ХОС ДУГУЙГ ВАГОНООС САЛГАЛГҮЙГЭЭР ЗОРДОГ БОЛЛОО

2018-12-12  

Улаанбаатар Вагон ашиглалтын депогийн ерөнхий инженер С.Бэхбаатар вагоны дугуйг салгаж авалгүйгээр вагон дор нь зордог төхөөрөмжийг бүтээсэн талаар  мэдээлж байсан.

Энэхүү шинэ төхөөрөмжийг “Дархан-2”-ын вагон засварын газарт энэ сарын 6-нд албан ёсоор хүлээлгэж өглөө. Арга хэмжээнд УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч дарга Н.А.Гук, Вагоны аж ахуйн албаны дарга, техникийн ухааны доктор Л.Болд, Улаанбаатар Вагон ашиглалтын депогийн дарга Б.Наранбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. Цаашид энэхүү зөөврийн төхөөрөмжийг нэмж үйлдвэрлээд Замын-Үүд, Айраг, Улаанбаатарын ТҮГ-уудад өгөхөөр төлөвлөж буйг Вагон ашиглалтын депогийн дарга дурьдсан бол Вагоны аж ахуйн албаны дарга, техникийн ухааны доктор Л.Болд “Өмнө нь хос дугуйд гэмтэл, элэгдэл гарлаа гэхэд заавал кранаар өргөж салгаад, гэмтэлтэй дугуйгаа Зүүнхараагийн вагон депогийн засварт ачиж хүргэдэг. Засуулаад буцаан авчирч мөн л вагоноо кранаар өргөж хос дугуйг угсардаг гэхчлэн зардал, цаг хугацаа их ордог. Одоо энэ төхөөрөмжийг санаачлан хийснээр хос дугуйг салгалгүйгээр ердөө гурван цагийн дотор л нэг дугуйг бүрэн зорж байна. Энэ нь хөрөнгө мөнгөний болоод цаг хугацааны маш их хэмнэлт юм. Цаашид нэмж үйлдвэрлэснээр вагоны сул зогсолтгүй болно гэсэн үг” гэв. Энэ үеэр Вагон ашиглалтын депогийн ерөнхий инженер, уг төхөөрөмжийг санаачилж бүтээсэн С.Бэхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

 
-Нэг жилийн өмнөөс хос дугуйг салгалгүйгээр зордог, хаана ч зөөвөрлөөд аваачиж болох төхөөрөмж бүтээх санаа төрсөн л дөө. Тэгээд Төв засварын үйлдвэрийн зохион бүтээгч инженер М.Бат-Эрдэнэд суурийг нь хийлгэх захиалга өгсөн юм. Харин тэд “Завгүй” гэж хугацаа алдаж явсаар өнгөрсөн аравдугаар сард хийж өгсөн. Дээд хэсгийг нь Зүүнхараагийн ШБАЗ-ын бригадад захиалга өгч хийлгэсэн. Дугуй зорогч машины гол удирдлага буюу тархи нь болж явдаг төхөөрөмжийг Эрээнээс худалдаж авсан. Энэ төхөөрөмж Монголд бол нэлээд үнэтэй юм билээ. Мөн моторт суулгасан, дугуй руу шахдаг хэсгийг Зүтгүүрийн депод захиалж хийлгэсэн. Үүнийг нь цаашид илүү сайжруулахгүй бол зөөлдөөд байна. 
 
-Шинэ бүтээлд хэдэн төгрөгийн зардал гарав?
 
-Ер нь, өртөг өндөртэй бүтсэн. Төв засварын үйлдвэрээр хийлгэсэн хэсэг арай үнэтэй буюу 4.9 сая төгрөг болсон байна лээ. Бид өөрсдөө ч мөнгө гаргасан, мотороо худалдаж авсан, хийцүүдээ захиалсан гээд нийт найм орчим сая төгрөг болсон. 
 
-Цаашид энэ төхөөрөмжийг нэмж бүтээх санаа бий байх. Харин зардал нь буурах боломжтой юу?
 
-Цаашид зардлаа багасгах боломж бий. Он гаргаад энэ төхөөрөмжөө нэмж хийнэ дээ. Шаардлагатай тоноглол, хийцүүдээ бусдаас худалдаж авна. Гэхдээ дараагийнхаа төхөөрөмжийн жинг багасгах, хүн өргөөд явж болохуйц хэд хэдэн хэсгээс бүрддэг, угсардаг байх гээд өөрчлөх олон санаа бий. 
 
-Хос дугуй зорогч төхөөрөмж хэдэн кг жинтэй болов?
 
-Нэг тал нь л 250, нийлээд 500 кг болоод байна. Үүнийг бид цаашид нэлээд багасгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
 
-Ямар ч вагоныг өргөж байгаад дугуйг нь зорчихно. Ачаатай байсан ч өргөнө. Энэ төхөөрөмжийн давуу тал нь юу вэ?
 
-Бид 25 мм-ээс доош орж элэгдсэн дугуйг зорж 26 мм-ээс дээш л болгох ёстой. Өөрөөр хэлбэл, вагоны дугуйд чирэг шаваас буюу өнхрөх гадар дээр гарсан гэмтлийг богино хугацаанд бүрэн зорж гэмтэлгүй болгоод тээвэрт нийлүүлэх боломж бүрдэж байна. Өртөө болон хоорондын замд чирэг шаваас аваад зогссон галт тэрэг рүү энэ төхөөрөмжийг машинаар авч очин дугуйг нь зороод явуулах боломжтой. Харин бид мотороо эргүүлэхийн тулд 380 гаргадаг цахилгаан үүсгүүр буюу генератор л авах шаардлагатай. Цахилгаан үүсгүүр гадуур ес орчим сая төгрөгийн үнэтэй байна лээ. Ингээд зөөврийн төхөөрөмжийн өртөг нийтдээ 18 орчим сая төгрөг болох байх.
 
-Гадаадаас ийм төрлийн төхөөрөмжийг худалдаж авбал хэр үнэтэй байдаг бол?
 
-Хамгийн хямд нь гэхэд л 18 мянган евро. Дээшээ 40 мянга хүртэл еврогийн үнэтэй юм байна. Интернэтээс хайгаад үзтэл ийм төхөөрөмжийг Эстон улсын Нарва хотод үйлдвэрлэдэг юм билээ гэв. 
 
Ийнхүү “Дархан-2”-ын засварын газар хос дугуйн гэмтэл, элэгдэл зорох явуулын төхөөрөмжтөй боллоо. Хүлээн авах арга хэмжээний үеэр удирдлагуудад уг төхөөрөмжөөрөө вагоны хос дугуйг салгалгүйгээр зорж үзүүлсэн юм.
 
 
 
Эх сурвалж : УБТЗ ХНХ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?