачийн сайдаа тодруулаагүй байсан. Харин Алтанхуягийн хувьд өөрөө өөрийгээ татан унагасан. Тэрбээр огцрох өргөдлөө барьсан над дээр орж ирсэн. Би зөвшөөрөөгүй. Өргөдлийг нь урсан. Харин тэр олон бүтэлгүй зүйлд орооцолдсон. Уурхайгаас нүүрсний үнийг буулгаж тонныг 27-оор авч, түүнийгээ иргэдэд 60 хүргэж, өөрсдөдөө ашиг унагасан. Ашигаа хуваахдаа өөр хоорондоо зөрчилдөж, түүнээс болж шүүх цагдаад хүрсэн. -Ард иргэд дээрээ ажиллаж болохгүй шүү гэж Алтанхуягт би биечлэн сануулж байсан. Тэд ард иргэд дээрээ ажиллаж мөнгө хийсэн. Ийм л юм болсон. Эрх мэдэлтний хулгай, булхайг хуулийнхан илрүүлэхээр шударга бусын хонгил гэдэг үлгэрийг тэд зохиосон. Ийм л түүхтэй.
-Казинод тэмцээнд оролцож байна гэх мэдээлэл цацагдсан, таныг?
-Явж байтал таарсан. Тэмцээн болж байсан юм билээ. Түүнд оролцсон. Харин дахин тийм газраар орохгүй гэж андгайлья.
-ҮАБЗ-ийн 3 гишүүн 3 өөрт зүгт харжээ. Улс орон хөгжиж дэвших үү?
-Хуультай, дүрэмтэй байгууллага шүү дээ. Гурван тийшээ хараад байгаа бол дүрмээ сайжруулж, нэг зүг чигт хардаг болго л доо.
-АСЕМ бизнес болгосон гэж үзэж, шалгаж буй ?
-Шалгаг. 22 тэрбум төгрөг төсөвлөснөөс 19 тэрбумыг зарцуулсан. Тэр ийнхүү бүтэн цаг ярилаа. Энэ орой тэрбээр хар хөх өнгийн хослол, дотуур нь өнгө дагасан захгүй футболка өмссөн байлаа.
Ярилцагынхаа төгсгөлд,- Би улс орондоо хөгжил дэвшил авчирья, түүнд цаг зарья гэж бодож байна. Түүнээс биш зарим ерөнхийлөгчийн адил телевиз байгуулж, сонин ажиллуулж, нам үүсгэж нийгэм улс төрийг үймүүлэх зорилго алга. Улс орноо хөгжүүлэхийн тулд сэтгэлээ чилээх, бодох, зөвлөх олон ажил байна. Улс оронд дэвшил, шийдэл авчирмаар байна гэж үгээ өндөрлөлөө.
Түүний ярилцлагыг үзээд юу бодогдов. Тэр маш болгоомжтой, үг бүрээ цэнэж ярихыг хичээлээ. Хариултанд тайлбар хэлэхээс зугтаалаа. "Мэдэхгүй гэдэг мянган үгний таглаа" гэдэг шиг хуулиа л барь, хууль буруутай бол түүнийгээ л зас сайжруул гэдэг үгийг тоть шиг давтлаа. Дээр нь хэн нэгэнтэй, ялангуяа албан тушаал эрхэлж буй хүмүүстэй зөрчилдөхийг огт хүссэнгүй. Тэр өөр лүүгээ гал дуудахаас маш их болгоомжиллоо. Тэр энэхүү ярилцлаганд " ёстой л орсон нэр зүүлээ". Тэр "ам нээсэнгүй".
Ц.ЭНХБАТ