Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-д ирүүлсэн саналыг хүндэтгэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өөрийн саналаа эргүүлэн татаж авснаа албан бичгээр НИТХ-д мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалан НИТХ болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынханд танилцуулж, үүрэг гүйцэтгэгч томилж байгааг мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэхээр болж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагын багийнхан хотын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан хүндэтгэл үзүүллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.