ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 802 ГОМДЛЫГ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

2018-12-07  

Гэмт хэргийн шинжтэй нийт 802 гомдлыг шалгаж шийдвэрлэсэн, 199 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн. 411 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 309 гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 74 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлэжээ. Шийдвэрлэлт 99.1 хувьтай байна.  

Нийт шалгасан гомдол, мэдээллийн 57.9 хувь нь Улаанбаатар хотод, 42.1 хувь нь орон нутагт харьяалагдаж байна. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх онуудтай харьцуулахад шалгаж шийдвэрлэсэн өргөдөл гомдол мэдээлэл 236-аар буюу 29,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эрүүгийн 206 хэргийг шүүхэд шилжүүллээ

Авлигатай тэмцэх газар сүүлийн 2 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын 1163 үйлдэлтэй, 1126 холбогдогчтой, 1040 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Өмнөх онуудтай харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 628-өөр буюу 2.5 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 102-аар буюу 2 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 344-өөр буюу 4.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд 1 мөрдөгч 28.6 гомдол, мэдээлэл, 37.1 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 35.6 хувийг төрийн тусгай, 17.6 хувийг төрийн захиргааны, 14.6 хувийг иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 6.5 хувийг төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 13.8 хувийг төрийн улс төрийн, 11.9 хувийг төрийн үйлчилгээний албан тушаалтан эзэлж байна.

Хохирол нөхөн төлүүлэлт 8.5 дахин өссөн

2018 онд гэмт хэргийн улмаас 332.0 тэрбум  төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17.3 тэрбум  төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Мөн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 97.9 тэрбум  төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Түүнчлэн оффшор бүсээс 4,4 сая ам долларыг оруулж ирсэн үр дүнтэй ажилласан байна. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 262.3 тэрбум төгрөгөөр буюу 4,1 дахин,  хохирол нөхөн төлүүлэлт 8,5 дахин, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 8 дахин өссөн үзүүлэлттэй байна.

35 эрүүгийн хэрэгт 65 үйлдлийг шинээр илрүүлжээ

Улсын ерөнхий прокурорын тушаалаар Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгээр Хөгжлийн банк, оффшор бүс, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хууль бус олголт, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг хууль бусаар ашигласан, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн, Агаарын бохирдол, Стандарт банк, Оюутолгойн гэрээ, Монголбанкны зэрэг олон нийтийн анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  

Үүнээс гадна авлига албан тушаалын гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 35 эрүүгийн хэрэгт 65 үйлдлийг шинээр илрүүлэн ажиллажээ.

84 эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэлээ

2017 онд шүүхээр нийт 46 эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 оны эхний 11 сарын байдлаар нийт 84 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлээд байна.

Үүнд Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр,  Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ,  Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Б.Оюундэлгэр, НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга, Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар,   Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо, Баянгол дүүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх,  ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг төрийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлээд байна.

Авлигатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа  нь орон нутагт хийгдэх ажиллагаа нэлээд байдаг төдийгүй нутаг дэвсгэрийн харъяалалтай эрүүгийн хэргүүдэд газар дээр нь мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлага гардаг. Гэвч Авлигатай тэмцэх газрын одоогийн бүтцээр аймгуудад салбар, нэгж байдаггүй,  авлига, албан тушаалын гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргүүдээс шалгах хүрээ болон онцлогоос шалтгаалан санхүүгийн болон шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжилгээ хийх, гадаад улс орнуудад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд ажиллагаа явуулах, зарим хэргийн хамрах хүрээ нэмэгдэх, шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн авлигын эсрэг гэмт хэргүүд хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон зэрэг ачаалал бодитой нэмэгдсэн ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаар байна. 

АТГ өнөөдрийн байдлаар 4 улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, олон улсын 24 байгууллагатай санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх болон бусад чиглэлээр байнга хамтран ажиллаж байна. Мөрдөн шалгах хэлтсээс сүүлийн 2 жилийн байдлаар Эрх зүйн харилцан туслалцаа хүсэх мөрдөгчийн даалгаврыг 28 удаа бичиж 12 улсад хүргүүлж хариуг авч ажиллаж байна.

 

 

АТГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?